Дэлхийн түүхэнд хүнсний хомсдолд нэрвэгдэж, олон арван жил өлсгөлөн, логистикийн доголдол, хоол тэжээлийн хомсдолтой тулгарч явсан орнууд цөөнгүй бий. Тухайлбал, Энэтхэг улс гэхэд өлсгөлөнд нэрвэгдэж хэдэн сая хүнээ алдсан бол, Бангладеш байгалийн гамшиг бүрийн дараа хүнснийхээ тал хувийг гадаадаас авдаг асуудалтай тулж байв. Вьетнам дайны дараа сүйрч, үйлдвэрлэл нь бараг бүрэн зогсжээ. Руанда дотоодын мөргөлдөөнөөсөө болж унасан хүнсний салбараа дахин шинээр босгож эхэлсэн гэх мэтчилэн дурдаж болно. 

Хүнсний тогтвортой хангамжтай өнөөгийн улс орнуудаас хэн нь ч анхнаасаа хангалуун байгаагүй. Гэхдээ тэд стратегийн зөв бодлого, технологийн шинэчлэл, дэд бүтэц, дижиталчлал, төрхувийн хэвшлийн хамтын ажиллагааны комбинациар хямралаа шийдэж, өнөөдөр хүнсний тогтвортой хангамжтай, экспортлогч орон болж чаджээ. 

1943 оны Бенгалын өлсгөлөн нь Дэлхийн II дайны үеэр, тухайн үеийн Их Британийн колони байсан Энэтхэгийн Бенгал болон Орисса мужуудад тохиосон томоохон гамшиг байв. Судлаачдын тооцоолсноор Бенгалын бүс нутагт (одоогийн Бангладеш болон Энэтхэгийн Баруун Бенгал) 800.0-3.8 сая хүн өлсгөлөн, хумхаа болон хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй бусад өвчнөөр нас барсан гэж үздэг. Хүн амын шилжилт хөдөлгөөн, эрүүл ахуйн муу нөхцөл, эмнэлгийн хангалтгүй үйлчилгээ, хүнсний хомсдол, Британийн дайны үеийн буруу бодлого зэрэг олон хүчин зүйл хоорондоо давхцаж уг гамшгийн цар хүрээг улам дордуулжээ. 

Тухайн үед Бенгалын эдийн засаг хөдөө аж ахуйн салбараас бүрэн хамааралтай байв. Хөдөө, орон нутгийн ядуусын тал илүү хувь нь “хагас өлсгөлөнгийн байдалд” амьдарч байсан гэж үздэг аж. Түүнчлэн тусгаар тогтносны дараах Энэтхэг улсын хүн ам хурдацтай өсөж, технологийн хоцрогдол, бордооны нөөцгүй байдал, усалгааны сул дэд бүтэц, байгалийн гамшгийн дарамтаас болж мөн л хүнсний хомсдолд хамгийн их нэрвэгдэж байв. Тус улсын үр тарианы үйлдвэрлэл 1950-иад оны үед 50 сая тонноос дээш гардаггүй, хоёр жилд нэг удаа цар тахал шиг хомсдол нүүрлэдэг байжээ.

Ногоон хувьсгал-үр тариа /1966-1980/ 

“Ногоон хувьсгал” нь Энэтхэгийг олон арван жилийн турш зовоосон өлсгөлөн, хүнсний хомсдол, импортоос хамаарсан байдал зэргийг богино хугацаанд арилгахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. “Ногоон хувьсгал” нь хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлснээр үндсэндээ орчин үеийн аж үйлдвэрийн систем рүү шилжсэн гэж үздэг. Энэ хувьсгалыг голлон удирдсан хүн нь Энэтхэгийн хөдөө аж ахуйн эрдэмтэн М.С.Сваминиатан аж. Ургамлын сортуудыг селекцийн аргаар сонгон өвчинд тэсвэртэй, бордоонд сайн хариу үзүүлдэг, чанар сайтай, өндөр ургацтай зэрэг олон ашигтай шинжийг хөгжүүлжээ.

