Хилийн гадна байгаа иргэдээ ойшоодоггүй төр байж болохгүй

Дэнсмаа
2022-07-05 13:16:47
Ангилал: Uncategorized @mn

Монгол Улсын иргэд хаана амьдарч байгаагаас үл хамааран эрхээ хамгаалуулах, төрийн үйлчилгээ авах эрхтэй. Цар тахал дэгдсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаадад амьдарч буй иргэд төрийн үйлчилгээ авах нь битгий хэл эх орондоо ирэх боломжгүй болсон. Богино хугацаагаар хилийн чанад руу зорчсон иргэд ч тухайн орондоо олон хоног гацаж, санхүү болон эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирсон.

Монгол хүний үндсэн эрх хилийн чанадад энэ мэтчилэн зөрчигдөж байгаа зайлшгүй шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудлуудын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Хилийн Чанад дахь Монголчуудын Нэгдсэн Чуулга Уулзалт”-ын салбар зөвлөгөөн болох “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөний үеэр хэлэлцлээ. 

Мөн гадаадаас чуулганыг зорин ирсэн монголчууд сонгууль өгөх нөхцөл боломж хангагдаагүй, гадаадад төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад хүндрэл үүсдэг зэрэг олон асуудлыг хөндсөн.

Тус салбар зөвлөгөөний талаар Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл (ХЧДМЗ)-ийн Нийгмийн бодлогын хорооны зөвлөх, Дэлхийн Монгол эмэгтэйчүүдийн хүмүүнлэгийн академи НҮТББ-ын ерөнхийлөгч, Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын тэргүүн Д.Амараатай ярилцлаа. 

-Салбар зөвлөгөөний үеэр хөндөж ярьсан хамгийн чухал санал санаачилга юу байв? 

-Хилийн чанадад 194 мянган монголчууд амьдарч байгаа статистик байна. АНУ-д  40 мянга орчим, Европын холбооны орнуудад 50 мянга орчим, Солонгост 40 мянга зэргээр олонх нь энэ гурван улсад амьдарч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван аймгийн хэмжээтэй тэнцэхмонголчууд гадаадад байна гэж ойлгож болно. Гэтэл тэд сонгуулиа өгч чадахгүй, цар тахал, үндэстэн дамнасан томоохон асуудал тулгарсан үед эх орондоо ирж чадахгүй байж болохгүй шүү дээ.

Цар тахлын үеэр хүнд өвчтэй хүүхдээ эмчлүүлэхээр Турк улсыг зорьсон Монгол иргэн 16 сая төгрөг зарцуулж эх орондоо ирэх шаардлагатай болсон талаараа зөвлөгөөний үеэр ярьж байлаа. Энэ нь аливаа асуудлын үед Монгол Улс ямар ч бэлтгэлгүй байгааг харуулсан. 

Бид салбар зөвлөгөөндөө зарим яамдын сайд болон шийдвэр гаргах түвшний олон хүнийг урьсан боловч ирээгүй. Үнэхээр харамсалтай байна. ГХЯ-ны зарим мэргэжилтнүүд болон ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дарга ирсэн. Бид цахим гарын үсэг болон бусад нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт тавиад байна. 

-Хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн хэдэн хувь нь татвар төлж байна вэ? Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг тэр бүр төлөхгүй байгаа нь тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын үйлчилгээ авахад нь хүндрэл үүсгэж байна уу?.

-Шилжилт хөдөлгөөний олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар болон Дэлхийн банкны мэдээгээр хилийн чанад дахь монголчууд 2019 онд 574 сая доллар банкаар гуйвуулсан байна. Хувь хүнээр, эсвэл бусад аргаар илгээсэн мөнгийг тооцвол Монгол улсын ДНБ-ий 10 хувьтай тэмцэх хэмжээний валютын урсгалыг бий болгосон. Маш их хичээл зүтгэлийнх нь хөлс эх оронд минь ирж байна гэсэн үг. Харин хилийн чанад дахь монголчууд нийгмийн даатгал тэр бүр хүртээмжтэй төлж чадахгүй байгаа нь мэдээлэл хомс байгаатай холбоотой гэж бид үзэж байна. Мэдээлэл сурталчилгааг хүртээмжтэй хийх асуудалд улс анхаарч  тодорхой төсөв гаргаж өгвөл хилийн чанад дахь монголчуудын 140 гаруй байгууллага сурталчилж, мэдээлэл хийх боломжтой. Ганцхан бодлого, сэтгэл хэрэгтэй байна.

