Хормузын хоолой дэлхийн худалдааны эмзэг зангилаа цэг боллоо

Mongolian Economy
2026-03-30 14:28:40
Ангилал: Олон улс

“Стратегийн таван түлхүүр дэлхий дахиныг түгжиж байдаг юм” хэмээн Их Британийн адмирал Сэр Жэки Фишер (1841-1920) өгүүлжээ. Тэрбээр нэн чухал таван усан замын тухай өгүүлсэн нь энэ байв. Тэд бол Сингапур, Кэйптаун, Александриа, Гибралтар, Довер юм. Өнөөдөр энэ тав дээр Хормуз хэмээх жижиг арал болон түүний нэрээр нэрлэгдсэн хоолойг нэмж болохоор болжээ. Арабын булангаас гарах цорын ганц усан зам болох уг нарийхан сувгийн түлхүүрийг Иран улс эргүүлэн дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тавны нэг хувийг “түгжиж” орхив. Үүнийг дагаад дэлхийн улс орнуудын эдийн засаг хөдөлгөөнд орж эхэллээ. Гэхдээ Хормуз бол маш олон хэмжүүрээр дэлхийн хамгийн чухал усан зам биш юм.

Худалдаа арилжааны урсгалаа хамгаалах эртний онол сүүлийн жилүүдэд гэнэт моодонд орж буйн нэг дохио нь Хормузын хоолой болов. “Усан замын тээвэр нь асар үнэ цэнтэй бөгөөд хамгаалах ёстой гэдгийг хүмүүс саяхнаас л ухаарч эхэлж байна” гэж Centre for Maritime Strategy хэмээх Америкийн тинк-танкийн Стивен Виллс өгүүлэв. Хийн хоолой, ачаа тээврийн машин, галт тэрэг, ачааны нисэх онгоцоор дүүрсэн өнөөгийн дэлхийд усан онгоц нь дэлхийн нийт экспортын хэмжээний 85 хувийг тээвэрлэсээр байна. Харин тээвэрлэж буй барааны үнэ цэнээр авч үзвэл 55 хувийг эзэлнэ. Учир нь далайгаар тээвэрлэж буй нүүрс зэрэг таваартай харьцуулбал онгоцоор тээвэрлэж буй алт, гар утасны үнэлгээ хавьгүй өндөр билээ. Харин одоо тэрхүү арилжааны зам шинэ аюулд өртөж эхлээд байна.

Тэрхүү аюулыг бодитой болгож байгаа эхний шалтгаан нь зэвсэгт бүлэглэлүүдийг усан замын тээвэр руу дайрах боломж олгож байгаа хямд технологи юм. Баб Аль-Мандабын хоолойгоор дамжин Ази, Европын хооронд аялдаг арилжааны усан онгоцууд эртнээс Сомалийн далайн дээрэмчид хэмээх “аюул”-тай тулгарч байв. Гэтэл 2023-25 оны хооронд Йемен дэх Хути зэвсэгт бүлэглэл дрон, пуужин ашиглан усан онгоцууд руу довтлох болжээ. Ийм эрсдэлтэй тулгарахаас эмээсэн олон усан онгоц Африкийг тойрох болсон. Дэлхийн худалдааны ес орчим хувь дайрч өнгөрдөг байсан уг хоолойгоор өдгөө ердөө дөрвөн хувь дамжиж буй бөгөөд Ираныг дэмжигч Хути бүлэглэл дайралтаа сэргээвэл энэ тоо улам буурна.

Олон улсын худалдааны эмзэг зангилаа цэгүүд

Эх сурвалж: Global Maritime Traffic

Хоёр дахь шалтгаан бол ойролцоох тэнгисүүдэд явагдаж буй дайн, зэвсэгт мөргөлдөөн юм. Украин руу ОХУ халдан довтолсны дараа Хар тэнгисээр дамждаг улаан буудай, тос болон бусад таваарын урсгал эрс өөрчлөгдсөн. Энэ дайн нь Босфор, Дарданеллийн хоолойг хянах нь геополитикийн хувьд Туркт ямар чухал болохыг тодотгон харуулсан. Ираны эсрэг хийж буй Америк болон Израилын дайн Арабын буланд улам их үймээнийг дэгдээв. Магадгүй усан замтай холбоотой хамгийн хөнөөлт дайн нь Америк, Хятадын хооронд магадгүй Тайванийг оролцуулан өрнөж магадгүй юм. Ийм сөргөлдөөн нь дэлхийн худалдааны замыг Дэлхийн I, II дайнаас хойш үзэгдээгүй ихээр хаагдаж, тасалдахад хүргэнэ. Саяхан Америкийн шумбагч онгоц Ираны байлдааны усан онгоцыг живүүлсэн нь АНУ-ын хувьд 1945 оноос хойш хийгээгүй дайралт болсон билээ.

Өөр нэг шалтгаан бол уур амьсгалын өөрчлөлт юм. Панамын сувгийг ашиглах усан онгоцны тоонд гангийн улмаас сүүлийн жилүүдэд байнга хязгаар тогтоох болсноор зарим усан онгоц Кэйп хорноор тойрч явахаас өөр аргагүй болсон. Түүнчлэн хойд туйлын мөс хайлж буй нь усан замын тээврийн шинэ гарц, замыг нээх бөгөөд ингэснээр Берингийн хоолой зэрэг асар чухал “зангилаа” үүсэж магадгүй. Панамын суваг, Грийнландыг эзэмшилдээ авах шалтгааны тоонд АНУ-ын эргэн тойрон дахь усан замыг хамгаалах явдал орно гэж тус улсын ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэж байснаас харахад усан замын чиглэл, гарц, боомтууд болон тэдгээрийг хаах, нээх эрх мэдэл нь цаашид геополитикийн давуу тал болохыг харуулж байгаа юм.

Усан замын тээврийн зангилаа нь эрт цагаас ач холбогдолтой байсаар ирсэн. Нийтийн тооллын өмнөх V зуунд дэгдсэн Пелопоннесийн дайны үеэр спартачууд Дарданеллийн хоолойг эзэлж, Хар тэнгисээс ирэх улаан буудайн тээвэрлэлтийг зогсоосноор өлсгөлөн афинчуудыг буулгаж авч байв. Дэлхийн I дайны үеэр Британи тэргүүтэй холбоотнууд тус сувгийг эзлэх замаар Оттоманы эзэнт гүрнийг ялахыг оролдсон ч Галлиполигийн дайралт нь бүтэлгүйтсэн билээ.

Сүүлийн нэг сарын дайнаас харахад нисэх онгоц, пуужин, хиймэл дагуул, дроны энэ үед ч газар зүй нэн чухал гэдэг нь тодорхой болов.

Усан замын тээвэр нь Азийн улсууд руу түүхий эд хүргэх, тэндээс бэлэн бүтээгдэхүүнийг бусад улс руу тээвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрийн тоонд Тайваний хоолой, Малаккагийн хоолой зэрэг багтана. Үүн дээр Европ дахь Гибралтар, Английн суваг, Каттегат, Скагеррак, Балтийн болон Умард тэнгисийг холбодог Оресундыг нэмэх ёстой. Суэцийн болон Панамын суваг нь дэндүү ашигтай дөт зам учраас л бүхэл бүтэн тивийг нүхлэн барьж байгуулсан билээ. Харин Хормузын хоолой бол Ази, Европыг эрчим хүчээр хангах суваг юм. Хэдий тус хоолой нь дэлхийн хамгийн завгүй, эсвэл хамгийн их газрын тос тээвэрлэдэг хоолой биш боловч Арабын булангаас гарах цорын ганц гарц учраас ихээхэн чухалд тооцогдож байна. Данийн болон Туркийн хоолой нь ч тэнгис рүү гарах ганц зам учраас мөн ач холбогдолтой билээ.

Дэлхийн худалдаа, арилжааны тээвэрлэлтэд үүсэж буй эдгээр өөрчлөлтөөс шалтгаалж маш олон улс сул талаа бууруулах, ханган нийлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, өөрчлөх, шинэ дэд бүтэц барих зэрэгт ихээхэн хүчин чармайлт хаяна. Гэхдээ тэдгээрийн үр дүн гарахад нэг бус нэлээд хэдэн жил шаардагдах нь гарцаагүй.

Эх сурвалж: Economist

Mongolian Economy