Үүний үр дүнд, ялангуяа Пунжаб, Харьяна болон Баруун Уттар Прадеш мужуудад үр тарианы үйлдвэрлэл эрс нэмэгдсэн. 1950 онд 50 сая тонн байсан хүнсний үр тариа 2020 онд 300 сая тонн орчим болж өссөн. Мөн будааны үйлдвэрлэл гурав, буудай 6-7 дахин нэмэгджээ. Энэ өсөлтөөс үүдэн Энэтхэг улс 1970-аад оны сүүл гэхэд гадаадаас буудай импортлохоо зогсоож, өөрийгөө хангадаг болов. 

Түүгээр ч зогсохгүй анх удаа илүүдэл буудайтай улс болж хүнсний хомсдол, өлсгөлөнгийн давтамж зогсож, дан ганц бороонд найддаг хөдөө аж ахуйн салбараа өөрчилж чадсан байна.

“Ногоон хувьсгал”-ын чухал багана нь найдвартай усалгааны дэд бүтэц байв. Үр нь өндөр ургац өгдөг ч усалгааны тасралтгүй хангамжгүй бол ургац унах эрсдэлтэй. Тиймээс том усан сан, далан барих хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. 

Түүнчлэн тариалангийн сувгийн өргөтгөлүүдийг олноор хийж 1980 он гэхэд 17 гаруй сая га талбайг сувгийн усаар усалдаг болжээ. Зөвхөн үрээс гадна хөдөө аж ахуйн механикжуулалт, техник маш хурдтай нэмэгджээ. 1960 онд 30 мянга байсан тракторын тоо 1990 онд 1.3 сая, цахилгаан хадуур тав дахин нэмэгдэв. Арвин их ургац хураасан ч үнэ унах эрсдэл их байсан учраас Энэтхэгийн Засгийн газраас үндэсний дундаж худалдан авах үнэ тогтоосон байна. 

Мөн Засгийн газар нь тариаланчдаас тогтмол үнээр буудай, будаа авдаг болжээ. “Ногоон хувьсгал”-ын үр дүнд Энэтхэг 1970 он гэхэд өлсгөлөнгөөс гарч, 1980- аад онд хүнсний өөрийн хангалттай нөөцтэй болж, 2000 оноос буудай, будааны экспортлогч орон болсон юм.

Цагаан хувьсгал-сүү /1970-1996/ 

1970 оны нэгдүгээр сарын 13-нд эхлүүлсэн “Цагаан хувьсгал” нь дэлхийн хамгийн том сүүний үйлдвэрлэлийн хөгжлийн хөтөлбөр байсан бөгөөд Энэтхэгийн Үндэсний Сүүний Хөгжлийн Зөвлөлийн (NDDB) түүхэн чухал төсөл юм. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь сүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх, фермерүүдийг өөрсдийнхөө хөгжлийг удирдах боломжоор хангах, бий болгож буй нөөцдөө эзэн нь болгох явдал байв. 

Хөтөлбөрийн хүрээнд Жерси (Jersey), Холштейн (Holstein) үүлдрийн үнээ үржүүлснээр Энэтхэгт сүүний үйлдвэрлэл эрс өсжээ. Энэхүү хөтөлбөрийг “Amul” компанийн үүсгэн байгуулагч, захирал Вергьес Күрийн (Verghese Kurien), тухайн үеийн Энэтхэгийн Ерөнхий сайд Лал Бахадур Шастри (Lal Bahadur Shastri) нар амжилтад хүргэсэн хүнд тооцогддог байна. 30 жилийн хугацаанд Энэтхэгийн хүн амд ногдох сүүний хэмжээ хоёр дахин өсжээ. Мөн сүүний аж ахуй хөдөө орон нутгийн өөрийгөө тэтгэх хамгийн том хөдөлмөр эрхлэлт болж хөгжсөн байна. 

