Хоёрдогч зах зээлийн арилжаа идэвхжих хүлээлттэй байна 

Sarangerel
2024-12-12 16:29:35
Ангилал:

Гадаадын хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх чиглэлд хэрхэн анхаардаг вэ? гэсэн асуултад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр “Гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд зах зээлийн мэдээ, мэдээллийн тэнцвэртэй байдал, хүртээмж чухал үүрэгтэй. Бирж энэхүү тэнцвэрт байдлыг хангах үүднээс бүртгэлтэй компаниудаас ирүүлсэн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, хурлын шийдвэр зэрэг мэдээллийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нэгэн зэрэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх үүднээс өөрийн цахим хуудсанд англи, монгол хэлээр тогтмол нийтлэх, биржийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль, дүрэм журмуудыг англи хэл дээр хөрвүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн олон улсын хөрөнгө оруулагчдад зориулж мэдээллийн Блүүмберг, Эксчэнж дата интернэшнл, болон Рефинитив агентлагуудаар дамжуулан бүртгэлтэй компаниудын арилжааны болон үйл ажиллагааны мэдээллийг англи хэл дээр тогтмол нийлүүлдэг. 2023 оны 9 дүгээр сард олон улсын хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны тэргүүлэгч байгууллага Их Британийн “FTSE Russell” групп Монголын хөрөнгийн зах зээлийг “Frontier” зах зээлийн ангилалд оруулсан. Ингэснээр тус байгууллагаас тооцон гаргадаг индексийг дагаж хөрөнгө оруулалтын сангууд индексийн бүрэлдэхүүнд багтсан үнэт цаасанд хөрөнгө оруулах эхлэл тавигдах тул цаашид хоёрдогч зах зээлийн арилжаа идэвхжих хүлээлттэй байна. Иймд бид бүртгэлтэй компаниудыг “Frontier” индексийн бүрэлдэхүүнд оруулахын тулд шалгуурыг хангах төлөвлөгөө боловсруулж, зах зээлийн оролцогч болон бүртгэлтэй компаниудтай хамтран ажиллах болно” хэмээн хариуллаа.

Үүнээс гадна Монголын хөрөнгийн бирж олон нийт, хөрөнгийн зах зээлийн оролцогчдын боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийн мэдээллийг хүртээмжтэй түгээх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг сар бүр зохион байгуулж ирсэн. Хойшид энэхүү сургалтаар цахим контент боловсруулах, дунд шатны сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.