Хоосорч буй дотоод нөөц, нэмэгдэж буй гадаад хүч

B Shurenchimeg
2026-04-22 15:13:36

Ажилгүйдэл, хүний нөөцийн хомсдол хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж байгаа нь том зургаараа Монгол Улсын эдийн засаг, цаашлаад ирээдүй хойч үеийг хамгийн ихээр түгшээж буй асуудлын нэг боллоо. Нэг талаас ажил хайж буй залуусын тоо буурахгүй байгаа бол нөгөө талд ажлын байрны тодорхой хэсгийг гадаад ажиллах хүчээр нөхөж байна. 

Дэлхийн Банкны мэдээллээр 2024 онд Монгол Улсын 15-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 13.8 хувьд хүрч өссөн нь хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж буй залуусын хувьд боломж хумигдаж байгааг илтгэнэ. Үүнийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл баталж байгаа бөгөөд 2024 онд бүртгэлтэй ажилгүй иргэдийн дунд 15-34 насныхны ажилгүйдэл хамгийн өндөр байгаа нь боловсрол эзэмшсэн ч тогтвортой ажлын байр олж чадахгүй байгаа залуу үе тэлж байгааг харуулж байна. Үүнийг  “ажлын байр байхгүй” гэсэн шалтгаанаар тайлбарлаж болохгүй.

Учир нь Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн тоо тогтвортой өсөж, 2024 онд 8000 гаруй байсан бол 2026 оны эхний улиралд 11.8 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 19.7 хувь, 2024 оноос бараг 50 хувиар нэмэгдсэн.

Энэ өсөлтийг задлан харвал зөвхөн энгийн хөдөлмөр бус, мэргэжлийн ур чадвар шаардсан ажлын байрыг ч гадаад ажилтнуудаар нөхөж буй нь анзаарагдана. Тухайлбал, 3.8 мянга нь мэргэжилтэн, 3.4 мянга нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн, 1.8 мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 1.2 мянга нь машин механизмын оператор, угсрагчаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлд зөвхөн ажиллах хүчний тоо бус, ур чадварын нийцэл (skills mismatch) алдагдаж, эдийн засгийн тодорхой салбаруудд гадаадын хүний нөөцөөс шууд хамаарах хандлага руу шилжиж байна.

Монгол Улсад оршин сууж буй гадаад иргэдийн бүтэц ч анхаарал татна. 2024 оны байдлаар 132 улсын 32,543 гадаадын иргэн албан болон хувийн шалтгаанаар оршин сууж байгаагаас БНХАУ-ын 17,849, ОХУ-ын 4,424, БНСУ-ын 1,776, АНУ-ын 1,511 иргэд байна. Энэ нь эдийн засгийн тодорхой салбарууд гадаад ажиллах хүч, хөрөнгө, технологитой шууд холбогдож байгааг илтгэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл дотооддоо хүний нөөцөө хангаж чадахгүй байгааг давхар харуулж буй хэрэг юм.

Оюуны дайжилт

Нөгөө талд, дотооддоо хангалтгүй байгаа энэ хүний нөөц гадагшаа “урсаж” буй нь илүү ноцтой асуудал болж хувирчээ. 2023 оны байдлаар ойролцоогоор 210 мянга орчим буюу нийт хүн амын 6.1 хувь нь гадаадад оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа нь Монгол Улс хүн амынхаа хөдөлмөрийн насны идэвхтэй хэсгээ алдсаныг харуулна. 

 

Судалгаагаар гадагш шилжилтийн гол шалтгаан нь илүү өндөр орлого, илүү чанартай амьдралын орчин, боловсролын боломж бөгөөд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (IOM) 2023 оны судалгаанд дурдсанаар гадагш гарч буй иргэдийн 46.7 хувь нь боловсролын зорилгоор явж, улмаар тухайн улсдаа удаан хугацаанд суурьших хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, түр хугацааны шилжилт байхаа больж, байнгын “оюуны дайжилт” болон хувирч байна.

Энэ урсгалын хамгийн тод жишээ нь БНСУ-д оршин сууж буй 55 мянга орчим монгол иргэд бөгөөд тэдний 18 мянга буюу 34.5 хувь нь хууль бусаар амьдарч буй. Түүнчлэн үүн дээр 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүнг нэмбэл гадаадад амьдарч буй 10 монгол хүн тутмын ес нь хөдөлмөрийн насных байгаа нь Монгол Улс ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэтгэх ёстой гол хүний нөөцөө алдаж буйг улам тодотгож байна. 

Энэ бүгдээс харахад Монголын хөдөлмөрийн зах зээлд гурван зэрэгцээ урсгал үүсжээ. Тодруулбал, дотоодод ажилгүйдэл өсөж, тодорхой ур чадварын ажлын байр гадаад ажиллах хүчээр нөхөгдөж, харин дотоодын чадварлаг иргэд гадагш шилжиж байна. Энэ нь зөвхөн хөдөлмөрийн зах зээлийн асуудал бус, урт хугацаандаа эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадварт шууд нөлөөлөх юм. Ийм нөхцөлд дэлхийн өнцөг булан бүрд тархан суурьшсан монгол диаспорын нөөц боломжийг зөв ашиглах шаардлага улам бүр нэмэгдсээр байна. 

B Shurenchimeg