Хашгираан дундах ардчилал ба хагархай цонхны онол
Шинэ Үндсэн хуулийг баталснаас хойших 8 дахь удаагийн парламентийн эрх, үүрэг тун онцгой агаад амаргүй давааг туулж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байна.
Азийн цээжинд оршин буй ардчилсан Монгол Улс хөгжлийн төлөө саад бэрхшээлийг даван туулж, өнгөрсөн алдаа бүхнээ эргэцүүлэн, шинэчлэл өөрчлөлтийн төлөө эв санааны нэгдлийг эрэлхийлсэн цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж байна. Өнгөрсөн 30 жилийн тогтолцооны алдаа, эндэгдэл бугшиж, хөгжлийг гацааж, ирээдүйд итгэх итгэлээ алдаж хууль дээдлэх ёс алдагдаж хагархай цонхны онол шиг эмх замбараагүй шударга бус үйл хэвшил болж байгааг ард иргэд жагсаж цуглаж, зөвлөлдөх ардчилал цахим парламентаар дамжуулан илэрхийлж байна. Нийгмийн бухимдал оргилдоо хүрч байна. Хууль хэрэгжихгүй цонх хагарсаар… Энэ цаг үед ард түмний харах нүд, сонсох чих болж, шударга ёсны хүсэмжлэлийг гүйцэлдүүлэх төлөөлөх үүргийг хууль тогтоох дээд байгууллага Улсын Их хурал хүлээх ёстой. Ард түмний засаглах эрхийг Үндсэн хуулиараа тунхаглагсан боловч, дөрвөн жилд нэг удаа УИХ-ын гишүүнийг сонгох нь төрийн хэрэгт оролцсонд тооцож ирэв. Асар их баялаг, газар нутаг, өв соёл, үнэт зүйлтэй бид дэлхийн энтэй хөгжиж, дэвших ёстой юм. Авлига хээл хахууль гаарч, хариуцлага, ёс зүй алдагдсан өнөө цагийн нийгмийг бүтээчихээд хагархай цонхоор харж байжээ.
Хууль засаглах, хуулийг дээдлэх, мөрдөх мөн чанар ч хөсөр хаягдаж, дур зоргоороо “ардчилагчид” төрсөн. Ядуурал, ажилгүйдлийн эгнээ өдрөөс өдөрт тэлж, дээр нь халамж шүтэж, ар өврийн хаалгаар ахуй амьдралаа залгуулдаг болов. Улмаар үйлдвэрлэгч бус хэрэглэгч улс орон болж, уул уурхайн баялгийн хараал гээчид оров. Эдийн засгийн өсөлтийг эрх мэдэлтнүүдийн хэмжээлшгүй шунал тачаал нухчин дарсан нийгмийг өөрчлөхийн төлөөх ард түмний дуу хоолой хүчтэй түрж эхэллээ. Энэ өөрчлөлтийг манлайлагч нь хууль тогтоогчид буюу УИХ байх ёстой юм.
Ард түмний шударга ёсны хүсэмжлэлийг хангаж ил тод байдлыг бий болгож ард түмний хяналтанд оруулах нь авлига хээл хахуулийг таслах эх сурвалж юм
Ард түмний итгэж, сонгосон эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын өм цөмгүй цөмлөсөн эд баялгийн хулгай гэмт хэргүүдийг илрүүлэн, олон түмний шүүлтүүрт оруулж, шударга ёсны хүсэмжлэлийг гүйцэлдүүлэх ёстой. Шинэ Үндсэн хуулийг баталснаас хойших 8 дахь удаагийн парламентийн эрх, үүрэг тун онцгой агаад амаргүй давааг туулж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхээс гадна хуулийн биелэлтийн хяналт шалгалтыг бид “гартаа “ авлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ түүхэндээ Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан нь хууль тогтоох байгууллагын шинэчлэл төдийгүй парламентын хөгжлийг шинэ шатанд гаргав. Хөгжлийн банкны луйвар, “нүүрсний” гэх тодотголтой бүлэглэсэн хулгайг илрүүлэн эзэн холбогдогчдыг олон түмний өмнө гаргаж буй шат дараалсан нээлттэй сонсголууд нь өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг засах үндэс суурь болж байна.