Монгол Улс 2000-2010 он хүртэл гадаадад ажиллаж байгаа иргэдээ улсад ажилласанд тооцож, нийгмийн даатгалыг дүйцүүлэх тухай хуулийг 2012 онд баталсан байдаг. Гэхдээ энэ үед хилийн чанадад харьцангуй цөөхөн монголчууд байсан. 2010 оноос хойш гадаад дахь монголчуудын тоо нэмэгдэж, Монгол руу чиглэсэн валютын урсгал ч өссөн. Тиймээс гадаадад арваас дээш жил амьдарсан иргэддээ зориулсан төрийн уян хатан бодлого үгүйлэгдэж байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна. 

ЭМД-ын хувь ч ялгаагүй. Би улсын эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авах гэтэл дөрвөн жилээр эрүүл мэндийн даатгалаа төлөх шаардлагатай болсон. Гурван жилд нь би Монголд байгаагүй гэдгээ учирлахад та төлөх ёстой гэсэн хариулт өгсөн. Энэ нь гадаадад амьдарч байгаа болон гадаадаас ирж байгаа иргэдэд чиглэсэн хуулийн зохицуулалт байхгүйг л харуулж байна. 

-Салбар зөвлөгөөний үеэр хөндөгдсөн бас нэг чухал сэдэв бол давхар иргэншлийн асуудал. Гадаадад төрсөн хүүхэд аль улсын иргэн байх эсэхээ өөрөө шийдэх эрхтэй гэсэн хуулийн зохицуулалт хэрэгжиж байгаа. Энэ зохицуулалтад шүүмжлэлтэй хандаж байгаа хүн цөөнгүй байгаа ажиглагдсан. 

-Монгол ээжээс төрсөн хүүхдүүд Монгол Улсад ирэхдээ виз авах шаардлага  байгаа нь асуудал болж байна. Насанд хүрсэн хүний хувьд өөр асуудал. Эмээ өвөө дээрээ ирсэн хүүхэд визнийхээ хугацаанд Монголоос гарах ёстой болж байгаа юм. Хоёр иргэншлийн асуудлыг сүүлийн гурван чуулган дамжуулан ярьж байна. Хамгийн гол нь хүүхдийн эрх зөрчигдөж болохгүй шүү дээ. Эмийн сан гэхэд л хүүхдийн овгийг хараад гадаад аавтай бол бид хөнгөлөлттэй эмээр үйлчлэхгүй гэж байна. Энэ мэт хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа олон асуудал бий. 

Монгол хүнтэй гэр бүл болсон гадаад иргэнийг Монгол Улсад оршин суух болоход дансны хуулга, үл хөдлөх, өмч хөрөнгийн мэдүүлгээ гаргаж өгөхийг ГИХА-аас шаардаж байна. Энэ бол хүний эрхэнд халдсан асуудал шүү дээ. Тиймээс хуулийн зохицуулалт хэрэгтэй. Эдгээр болон бусад асуудлыг бид зөвлөмждөө тусгасан. 

-Энэ оны зургаадугаар сарын байдлаар хулгайн хэргээр Монгол Улсын 19 иргэн хилийн чанадад ял эдэлж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад олон улсад монгол хүний үнэлэмж доогуур байгаа талаар зөвлөгөөний үеэр яригдлаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? 

-Зарим улсын гадаадын иргэн харьяатын алба Монголын иргэн гэхээр илүү нарийн шалгах, хилийн шалган нэвтрүүлэх дээр удаан хүлээлгэх, зарим үйлчилгээний газрууд үйлчлэхээс татгалзах гэх мэт асуудал байна. Энэ нь нэг талаар тухай улсын хууль дүрмийг дагаж мөрдөхгүй байгаа иргэдийн буруутай үйлдэлтэй холбоотой. Нөгөө талаар иргэдэд нарийн мэдээлэл өгөх шаардлага ч бас байгаа юм. 

Хэрэг зөрчилд холбогдсон зарим тохиолдолд  хилс хэрэгт буруутсан иргэд байхыг үгүйсгэхгүй. Тэдэнд хүрч үйлчлэх боломж хомс байна. Хилийн гадна байгаа иргэдээ ойшоодоггүй төр байж болохгүй.Туркт 15 орчим мянган монгол хүн амьдарч байхад консулын газарт нь гуравхан хүн ажиллаж байна шүү дээ. Тиймээ монголчуудын эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх тал дээр гадаадад байгаа монголчуудын байгууллагуудыг татан оролцуулах шаардлагатай байна. 

Эцэст нь хэлэхэд гадаадад амьдарч байгаа хүн бүр манай байгууллагатай холбогдох асуудал нээлттэй. Чуулганы үеэр ХЧДМЗ НҮТББ-ын гишүүнээр элсүүлэн авах ажил зохион байгуулагдаж байна. Цаашлаад бид монголчуудынхаа эрхийг хамгаалах тал дээр төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар олон ажил төлөвлөөд байна.

Дэнсмаа