Хүлээлт өндөртэй ХААН банкны IPO эхэллээ
2021 оны нэгдүгээр сард УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар арилжааны банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжих үүрэг хүлээсэн.
Тэр цагаас хойш буюу системийн ач холбогдол бүхий хоёр банк амжилттай IPO хийсэн. Харин энэ сард нийт хүн амын 82 хувьд санхүүгийн үйлчилгээ хүргэдэг, өндөр ашигтай, дээд зэргийн сахилга бат, зохион байгуулалттай, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг, олонхын хүлээж байсан ХААН Банк Монголын хөрөнгийн биржид гарахаар боллоо.
“Mongolian Economy” сэтгүүл тус банктай хамтран IPO-ны талаар цогц мэдээллийг багтаасан тусгай дугаарыг гаргалаа. Энэхүү дугаараас ХААН Банкны түүхэн хөгжил, санхүүгийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл, график, брэнд шинэчлэл, удирдлагын багийн дэлгэрэнгүй ярилцлага, андеррайтер компанийн зөвлөгөө, тус банканд хөрөнгө оруулах шалтгаан зэргээр хувьцааг нь худалдаж авахыг хүсэж буй хүн бүхэнд шийдвэр гаргахад нь туслах иж бүрэн мэдээллийг унших боломжтой. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Хөрөнгийн биржийн удирдлага болон ХААН Банкны харилцагчдын ярилцлага, Монгол улсын банк, санхүү, хөрөнгийн салбарын орчин нөхцөл, цаашдын төлөв зэрэг олон нэмэлт багтсан юм.
Өдгөө ХААН Банк 2.8 сая харилцагчтай, 1.7 сая идэвхтэй цахим хэрэглэгчтэй, 505 мянган зээлдэгчтэй, 545 салбар тооцооны төвтэй, 1428 АТМ бүхий системийн нөлөө бүхий банк болоод байна. Эдгээр статистик нь Монголын банкны системийн оргил үзүүлэлт билээ. 2022 оны жилийн эцсийн байдлаар ХААН Банкны нийт актив 15 их наяд төгрөгт хүрсэн. 2017 оноос хойш ХААН Банкны ашиг жил бүр дунджаар 26 хувийн өсөлт үзүүлэн, 2022 онд 449 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 2022 оны татварын дараах цэвэр ашиг нь тус банкны түүхэн дээд амжилт агаад энэ нь банкны системийн хэмжээнд нийт ашгийн 43 хувийг эзэлсэн дүн болж байгаа юм.
Ийм хүчирхэг үзүүлэлттэй банк энэ сарын 13-наас 19-ны хооронд хувьцаагаа олон нийтэд арилжиж, нээлттэй компани болохоо өнөөдөр зарлав. Тэд олон нийтэд буюу Монголын ард иргэдэд нэгж хувьцааг 959 төгрөгөөр санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Аливаа хөрөнгө оруулалт эрсдэл дагуулдаг тул хөрөнгө оруулагчдын хувьд өөрсдийн хүлээн зөвшөөрөх эрсдэлийн түвшинд шийдвэрээ гаргах учиртай. Урт хугацаандаа холыг харсан, хамтын үнэ цэнийг бий болгох, ногдол ашгаас үр өгөөж хүртэх урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг та бүхэнд зөвлөе.