Энэхүү хөтөлбөр нь Энэтхэгийг сүүгээр дутагдалтай орноос дэлхийн хамгийн том сүүний үйлдвэрлэгч улс болгон өөрчилсөн. Тус улс 1998 онд сүүний үйлдвэрлэлээр АНУ-ыг давж тэргүүлсэн бөгөөд 2018 онд дэлхийн нийт сүүний үйлдвэрлэлийн 22.29 хувийг дангаараа эзэмшиж байв. Энэхүү хувьсгал өрнөснөөр Энэтхэгт сүүний үнэ тогтвортой болж, хүн амын уургийн хэрэглээ эрс өссөн зэрэг олон өсөлттэй тоон үзүүлэлтийг дурдаж болно.

Хөх хувьсгал-загас, усан аж ахуй /1985-2005/ 

Энэхүү хувьсгал нь Энэтхэгийн далайн болон цэнгэг усны загас агнуурын салбарыг бүхэлд нь хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд дэд бүтэц бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэхэд төвлөрчээ. “Хөх хувьсгал”-ын загалмайлсан эцгээр Доктор Хиралал Чаудхури (Hiralal Chaudhuri)-г нэрлэдэг аж. 1980-аад оны эхэн үед Энэтхэгт загасны үйлдвэрлэл менежментийн тааруу арга барилаас шалтгаалан буурсан боловч тус хувьсгалын үр дүнд загас, усан аж ахуйн бүтээмжээ бараг 50 хувиар өсгөжээ.

Загас үржүүлэлтийг өндөр нягтралтай аргаар гүйцэтгэж, шинжлэх ухаанд суурилсан технологи ашигласнаар үйлдвэрлэлийн гарцыг эрс нэмэгдүүлсэн бөгөөд дэвшилтэт тоног төхөөрөмж, техникийн шийдлүүдийг нэвтрүүлснээр Энэтхэг улс аквакултурын салбарт дэлхийд өрсөлдөх чадвартай болсон юм. “Хөх хувьсгал”-ын бас нэг чухал тулгуур нь дэд бүтцийг системтэй сайжруулсан явдал. Загас агнуур болон хөдөө аж ахуйн салбарт хөргөлтийн агуулах, боловсруулах үйлдвэр, тээвэрлэлтийн логистикийн хүчин чадлыг өргөтгөснөөр ургац хураалтын дараах алдагдал эрс буурч, нийлүүлэлтийн сүлжээний үр ашгийг дээшлүүлжээ. 

Үүнтэй зэрэгцэн жижиг аж ахуй эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн загасчдыг техник технологийн сургалт, багаж хэрэгслийн хангалт, санхүүгийн дэмжлэгээр урамшуулснаар тэдний орлого нэмэгдэж, Энэтхэг улсын эдийн засгийн тогтвортой байдал өссөн байна. Ийнхүү “Хөх хувьсгал” нь Энэтхэгийн загас үржүүлэлт, усан аж ахуйн салбарт үйлдвэрлэлийн өсөлт, технологийн шинэчлэл, экосистемийн тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдийн орлогын дэмжлэг зэрэг олон чиглэлээр нөлөөлсөн цогц стратегийн өөрчлөлт. Энэ нь улс орны хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой хувьсгалын нэгэн хэсэг болж үлджээ.

Алтан хувьсгал-жимс, хүнсний ногоо /1991-2003/

 Энэтхэг улсад 1991–2003 оны хооронд цэцэрлэгжүүлэлт болон зөгийн балын үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжсөн үеийг хэлдэг аж. Энэ хугацаанд Энэтхэг жимс болон хүнсний ногооны дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч, мөн хүлэмжийн болон өндөр үр ашигтай тариалалтын технологийг ашиглагч тэргүүлэх орнуудын нэг болсон. Улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулсан энэхүү хувьсгал нь хөдөө аж ахуйн салбар дахь Энэтхэгийн хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг гэж тооцогддог. 

