Хоёр дахь удаагийн “Mining week-2023” эхэллээ

B Shurenchimeg
2023-10-10 09:48:28
Ангилал: Эдийн засаг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци  хамтран зохион байгуулж буй “Mining week-2023” арга хэмжээ өчигдөр Шангри-Лад эхэллээ. Уг чуулганаар уул уурхайн салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш хэлэлцэх юм. Дэлхий нийтийн уул уурхайн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах зэргийг хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлно. Тус арга хэмжээнд 20 орчим улсын 300 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагч, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын 3000 гаруй төлөөлөл оролцоно. Тухайлбал, “Mining week-2023” нэгдсэн арга хэмжээний онцлох зочин илтгэгчээр уул уурхайн салбарт домог мэт яригддаг “Айвэнхоу майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд монголд хүрэлцэн ирээд байгаа нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. 

Арга хэмжээг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Нээж хэлсэн үгэндээ хөрөнгө оруулагчдад зориулан Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байгаа гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш”  байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгийг чуулганы индрээс онцоллоо. Манай улсын хөрөнгө оруулалт татах гол салбаруудын нэг нь уул уурхай тэр дундаа ашигт малтмалын хайгуул, олборлолтын төслүүд хэвээр байна. 

Харин эхний илтгэлийг Монголын уул уурхайн салбарын үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар” сэдвээр тавилаа. Тэрбээр “Манай улсын хувьд хайгуулын зөвшөөрлийг бууруулсаар өнөөдөр 891 болсон нь хайгуулын салбар зогсонги байдалд орсныг харуулна. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт татрах бодит нөхцөл бий. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа” хэмээн ярилаа. 

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн уул уурхайн бодлогыг баримтлах зарчим олборлолтоос боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт гээд бүхий л шатанд биеллээ олж, байгаль орчин, нийгэм, засаглалын зарчимд нийцэх ёстойг чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон.

Манай улсын уул уурхайн салбарын экспортын орлого 2023 онд 13 тэрбум долларт хүрэхээр байгаа бол ирэх онд энэ үзүүлэлт өсөж, 16.2 тэрбумд хүрэх хүлээлт байна. Харин нүүрсний экспорт энэ оны эцэст 52 сая тонн, зэсийн экспорт 1.4 сая тоннд хүрэх хүлээлт байна.

Чуулганы үдээс хойш  “Уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээний онцлох зочин “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд итгэл тавилаа.

Тэрбээр  “Монгол Улс одоо байгаа эрчээрээ цааш ажиллах хэрэгтэй. Монголчууд өмнийн говьдоо хайгуул хийхгүй бол тэнэг хэрэг болно. Говьдоо маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт татаж, Оюутолгой шиг томоохон, шинэ ордууд нээн, уул уурхайн томоохон тоглогч болох боломжтой” гэдгийг онцлов. 

Чуулганы эхний өдөр эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадварыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын шинэ орчныг бүрдүүлсэн эрх зүйн шинэчлэл, бүтээгдэхүүний тээвэрлэлт, дэд бүтцийн төслүүдийг онцолж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хийгдэж буй ажлуудыг танилцууллаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg