Хиймэл оюуныг ашиглах хурд, ур чадвараар өрсөлдөх цаг айсуй

B Shurenchimeg
2026-03-20 12:09:22

Хүн төрөлхтөн хиймэл оюунтай “танилц”-аад хэдхэн жил өнгөрөхөд дэлхийн хөдөлмөрийн зах зээл, ажилтнуудын бүтээмж, иргэдийн орлогын бүтэц ихээхэн өөрчлөгдөж эхэллээ. 2025 оны эцсийн байдлаар дэлхийн хөдөлмөрийн насны хүн амын ойролцоогоор 16 хувь нь сар бүр хиймэл оюун ашиглаж байна гэсэн судалгааг Microsoft Corporation гаргажээ. 

Энэ нь технологийн түүхэнд ховор тохиох хурдацтай тархалт аж. Microsoft-ийн судлаачдын тооцоолсноор хиймэл оюуны хөгжүүлэлтээр АНУ, Хятад тэргүүлж байгаа бол Энэтхэг, Бразил, Индонез зэрэг хөгжиж буй орнуудын хэрэглээ илүү хурдтай өсөж, зарим тохиолдолд өндөр орлоготой орнуудыг гүйцэж түрүүлж эхэлжээ.

Хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эдийн засагт үзүүлэх нөлөө нь улам нэмэгдэж байна.  “PwC”-ийн тооцооллоор 2030 он гэхэд хиймэл оюун дэлхийн ДНБ-д 15.7 их наяд ам.долларын нэмүү өртөг бий болгох боломжтой бөгөөд өсөлтийн гол хөдөлгөгч нь хөдөлмөрийн бүтээмж аж.

Гэхдээ хиймэл оюуны нөлөө зөвхөн бизнесийн ашиг, орлогын тэлэлтээр хязгаарлагдахгүй, ажиллах хүчний үнэ цэн, цалин хөлсний бүтцэд ч бодит өөрчлөлт оруулна.

“PwC”-ийн 2025 оны “Global AI Jobs Barometer” тайлангаас харахад хиймэл оюун нь ажилтнуудыг орлох бус, илүү үнэ цэнтэй болгож байгаа аж. Тус байгууллага зургаан тивийг хамарсан бараг нэг тэрбум ажлын зарын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ажлын байр, ур чадвар, цалин хөлсөнд хиймэл оюуны үзүүлэх нөлөөг судалжээ. Тус судалгаагаар хиймэл оюун нэвтэрсэн салбаруудад бүтээмжээс гадна, ажиллах хүчний үнэлгээ давхар өссөн үр дүн ажиглагдсан байна.

Тодруулбал, хиймэл оюуныг илүүтэй нэвтрүүлсэн, ашигладаг салбаруудад ажилтнуудын цалин хөлс хоёр дахин хурдтай нэмэгдэж байгаа бөгөөд автоматжуулалт шаардсан ажлын байрнуудад ч цалин өсөх хандлага ажиглагджээ. Энэ нь хиймэл оюун хүний хөдөлмөрийг орлох бус, илүү бүтээмжтэй, үнэ цэнтэй болгож байгааг харуулж байгаа юм. 

Гэхдээ энэ өөрчлөлт бүх ажилтанд ижил тэгш боломж авчрахгүй бөгөөд ур чадварын шаардлага огцом өөрчлөгдөж байна. Хиймэл оюуны хэрэглээнд өртсөн ажлын байрны ур чадварын өөрчлөлт бусад ажлын байрнаас 66 хувиар хурдан, өнгөрсөн жилээс 2.5 дахин эрчимжсэн байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр эзэмшсэн мэдлэг маргааш хангалтгүй болох эрсдэл бодит болсон гэсэн үг. Тиймээс хүмүүс хиймэл оюуныг ашиглаж сурах хурд, ур чадвараар хоорондоо өрсөлдөх үе эхэлж байна. 

B Shurenchimeg