Энэ хугацаанд олон тариачны эдийн засгийн нөхцөл сайжирсан. Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд бизнесийн салбарт идэвхтэй оролцож эхэлжээ. Энэхүү хувьсгалын үндэслэгч Нирпахк Түтэйж(Nirpakh Tutej) нь “Алтан хувьсгалын эцэг” гэж алдаршжээ. 

Анх тариалангийн үндсэн түлхүүр нь үр тарианы үйлдвэрлэл байсан бол 1990 оноос хойш хүнсний ногоо, жимсний салбарт анхаарал хандуулах болсон. Үүний үр дүнд Энэтхэг улс жимс, кешью самар, кокос, мангоны тариалалтаараа тэргүүлэгч орнуудын нэг болж эхлэв.

Зөвхөн хөдөө аж ахуйн нэг салбарын хөгжлийг бус нийгэм, эдийн засгийн бүхэл бүтэн системийг өөрчилсөн стратегийн том хувьсгал болсон гэж үздэг байна.

Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, олон мянган ажлын байр шинээр бий болж, Энэтхэг улс дэлхийд цэцэрлэгжүүлэлт болон органик үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч байр эзлэхэд хүргэсэн юм. 

Шар хувьсгал-ургамлын тос /1980-2000/ 

Энэтхэгийн хөдөө аж ахуйн салбарт, ялангуяа 1986-1987 оны үеийн тослог ургамлын үйлдвэрлэлийг эрчимтэй нэмэгдүүлэх, хүнсний тосны импортын хамаарлыг бууруулах байсан бөгөөд гич, газрын самар, шар буурцаг, наранцэцэг, гүмбэг, маалинга, кастор, нигер зэрэг тосны ургамлыг онцгойлон хөгжүүлэхэд чиглэсэн. Шар хувьсгалын гол санаачлагч, удирдагч нь харилцаа холбооны инженер, бодлого боловсруулагч Сам Питродда (Sam Pitroda) байсан бөгөөд түүнийг “Шар хувьсгалын эцэг” гэж нэрлэдэг. 

Тухайн үед Энэтхэг улс хүнсний тосны хэрэгцээгээ хангахын тулд их хэмжээгээр гадаадаас импортлон оруулж хийдэг байсан бөгөөд дотоодын үйлдвэрлэл хангалтгүй байжээ. Импортын өндөр хамаарал нь улсын гадаад валютын нөөцөд дарамт учруулж, эдийн засгийн хувьд эмзэг байдал үүсгэж байлаа. Дотоодын тосны ургамлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь зөвхөн хөдөө аж ахуйн бус, эдийн засгийн хувьд ч зайлшгүй шаардлагатай асуудал байжээ. Тухайн үеийн Ерөнхий сайд Ражив Гандхи шинжлэх ухаанд суурилсан, тодорхой бүтэцтэй, хугацаатай “Тосны үрийн технологийн зорилго” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь салангид, зохион байгуулалтгүй оролдлогуудыг нэгтгэсэн, шинэлэг бодлогын арга барил байсан аж. 

Шар хувьсгалын амжилтад нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь тослог ургамлын өндөр ургацтай шинэ сортын нэвтрүүлэлт юм. Ингэж шинжлэх ухааны үндэслэлтэй, техник технологийн дэвшилд тулгуурласан өөрчлөлтийн үр дүнд Энэтхэг улс тосны ургамлын үйлдвэрлэлээ огцом нэмэгдүүлж, хүнсний тосны импортын хамаарлыг бууруулж чадсан. Ургамлын тосны үйлдвэрлэл нь 1980-2000 онд 2.5 дахин өссөн байна. 

