Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2021 он Улаанбаатар хотын хувьд шинэ эргэлтийн жил байсныг тодотгов. Учир нь өнгөрсөн онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг тодорхойлж, цахим шинэчлэлийг эрчимжүүлж, хүнд суртлын үүр уурхай болох тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Цар тахлын улмаас дэлхий даяар бүтээн байгуулалтын төслүүд зогсож, хүнд хохирол амссан хэдий ч нийслэлээс хотын бүтээн байгуулалтуудыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлжээ. Ялангуяа боловсрол, авто зам, газар чөлөөлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлд түлхүү анхаарсан байна.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 350 байршлын газрын зөрчлийг арилгаж, 30201 м.кв талбайд тохижилт хийх боломж бүрдүүлжээ.
Мөн хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг 1000 шахам чингэлэг, зөөврийн байгууламжийн газрыг чөлөөлсөн нь өнгөрсөн оны онцлох ажлуудын нэг байсан юм.
Төрийн үйлчилгээг цахимжуулж, ил тод, нээлттэй байх болгоход хамгийн том ахиц гарсан жил нь ч 2021 он байв. Тодруулбал, авлига, хүнд суртлын эрсдэл хамгийн өндөртэйд тооцогддог газрын харилцаатай холбоотой 32 нэр төрлийн үйлчилгээг цахим хувилбарт шилжүүлжээ.
Мөн боловсролын хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын найман сургууль, 23 цэцэрлэг, нэг сургуулийн өргөтгөл, дөрвөн цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заал, нэг насан туршийн боловсролын төв, нэг дотуур байрыг ашиглалтад оруулсан байна.
Шинэ хууль-хөгжлийн гараа
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдах 19 хууль, тогтоолын хамт 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь нийслэлийн хувьд 2021 оны онцлох үйл явдал байв. Өнгөрсөн оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-аар баталсан эл хууль нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн хотын удирдлагууд онцолсон юм. Улаанбаатар хотын хөгжлийг дэмжсэн энэхүү түүхэн үйл явдал орон нутагт тодорхой эрх мэдлийг олгож, хот бие даан гадаадын хөрөнгө оруулалт татах, бонд, үнэт цаас гаргах боломжийг бүрдүүлсэн.
Улаанбаатарчууд эрх зүйн байдлын тухай хуультай болсноор уг хууль болон “Алсын хараа” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Хотын хөгжлийн ирэх 20 жилийн өнгө төрхийг иргэдийнхээ саналд тулгуурлан ийнхүү төлөвлөсөн нь өнгөрсөн оны томоохон ажлуудын нэг.
Төлөвлөгөөг боловсруулахад 32 мянган иргэн цаасан болон цахим хэлбэрээр санал өгчээ.
Иргэдийн саналыг нэгтгэхэд авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэцэрлэгийн хүртээмж, цар тахал, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд тэргүүлсэн байна. Эдгээр саналд үндэслэн 2040 он гэхэд Улаанбаатар хотыг суурьшил, үйлдвэр, ногоон байгууламж, тусгай бүс гэсэн хот байгуулалтын үндсэн бүтэцтэй, төвлөрсөн болон хэсэгчилсэн хангамжтай олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Түгжрэлээс ангижрах төлөвлөгөө
Хотын хөгжлийн ирэх 20 жилийн ерөнхий төлөвлөлт чухал ч нийслэлчүүдийн бухимдлын гол шалтгаан болсон түгжрэлийг ойрын хугацаанд яаралтай шийдэх нь хамгийн тулгамдсан асуудал юм. Энэ оны төсөвт нийслэлийн түгжрэлийг бууруулахад анх удаа 420 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан. Өмнө нь замын түгжрэлд жилд дунджаар улсын төсвөөс 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байжээ.
Өнгөрсөн хугацаанд хотын түгжрэлийн талаар судалгааг хангалттай хийсэн. Одоо гол нь бодит ажил хэрэгжүүлэх л үлдээд байна. Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг.
Авто замын сүлжээ 19 хувиар нэмэгдсэн байхад автомашины тоо 300 хувь өссөн.
Ирэх гурван жилд Улаанбаатар хотод зорчиж буй машины тоо жил тутамд 80 мянгаар өсөж, тээврийн хэрэгслийн тоо 700 мянгаас нэг саяд хүрэх тооцоо гарсан. Энэ байдлаараа хоёр жилийн дараа хотын авто замын хөдөлгөөн тэг зогсолтод хүрэх эрсдэлтэй.
Харин түгжрэлийн өртгийг тооцож үзэхэд, 2020 оны байдлаар 2.7 их наяд төгрөг буюу нэг тэрбум орчим ам.долларыг шууд болон шууд бусаар түгжрэлд зарцуулсан байна. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл таван жилийн дараа 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд хийсгэнэ.
Иймд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах таван багц, 176 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ирэх гурван жилд 1.2 их наяд төгрөгийг түгжрэлийг бууруулахад зарцуулах бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг гудамж, замын сүлжээг нэмэгдүүлэхэд, 18 хувийг нийтийн тээврийн системийг хөгжүүлэхэд, таван хувийг тээврийн ухаалаг систем болон Богдхан төмөр замын сүлжээг бүтээн байгуулахад зарцуулах юм.
Түгжрэлийг бууруулах хамгийн бодитой алхмуудын нэг нь нийтийн тээврийн хөгжүүлэх. Автобус, такси, хувийн машинаас өөр хөл дүүжлэх сонголтгүй нийслэлчүүдийн хувьд нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах шаардлага зүй ёсоор гарч ирж буйг хотын удирдлага анзаарч, бодитой алхам хийхээр шийдсэн нь сайшаалтай.
