“Хоёр Их Хутагт” эрдэм шинжилгээний олон улсын хурал Завхан аймагт болно

Sarangerel
2024-08-14 10:33:03
Ангилал: Мэдээ

Завхан аймаг нь хутагтуудын өлгий нутаг бөгөөд олон хутагт төрсөн гарсан байдаг. Тэдний хоёр их хутагтын мэндэлсний ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Завхан аймагт болох юм байна. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Ерөнхий сайд Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Улиастайн сайд Дилав Хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан “Хоёр Их Хутагт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх есдүгээр сарын 19.20-нд хийхээр төлөвлөж байна.

Тус хурлын гол зорилго нь Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав нарын түүх намтар, амьдрал, үйл хэрэг, бурхны шашны бүтээл туурвил, соёлын өв тэргүүтнийг судлан шинжлэх, судалгааны эргэлтэд оруулах, улмаар олон нийтэд сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэхэд чиглэх аж.

Энэ хүрээнд Хоёр Их Хутагтын талаарх илтгэлийг хэлэлцүүлэх бөгөөд илтгэл, өгүүллийг хүлээн авах зарыг олон нийтэд хүргэж байна. Өгүүллийн сэдэв нь Хутагтуудын төрийн үйл хэрэг, тусгаар тогтнол, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Хутагтуудын шашин, номын үйл ажиллагаа, бүтээл туурвил, Хутагтуудын түүх намтар, амьдарч асан газар орон, сүм хийдийн тухай, Хутагтуудтай холбоотой архивын баримт, түүхэн эх сурвалж, соёлын биет өв гэх мэт сэдвийг хамрах юм байна. Илтгэл, өгүүлэлд тавигдах шаардлага, бусад мэдээллийг дор оруулав.