Ард түмний шударга ёсны хүсэмжлэлийг хангаж ил тод байдлыг бий болгож ард түмний хяналтанд оруулах нь авлига хээл хахуулийг таслах эх сурвалж юм. Цаашид эд баялаг, эрх мэдлийн гаарсан хулгай луйвар тав алхалгүй илчлэгдэх учиртай нээлттэй хяналтын ард түмний хяналтын хэвтээ хариуцлагын тогтолцоог бий болгож байна. Энэ сайн цагийн салхийг эргүүлсэн эрх зүйн шинэчлэл бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд юм. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн харицлагыг дээшлүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн. Харин 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламент ёсыг бэхжүүлж, ард түмний засаглаж байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг улам баталгаажуулав. Эдгээр өөрчлөлтийн үр дүнг баталгаажуулан парламент шинэчлэлийн стартегиа тодорхойлохын зэрэгцээ ард түмний засаглах эрх мэдлийг төгөлдөржүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Хүний эрхийг дээдэлсэн жендэрийн мэдрэмжтэй, авлигыг үл тэвчигч, ёс зүй хариуцлагыг төлөвшүүлэхийн төлөөх парламентын эрх зүйн шинэчлэлийг тасралтгүй үргэлжлүүлж байна.
Цахим шилжилт “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох Шинэчлэлийн зорилт дэвшүүлсэн юм. Цахим засаглалын хөгжлийг УИХ тодорхойлох ёстой гэсэн байр суурийг баримталж, НӨАТ-ын буцаан олгох хувь хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, төрсний дараах эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар олон нийтийн саналыг авсан нь хууль тогтоох үйл ажиллагааны бодит шинэчлэл болж чадлаа. Энэ бүхний үндсэн дээр Монгол Улсын татварын бодлогын реформыг хийхээр ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэлийг буюу баялаг бүтээгчдээ дэмжиж, хамгаалсан, иргэддээ ээлтэй эрүүл татварын тогтолцоог энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд бүрдүүлэхээр ажиллаж байна.Татварын цогц рефомыг амжилттай хийх аваас эрчимтэй хөгжлийн эхлэл болно. Эргэх цагийн аясаар эвлэлдэн нэгдэж, хөгжиж дэвших нь гарцаагүй гэсэн гүн бат итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл зорилготой ард түмнийг төлөвшүүлэх нь парламентын шинэчлэлийн түүчээ байх болно.
Бүс нутгийн эдийн засгийн интеграцид, өөрсдийн өрсөлдөөнийг хэзээ эхлүүлэх вэ, бие даасан хараат бус байдлаа хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг дээрээ нэгдмэл байрь суурьтай болох цаг ирсэн
Өнөөгийн Монголын Ардчилал, гажуудлын үзэгдлээ даван туулж, алдаагаа засан, суурь реформуудыг эхлүүлэх нээлттэй сонсгол ил тод байдлыг бий болгож хэвтээ, босоо 3Д тэнхлэг дээр хариуцлагын тогтолцоо бүрдүүлж буй түүхэн цаг үедээ явааг сануулаад, өнөөгийн нийгмийн бухимдал, таагүй үзүүлэлтүүд, өнгөц харахад мухардал, ухралт мэт ч үнэндээ бол систем алдаагаа засч буй жам ёсны цэгцрэх хөдөлгөөн болж улс төр цэвэршиж хөгжлийн замдаа тууштай орно. Хэдий 30 гаруй жилийн ардчилалын түүхтэй ч хууль биш хүн төвтэй засаглал хүсэмжилсэн “гажуудал” төрийн тогтолцоонд байсаар ирснийг сүүлийн хоёр парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж засч чадсан. Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуулийг ч шинэчилж, жижиглэж хуваагдсан биш бүсчилсэн хөгжлийн суурийг тавих сонгуулийн том тойргуудыг хуульчилсан нь, “тоглоом”-ын шинэ дүрмийг баталсан гэсэн үг. Ард түмний хамгийн ихээр бухимдаж буй асуудал бол авлига. Авлигын эсрэг цогц хуулиудыг баталж, УИХ-ын хянан шалгах эрх мэдлийг хуульчлан баталгаажуулснаар, өнөөдөр Төрийн ордонд нээлттэйгээр томоохон хэмжээний авлигын хэргүүдийг сонсож, гажуудлыг нь хуульчлан зассаар байгаа нь цаашдаа урт хугацааны тогтвортой хөгжлийн сууриудын нэг болно.