Тодруулбал, ойрын гурван жилд нийт автобусны 75 хувьд нь парк шинэчлэлт хийнэ. Энэ хүрээнд их багтаамжит тээврийн хэрэгслийн эхний шугамыг гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Зөвхөн энэ онд гэхэд 500 автобусны парк шинэчлэл хийнэ.
Үүний үр дүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоог 25 хувиар нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг 15-20 хувиар бууруулах боломж бүрдэх юм. Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын сүлжээний 194 км замыг гурван жилийн хугацаанд 60 км-ээр нэмэгдүүлэх аж. Мөн Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх, хотын дэд төвүүд, хаяа, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх ажлуудыг ч үе шаттай хэрэгжүүлнэ.
Түгжрэл үүсгэж буй өөр нэг шалтгаан нь хотын төвд, нэг дор төвлөрсөн төр, захиргааны байгууллагууд юм. Нийслэл хотын төв хэсэг болох Их, Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто замын түгжрэл үүсдэг. Тиймээс хотын захиргааг, тэр дундаа иргэдэд үйлчилдэг салбар нэгжүүдийг нь оны босгон дээр нүүлгэж эхлээд байна.
Зөвшөөрөлгүй ажиллах зөвшөөрөл
Шинэ оны босгон дээр хотын зүгээс гаргасан чухал шийдвэр бол 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл боломжийг нээсэн явдал юм. Ингэснээр энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдсэн. Тодруулбал, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж болох юм.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа 18664 аж ахуй нэгж байгууллага жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг. Бичиг хэргийн зардлыг нь тооцоход жилд 191 сая төгрөгийг зарцуулдаг. Тиймээс үргүй зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэхүү шийдвэрийг гаргалаа. Эхний ээлжинд 74 төрлийн худалдаа үйлчилгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, чөлөөтэй бизнес эрхлэх нөхцөл боломжоор хангаж байна. Улаанбаатар хотын иргэн халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байя гэсэн үүднээс ашиг олох гэж буй хувийн хэвшлүүдээ дэмжиж байна.
Хотын өнгийг эерүүлэв
Цар тахлын жилүүд үргэлжилж байгаа ч нийслэлчүүдийн амьдралд гэгээ татуулж, их хотын амьдралд өнгө нэмсэн бүтээн байгуулалтуудыг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Энэ бол “Өглөөний Улаанбаатар” төсөл юм. Төслийн хүрээнд “Цагийн хязгаартай автомашингүй гудамж” бий болгохыг зорьсон бөгөөд Жуулчны гудамжинд “Өглөөний гудамж” байгуулсан нь залуучууд төдийгүй иргэдийн талархлыг хүлээгээд байна. “Өглөөний гудамж” ашиглалтад орсноор тус гудамжинд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд 06:00-23:30 цагийн хооронд ажилладаг болж, үйлчлүүлэх хүний тоо, орлогын хэмжээ нь ч өсжээ. Улмаар хотын дарга дүүрэг бүрд ийм жишиг гудамж байгуулахыг үүрэг болгож, энэ дагуу Жамъян гүний гудамжийг тохижуулан нийслэлчүүд ахин нэг “Өглөөний гудамж”-тай болсон.
Цаашид Жамьян гүний гудамжийг “Urban Street” оройн гудамж болгон тохижуулна. Харин Ерөнхий сайд А.Амарын гудамжийг “Автомашингүй, эвент гудамж” болгох юм.
Бичил цэцэрлэгт хүрээлэн, үнэгүй интернэт, дугуйн зогсоол, дасгалын тайз зэргийг бүрдүүлж, иргэдийн чөлөөт цагаа зөв өнгөрөөх орчныг бүрдүүлэх нь их хотын хэмнэл, дүр төрхийг бий болгоход чухал нөлөөтэй.
Мөн хотын зүгээс Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсгалт өв “Гоожингийн өндөр”-ийг хамгаалалтад авч, газар эзэмших эрхийг цуцалсан нь түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах бодит алхам болсон юм.
2021 он Улаанбаатар хотын удирдлагуудын хувьд үнэхээр завгүй жил болсон. Цар тахлын томоохон давалгааны хажуугаар тэд хотын хөгжлийг урагшлуулахын төлөө зүтгэсэн жил болсныг хэлэх нь зүйтэй. Бидний нүдэн дээр олон зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн. Зоригтой ч алхмууд хийсэн. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг үе үеийн олон Засгийн газар, хотын удирдлагууд УИХ-аар батлуулах гэж яваад амжаагүй билээ. Тэгвэл Засаг дарга Д.Сумъяабазар чадсан нь цаашид хот эрчимтэй хөгжихийн эхлэл болсон гэж үзэж байгаа юм. Мөн бизнесүүд ямар ч хүнд сурталгүй хөгжин цэцэглэх боломжийг бүрдүүлж, хувийн хэвшлээ дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллана гэж хотын дарга тодотгосон. Энэ үгэндээ ч хүрлээ. Төрийн байгууллагын үүд сахиж, тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр бизнес эрхэлдэг байдлыг цэгцэлсэн нь эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.
2022 он хотын удирдлагын хувьд өмнөхөөс ч илүү завгүй ажиллах жил байх болно. Учир хотын эрхзүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хүрээнд олон дүрэм журмыг шинэчлэн боловсруулж, амьдралд хэрэгжүүлж эхлэх ёстой. Мөн эхлүүлсэн олон ажлынхаа ард гарах ёстой. Цар тахлын дараах хотын сэргэлтийн бодлогыг засгийн бодлоготой уялдуулан авч хэрэгжүүлэх ёстой. Хувийн хэвшил, бизнесийг бодитоор дэмжиж, хамтран ажиллаж чадвал нийслэл улам илүүтэй өнгө орон гялалзаж, ард иргэдийн амьдрал сайжирч, бизнес цэцэглэн хөгжих билээ.