Вьетнамын “Дой Мой” шинэчлэл Хөдөө аж ахуйг чөлөөлсөн нь

Вьетнам улсын нутаг дэвсгэр 1960-аад оноос эхлэн дайны хөлд нэрвэгдэж, тариалангийн талбайнууд сүйдсэн, хүн амын 70 орчим хувь нь ядуурлын түвшинд, байнгын хүнсний дутагдалд байжээ. Олон улсын эх сурвалжуудын мэдээлснээр 1975 онд дайн дуусах үед Вьетнамын дотоодын цагаан будааны үйлдвэрлэл жилийн 6-7 сая тонн хүрдэг байсан ч хүн амын хэрэгцээ 9-10 сая тонноос давж, жил бүр 1.5-2 сая тонн будааны дутагдалтай, олон бүс нутагт үйлдвэрлэл бараг зогсоод байжээ. 

Харин 1986 оноос Вьетнам улс социалист чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийг бий болгох Doi Moi(Дой Мой) буюу шинэчлэлийн реформыг эхлүүлсэн. Уг реформ нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг аажмаар чөлөөт зах зээлд суурилсан эдийн засаг руу шилжүүлэх зорилготой бөгөөд газар тариалангийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн цогц бодлогуудыг багтаажээ. Тодруулбал, хувийн хэвшлийг зөвшөөрөх, фермерийн түвшинд газар ашиглах эрхийг урт хугацаанд олгох, үйлдвэрлэсэн ургацын тодорхой хувийг өөрсдийн мэдэлд үлдээх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 

Өмнө нь бүх ургацыг төрд бүрэн тушаадаг байсан бол 1988 оноос үр тарианы 40-55 хувийг өрхийн хэрэгцээнд ашиглах эрх олгосон нь тариачдын ажиллах урам зориг, идэвхийг нэмэгдүүлж тэр хэрээр ургацын хэмжээ ч эрс өсжээ. Энэ үеэс тариаланчид тариалангийн арга барилаа шинэчилж, өндөр ургацтай сорт ашиглах боломжтой болж, бордоо, хортон шавжийн эсрэг бодис, усалгааны системийг орон нутгийн хэрэгцээнд тохируулан ашиглах бололцоотой болсон. Харин Засгийн газар хөрс сайжруулах, усалгааны суваг барих, үерийн хамгаалалтын системүүдийг босгох, тариалангийн талбайг сэргээхэд ихээхэн хөрөнгө оруулсан байна. 

Ази, ОХУ, Хятад зэрэг улсаас орчин үеийн хөдөө аж ахуйн техник технологи, үр үржүүлгийн дэмжлэг авсан нь цагаан будааны нэг га-аас авах ургац 1990 он гэхэд гурван тонн, 2015 онд дунджаар 5.9 тонн, зарим бүс нутагт 7.5 тоннд хүрчээ. Хэмжээлшгүй том өөрчлөлтийн нэг нь 1990 оноос эхэлсэн экспортын бодлого байв. Хорооллын хэмжээнд байгуулсан хоршоо, хамтын тариалангийн системийг зах зээлд холбож, гадаад худалдааны тунхгийг тодорхойлж, Хөдөө аж ахуйн яамны дэргэд “Хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын стратегийг удирдах үндэсний хороо”-г байгуулжээ. 

Тус улс 1998 онд жилдээ 3.5 сая тонн будаа экспортлох болж, Бразил, АНУ, Тайландтай өрсөлдөж, 2005 онд энэ тоо таван сая тоннд хүрсэн бол 2012 онд 7.72 сая тонн болж Вьетнам дэлхийн цагаан будааны нийлүүлэлтийн 20 гаруй хувийг дангаараа хангах хэмжээнд хүрснийг харуулна.

Өнөөдөр Вьетнам нь Тайландаас хойш дэлхийд хоёрдугаарт ордог цагаан будааны экспортлогч бөгөөд зарим жил Энэтхэгийн дараа гуравдугаарт бичигддэг болжээ. 

