Хууль тогтоогчид хувийн хэвшилдээ итгэсэнгүй

tselmeg tselmeg
2020-04-30 17:04:54
Ангилал: Коронавирус

Дэлхийн улс орнууд ЖДҮ-дээ их хэмжээний хөрөнгө оруулж, татвар, зээл, гааль тарифын зэрэг төрөл бүрийн дэмжлэг үзүүлэх замаар ажлын байраа хадгалж, ажилгүйдэл газар авахаас сэргийлж байхад манай хууль тогтоогчид хувийн хэвшилдээ итгэхгүй байна.

Лхагва гарагт УИХ яаралтай горимоор Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.

Харамсалтай нь, ЖДҮ эрхлэгчдэд ус агаар мэт хэрэгтэй байсан 2.1 дэх хэсгийн зохицуулалтыг бүхэлд авч хаяад эцсийн хэлэлцүүлэг хийж баталлаа.

Тогтоолын төслийн хоёрдугаар хэсэгт банкны зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх, зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулахад чиглэсэн зохицуулалт бий. Энэ хэсгээс “Банкнаас олгосон бүх хэрэглээний зээл болон бичил, жижиг, дунд бизнесийн 500 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн нийт жилийн нэрлэсэн хүүний таван нэгж хувийг төрөөс, гурван нэгж хувийг банкнаас гурван сарын хугацаанд тус тус хариуцах” гэсэн зохицуулалт хасагдав. Гэхдээ энэхүү зээлийн ангилалд иргэдэд олгосон хөнгөлөлттэй санхүүжилттэй ипотекийн зээл, хадгаламж барьцаалсан зээл хамаарагдахгүй. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн анх 500 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй олгосон зээл болон жилийн найман хувиас доош хүүтэй олгосон төслийн болон хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээс бусад зээлд хамаарах зохицуулалт байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Компаниуд банкны зээлийн хүүгийн асуудлыг шийдүүлэхийг хамгийн их хүсэж байгаа. 500 хүртэлх сая төгрөгийн зээлийн хүүгийн 50 хүртэлх хувийг төр даах мөн бага эх үүсвэртэй зээл гаргах, зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, төр өөрөө зээлийн батлан даалт гаргаж, ЖДҮ-ийн зээлийг их хэмжээгээр нэмэгдүүлж, гурван хувийн хүүтэй зээлийг боломжтой бүхий л компанид олгох талаар яригдаж”, тогтоолын төсөлд тусгуулснаа хэлсэн юм.

Хэрэв дээрх заалт хасагдаагүй байсан бол жилийн 23-26 хувийн хүүтэй 500 хүртэлх сая төгрөгийн зээлийн  8-11 хувийг нь Засгийн газар болон банкууд хамжиж, бизнесийн эрхлэгчдийн ачааг хөнгөлөх байв. Даанч өндөр хүүтэй зээлээр бизнесээ босгох гэж зүтгэдэг хувийн хэвшлийнхэнд одоо зээлийн батлан даалтын сангаас өөр итгэж найдах зүйл үлдсэнгүй. Гэхдээ зээлийн батлан даалтын сан үлдсэн боловч хүртээмж муутай байх нь тодорхой.

Бодит байдал дээр 500 сая төгрөгөөс доош зээлийн эрэлттэй ЖДҮ, үйлчилгээ, хувиараа бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал өдөр хоногоор хүндэрч байгааг олон тоон үзүүлэлт харуулж байна. Аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсныг МҮХАҮТ-аас явуулсан судалгаа тодорхой харуулсан. Харин НӨАТ-ын урамшууллын системийн тоон мэдээллийг эдийн засгийн салбарын ангиллаар харвал эрүүл мэнд, цахилгаан, хий, уур, агааржуулалтаас бусад салбарын үйл ажиллагаа эхний улиралд нэлээд буурсан үзүүлэлттэй байгааг Монголбанк “Аж ахуйн нэгжийн борлуулалт, НӨАТ, тойм” судалгаанд онцолсон байна.

Тус судалгаанд бичсэнээр “Сүүлийн хоёр жилийн турш тогтвортой байсан чөлөөт цаг өнгөрөөх буюу зочид буудал, нийтийн хоол, урлаг, үзвэр тоглоом наадгай зэрэг үйлчилгээний үйл ажиллагаа хамгийн их бууралттай байгаа нь Covid-19 цар тахлаас сэргийлэх хориг арга хэмжээ тус салбарт хүндээр нөлөөлснийг харж болохоор байна” гэжээ.
Дээрх салбаруудаас гадна бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, тээвэр болон агуулахын үйл ажиллага эрхлэгчид, боловсролын салбарынхны орлого 2019 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад хоёр дахин буурсныг Татварын ерөнхий газрын мэдээллээс харж болно.

Мөн Монголбанкнаас өнөөдөр хийсэн ээлжит мэдээлэлдээ хугацаа хэтэрсэн зээл гуравдугаар сард өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр өсөж, нийт зээлд элзэх хэмжээ 6.7 хувь болж нэмэгдсэнийг хэллээ. Хугацаа хэтэрсэн зээлийн 80.8 хувь, чанаргүй зээлийн 78.9 хувийг  хувийн хэвшлийн байгууллагын зээл эзэлж байгаа аж.

Зах зээлийн цусны эргэлтийг тасалдуулахгүйн тулд татвар, мөнгөний бодлого хангалтгүй байна. Төсвийн арга хэрэгслээр хавтгайрсан биш тооцоо судалгаанд үндэслэсэн, үр ашиг, бодит сэргэлт бий болгох салбаруудаа дэмжиж, хүнд үед бизнесүүддээ итгэх хэрэгтэй байна.

 

tselmeg tselmeg