О.Нямсүрэн: “Хүнсний хувьсгал” бол манлайлалд суурилсан, бодлогоор хэрэгжсэн олон талт түншлэлийн үр дүн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор (PhD), дэд профессор О.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодлогын түвшинд хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэхүү бодлогын хэрэгжилтийн явцыг тогтмол нэгтгэн хэлэлцэж байна. Энэ хүрээнд холбогдох төрийн байгууллагуудад бодлогын зөвлөмж, чиглэл өгч, хамтын ажиллагааг системтэйгээр зохион байгуулж байгаа нь бодлогын уялдааг хангах чухал механизм болж байна. Мөн шинжлэх ухаан, технологид суурилсан бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрдэмтдийн зөвлөл” идэвхтэй ажиллаж, хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд, тэр дундаа пестицидийн хэрэглээтэй холбоотой судалгаа, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан, хэрэгжилтэд анхаарал хандуулж байна.
Үүний үр дүнд бодлогын шийдвэрүүд судалгаа, нотолгоонд суурилсан, үр нөлөөтэй хэрэгжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод нэгдэн “Хүнсний хувьсгал” НҮТББ-ыг байгуулж, бодлого-үйлдвэрлэл-олон нийтийн уялдааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Ийнхүү “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нь төрийн оновчтой бодлого, нийгэмд тэгш хүртээмжтэй дэмжлэг, хувийн хэвшил, иргэдийн идэвхтэй оролцоо нэгдсэнээр бодит үр дүнд хүрч болдгийг харуулсан төр, хувийн хэвшил иргэний нийгмийн түншлэлийн жишиг загвар болж байна.
-Та энэхүү үндэсний хөдөлгөөнийг ерөнхийд нь хэрхэн дүгнэх вэ?
-Төрийн бодлого, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, шинжлэх ухааны дэмжлэг нэгдсэн тохиолдолд бодит үр дүн гарч болдгийг энэхүү үндэсний хөдөлгөөн тод харуулж байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлын бодлогыг нэг удаагийн арга хэмжээ бус, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги болгон тогтвортой хэрэгжүүлэх нь чухал.
Энэ бол зөвхөн өнөөдрийн хэрэгцээ бус, маргаашийн Монгол Улсын баталгаа юм.
Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улсын бодит нөхцөлд нутагшуулан хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний шилдэг жишиг бөгөөд эдийн засгийн өсөлт, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжлийг цогцоор нь дэмжсэн бодлогын манлайлал гэж дүгнэж болно.
-Цаашдын стратегийг хэрхэн харж байна вэ?
-Цаашид хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, хууль эрх зүй, мэдээллийн дэд бүтэц, олон улсын хамтын ажиллагааг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай. Олон улсын стандартуудыг үндэсний хууль тогтоомжид үе шаттай шингээж, экспорт, импортын зохицуулалтыг шинэчлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлээс хэрэглээ хүртэлх мэдээллийг нэгтгэсэн нэгдсэн дата платформ, гарал үүслийн мөшгөх системийг нэвтрүүлэх нэн шаардлагатай.
Ингэснээр бодлогын ил тод байдал, итгэлцэл, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт хангагдаж, Монгол Улс хүнсний салбарт өрсөлдөх чадвартай, мэдлэгт суурилсан “тоглогч” болох боломж бүрдэнэ.