Мөн зөвхөн цагаан будаа бус, кофе, хушга, далайн бүтээгдэхүүн, самар зэрэг бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн нийт экспортын орлого 2023 онд 53.2 тэрбум ам.долларт хүрснээс будаа 4.4 тэрбум, кофе 4.2 тэрбум, самар 1.3 тэрбум ам.долларыг эзэлжээ. 2024 онд ургацын нийт дүн 55-58 сая тонн болж тогтвортой өсөх төлөвтэй байгаа талаар Дэлхийн Банкны тайлангаас харж болно. Вьетнамын хүнсний хомсдолоос дэлхийн томоохон экспортлогч болох хүртэлх түүх нь нэг талаас дайны дараах ядуурал, нийгмийн хямрал, өлсгөлөнгийн эсрэг тэмцэл, нөгөө талаас хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, нийгмийн хөдөлгөөн, бодлогын шинэчлэлийг хослуулсан стратегийн үр дүн юм. 

Хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлийг үе шаттайгаар хийж, тариалангийн үржил шимийг нэмэгдүүлж, зах зээлийн боломжийг бүрэн ашиглаж, фермерийн сэтгэлгээ, системийн зохион байгуулалтыг өөрчилсөн нь өнөөдөр дэлхийд тэргүүлэгч экспортлогч орны байр суурийг эзлэхэд хүргэсэн юм. 

Шинэ тосгоны шинэчлэл

Өмнөд Солонгосын ард түмэн өлсгөлөн, хүнсний хомсдлын хүнд сорилтоос эхлээд эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгмийн томоохон шинэчлэлийн үр дүнд хүнсний аюулгүй байдлаа хангаж, экспортлогч болсон гайхалтай түүхтэй. 1950-1954 оны БНСУ-ын дайны үе, дайны дараах уналтад орсон эдийн засаг, эвдэрч сүйдсэн дэд бүтэц нь хүнсний хангамж, тариалалт, логистикт асар их хохирол учруулсан. Хүн амын 70 гаруй хувь нь тариаланч байсан ч уламжлалт гар аргаар тариалалт хийдэг, хөрсний элэгдэл өндөр, ган болон үерийн эрсдэлтэй, ургац бага байв. 

Гэсэн хэдий ч Солонгосын Засгийн газар, олон улсын байгууллагууд, олон нийтийн оролцоотой хамтын хүчээр хөдөө аж ахуйг сэргээх, тариаланчдын нөхцөл байдлыг сайжруулах, дотоодын хоол хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн цогц бодлогыг хэрэгжүүлсэн. Газрын татварын системийг өөрчлөх замаар тариалангийн газрыг жижиг талбайгаар бус, үр ашигтай хэмжээнд нэгтгэж, хамтын тариалангийн хэлбэрийг хөгжүүлж эхэлжээ. Ингэснээр 1960 онд нэг га-гаас 1.3 тонн будаа хурааж байсан бол 1975 он гэхэд 3.2 тонн болж өссөн байна. Үүний зэрэгцээ тариалангийн салбарт мэргэжлийн зөвлөгөө өгөх агрономич, техникч бэлтгэж эхэлсэн бөгөөд сургалт, туршилтын талбайн системийг бий болгосон нь ургац нэмэгдэхэд хүчтэй нөлөө үзүүлжээ. 

Эдгээр сэргэлтийн бодлого, хөтөлбөрийн хамгийн тод жишээ нь 1970 онд эхлүүлсэн “Шинэ тосгон” хөдөлгөөн (New Village Movement) юм. Энэ хөдөлгөөний үндсэн зорилго нь хөдөө тосгоны бүтцийг сэргээж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийг бий болгох, хамтын хөдөлмөрийг дэмжих, хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой болгох байв. Энэхүү хөдөлгөөний хүрээнд тосгон бүрд зам, усан сан, хөдөө аж ахуйн зориулалттай агуулах барих, механикжуулалтын төв байгуулах, тариаланчдыг бүлэг, хоршоо болж ажиллах боломжоор хангаж байлаа. 