Цаашид эдийн засгийн суурь реформуудыг хийх шаардлагатай, тэр дундаа нийтийн санхүүгийн шинэчлэл хойшлуулшгүй болсон. Манай төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудаж, дундаж давхаргыг бүрдүүлэгчид биш уул уурхайн хамааралтай хэт цөөнхийг дэмжсэн тэгш бус байгааг засах ёстой, тэгж байж хэрэглэгч биш бүтээгч үндэстэн болох бодит боломж үүснэ. Мөн монголчууд нүүдэлчид, мал аж ахуйн орон гэдгээ эргэн санаж, цаашилбал, үүнийгээ богино хугацааны давуу талаа болгож ХАА-н салбарт хүчтэй өрсөлдөгч болох маш өндөр чадамжтай. Бүс нутгийн онцлогоос болж тээвэрт шингэж буй асар өндөр өртөг, бүтээмж өндөртэй зах зээл томтой хөршүүд бол биднээс том “сорил” шаардсан эдийн засгийн загвар шийдлийг хүлээсээр байгаа. Ганц тулгуурт эдийн засагтай, хэт нэг орноос хамааралтай “хэрэглэгч” улс орон хэвээр явах нь, урт хугацаандаа томоохон бодит эрсдэлүүдийг бий болгоно. Үүнийг иргэн бүр ойлгож, бүс нутгийн эдийн засгийн интеграцид, өөрсдийн өрсөлдөөнийг хэзээ эхлүүлэх вэ, бие даасан хараат бус байдлаа хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг дээрээ нэгдмэл байрь суурьтай болох цаг ирсэн. Мөн экспортын орлого нэмэгдсэнээр, үүсэх эдийн засгийн томоохон энерцийг шингээх нөөц бололцоо хумигдмал байгааг анхаарах ёстой. Эдийн засгийн хүртээмжийг өрх бүрд хүргэхгүй бол суурь гажуудлууд гүнзгийрэх төлөвтэй байна.
Эцэст нь эмх замбараагүй юм шиг хөдөлгөөн бол нөгөө талаараа цэгцрэх хөдөлгөөн юм. Үүнийг ашиглах гэсэн “ужиг” хүсэл сонирхлууд идэвхтэй, бас хүчтэй үйл ажиллагаануудыг явуулсаар буй ч, урт хугацаандаа шинэчлэлийн энерцийг тогтоож дийлэхгүй гэж харж байгаа. Хагархай цонхны онол шиг далд хэлбэрт ужгирч байсан ардчиллын гажуудлууд одоо ил тод болж, нийгэмд эмх цэгцгүй мэт нөлөө үзүүлж байгаа ч, үүнээс үүдэлтэйгээр бид парламентийн засаглалынхаа давуу байдлыг ашиглан их зөвшилцөл дор хуулийн хүчтэй засаглалынхаа суурийг зөв тавьсан он жилүүдийг туулж байна. Төр иргэний сульдсан итгэлцэл, нийгмийн ёс суртахууны доройтол, цаг үеийн гадаад болон дотоод сорилтууд бодит ч, цаашдаа алдаагаа зассан, ардчилал бэхжсэн, хүний эрх эрх чөлөө баталгаажсан, хүчирхэг дундаж давхарга бүхий иргэдтэй, ил тод нээлттэй засаглал бүхий хөгжингүй улс болох боломж ойрхон бий. Цаг хугацаанаас өөр бодит хэмжүүр байхгүй тул хуулийн эко систем бүрдүүлж чадсан эсэхийг ойрын жилүүд тодотгох учиртай. Эргэх цагийн аясаар эвлэлдэн нэгдэж, хөгжиж дэвших нь гарцаагүй гэсэн гүн бат итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл зорилготой ард түмнийг төлөвшүүлэх нь парламентын шинэчлэлийн түүчээ байх болно. Хагархай цонхуудыг шиллэж эхэлснээр цэгцрэх хөдөлгөөн хөгжил болж дэвших болно.
Английн “The Economist” сэтгүүлийн “Дэлхий 2024 онд” тусгай дугаараас.
Онцгой эрхийг эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл