Хуурамч эм

Mongolian Economy
2021-05-28 16:27:28
Ангилал: Дэлхий 2021

Эрх баригч популистууд коронавирустэй олиггүй тэмцэв. Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахлыг үл хайхарч, худал эмчилгээ сурталчилж, амны хаалтыг үгүйсгэж байлаа. Чадамжгүй байдлынх нь уршгаар бараг бүх чинээлэг улстай харьцуулахад Америкт нас баралт их байв. Цар тахлыг хумихын тулд барьцтай харилцаа, тэвчээртэй зохион байгуулалт, шинжлэх ухааныг хүндэтгэсэн арга барил шаардлагатай. Ноён Трампт эдгээрийн аль нь ч байгаагүй учир сонгогчид түүнийг үл тоосон биз.

Бусад үндсэрхэг үзэлт популистууд ч гавьсангүй. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди шийдэмгий харагдах гэж хичээснээс хэт олон ядуустай улсдаа дэлхийн хамгийн чанга хөл хорио тогтоохын уршгийг хангалттай тооцсонгүй. Хот руу шилжин суурьсан сая сая хөдөөний хүн ажлаа алдаж, нутгийн зүг эргэн хуйларсан нь түм түжигнэсэн автобусны буудлуудыг Ковид-19 тарах халуун цэг болгож, цааш Энэтхэг даяар тараажээ. Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро Ковид-19-ийг “хамрын ханиад” хэмээн үл хэрэгсэнгээ буруу эмчилгээг баруун солгойгүй бурж байв. Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули бурхны оролцоотойгоор улсаа ковидоос ангижрууллаа хэмээн зарласан ч оршуулгын газар цогцоснуудыг шөнө нууцаар буулгаж байлаа.

Энэ бүх тохиолдолд төрийн томчууд мэргэжилтнүүдийг үл тоосноор олныг хамарсан үхэл зовлон, шаардлагагүй эдийн засгийн хохиролд хүргэжээ.

Гэвч популистууд шалтаг тоочиж, сэдэв өөрчлөхдөө гарамгай. Ноён Моди вирус тарсанд исламчуудыг буруутгаж, улс төрийн өндөр чансаагаа хадгалсаар байна. Бразилийн иргэдэд ирэх дарамтыг зөөллөхийн тулд ноён Болсонаро төрийн мөнгөнөөс машин машинаар нь тараав. Үүний ачаар тэрбээр вирусийг зогсоохын тулд муу ажилласан ч иргэддээ мөнгөө тараагаагүй Мексикийн зүүн үзэлт-популист ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадороос ч (АМЛО) алдар нэртэй хэвээр үлдэв. Ноён Магуфули хэвлэл мэдээллийн амыг таглаж, өрсөлдөгчдөө хорьсны хүчинд аравдугаар сард болсон дахин сонгуульд ялжээ.

“Иргэдийнхээ” хүслийг ойлгодог, тэднийг сүүдрийн, муу санаат “элитүүд”-ээс хамгаална гэж популист удирдагчид амладаг. Гэвч хүмүүсийн үзэл бодол янз бүр, элитийн тоонд эмч, эрдэмтэн, халдвар судлаач ч орно. Эрдэм мэдлэгийг үл хэрэгсдэг популист хандлага нь цаг сайхан үед хортой бол цар тахлын үед гамшиг тарьдаг юм. Америкийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Трампаас өгсүүлээд архи ууж вирусийг эмчлэх хэрэгтэй хэмээсэн Беларусийн дарангуйлагч Александер Лукашенко нарын популистууд шинжлэх ухааныг бус уриа лоозонг сонгосон нь аймшигтай үр дүн авчирлаа.

Харамсалтай нь цар тахал зарим сонгогчдыг популизмд талтай болгож хувиргадаг аж. Хүмүүс айж байсан, харин популистууд айдсыг ашиглахдаа гаргуун. Хүмүүс төөрөлдсөн байсан, харин популистууд Хятад эсвэл даяарчлал буруутай гэсэн ойлгоход хялбар шалтгаан гаргаж ирсэн. Заримдаа эдгээрт үнэний хувь байв. Хятад улс Ковид-19-ийг эхэндээ нууцалсан нь маш хариуцлагагүй явдал байлаа. Гэвч тэр бол өнгөрсөн явдал. Одоо засгийн газрууд вирустэй мөн 2021 оны турш тэмцэх ёстой. Тэд зөвхөн баримт нотолгоонд тулгуурлаж байж үр дүнтэй тэмцэх юм.

Азаар цар тахал популистуудын хүчийг сулруулна гэх шалтгаан бий. Удирдагчид хэлсэн амандаа хүрэхгүй байгааг сонгогчид анзаарна. Герман, Нидерланд зэрэг улстай харьцуулахад популист эсвэл хагас популистууд удирддаг Америк, Британи, Польш зэрэг улсад цар тахалтай муу тэмцсэн явдалд засгийн газар буруутай гэж иргэд нь шүүмжилж байгааг More in Common ТББ-ын судалгаа харуулсан.

Сонгуулийн хуанлигаас харахад 2021 онд сонгогч нарт популист засгийн газраа авч хаях эсвэл хязгаарлах боломж бага байна. Оросын хууль тогтоох байгууллагын сонгууль чөлөөт эсвэл шударга болохгүй. Энэтхэгчүүд дээд танхимын шинэ гишүүдийг сонгох боловч ноён Моди барьцаа хадгална. Мексикчүүд хууль тогтоогчдоо сонгох ч АМЛО суудалдаа үлдэнэ. 

Луйварчдыг сонгуулиар зайлуул
Айдас төрүүлэх, зэмлэн буруушаах, сэтгэл хөдлөлөөр тоглох зэрэг популистуудын зэр зэвсэг нь талцал хуваагдлын онолд үл захирагдах, юунаас ч эс айх вирусийн эсрэг үр дүнгээ өгөхгүйг цар тахал харуулав. Ковид-19 мөн эдийн засагт цохилт өгсөн учир хямд зээл авах боломжгүй хөгжиж буй орнуудад сонгогчдыг өөрийн мөнгөөр худалдаж авах боломж дарангуйлагч нарт байсангүй.

Вирусийг ялахын тулд популистуудын басамжлан зэвүүцдэг давуу талууд буюу учир шалтгаан, нээлттэй байдал, олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай. 2021 онд либералчууд энэ явдлыг хүмүүст улам уран сайхнаар ухуулан ойлгуулж, популистуудыг шахах ёстой.

 

Роберт Гест: The Economist-ийн гадаад асуудал хариуцсан редактор

 

Mongolian Economy албан ёсны эрхтэйгээр зургаа дахь жилдээ, монгол хэлээр эрхлэн гаргаж буй
“Дэлхий 2021” сэтгүүл захиалах 👉 https://rfr.bz/f288kpg

Mongolian Economy