“Шинэ тосгон” хөдөлгөөний хүрээнд гүүр барьж байна. Засгийн газар орон нутгийн иргэдийн хийж буй дэд бүтцийн ажилд мод, цемент зэрэг барилгын материалаар хангаж байв.

Хоёрхон жилийн хугацаанд 33 мянга гаруй тосгонд үйлдвэрлэлийн бүтцийн шинэчлэл хийсэн гэх судалгаа ч байдаг аж. Энэ нь зөвхөн дэд бүтцийн өөрчлөлт төдийгүй иргэдийн сэтгэлзүйн эргэлт болж, “Бид өөрсдөө хөгжилд хүрнэ” гэх итгэл, хандлагыг төлөвшүүлсэн нь дараа, дараагийн эдийн засгийн хөгжлийн суурь болсон гэж үздэг байна. Ийнхүү орон даяар усан сангууд байгуулж, тариалангийн талбайн 70 гаруй хувьд усалгааны таатай боломжийг бүрдүүлсэн нь гангийн шокийг даван туулах гол механизм болжээ. 

1971 онд гангийн улмаас ургацын 22 хувийг алдаад байсан бол 1978 онд технологийн шинэчлэлийн үр дүнд дөрвөн хувь болгон бууруулсан байна. Үүний зэрэгцээ хувийн хэвшил, аж үйлдвэрийн салбарын өсөлттэй уялдуулан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг байгуулах бодлого хэрэгжиж, 1980-аад он гэхэд Солонгос улс хүнсний тусламжаас ангижирч, 1990 оноос хойш зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох түвшинд хүрэв. 

2015 онд хөдөө аж ахуйн экспортын хэмжээ 6.4 тэрбум ам.долларт хүрсэн бол 2023 онд энэ тоо 10 тэрбум ам.доллар давсан статистик байна. Ингэхдээ зөвхөн уламжлалт бүтээгдэхүүн бус, өндөр технологи шингэсэн, нэмүү өртөг шингэсэн органик болон функциональ хүнсний экспорт илүү давамгайлсан байна.

Эдгээр улсын өсгөлөн, хүнсний хомсдолоос  гарч, экспортлогч болох замналын гол сургамж нь хямралыг зөв үнэлж, ард иргэдийн оролцоонд тулгуурласан өөрчлөлтийг шинжлэх ухаан, технологитой уялдуулан, төр хувийн хэвшлийн хамтын хүчээр хэрэгжүүлсэнд оршино. 

Хөдөө аж ахуйг зөвхөн хүнсний эх үүсвэр бус үндэсний аюулгүй байдал, ард түмний сэтгэл зүйн сэргэлт, экспортыг дэмжих стратегийн салбар гэж үзэн, технологи, дэд бүтэц, бодлого, хүний нөөцийг нэгтгэн хөгжүүлсэн нь олон улсын хэмжээнд үлгэр жишээ болсоор байгаа билээ. 

Холтос идэж өлсгөлөнг зогсоосон Япончууд

XIX зууны эхэн үеийн Япон оронд эхэлсэн хүйтэн зун, давтамжтай үер, тасралтгүй орох ширүүн бороо цагаан будаа, улаан буудайн талбайг нүд ирмэхийн зуур сүйтгэж, улс орон даяар ургацын алдагдал эхлэв. Түүхэнд энэ үеийг “Тэнпогийн өлсгөлөн” гэж тэмдэглэсэн бөгөөд 1833-1837 онд Японы олон бүс нутагт ургац дунджаас хоёр, бүр зарим газар гурав дахин багасч, 1836 оны байдлаар ургац ердийнхөөс ердөө 28-30 хувьтай байсан гэж тэмдэглэсэн байдаг. 

Тенпогийн өлсгөлөнгийн үеэр өлсгөлөнд нэврэгдсэн иргэдийг аврах байранд байрлуулж, хамгаалалтад авч байна

Ургац алдахад зөвхөн тариалангийн талбай хоосорсонгүй айл өрхүүдийн амьдралын баталгаа, ирээдүйн итгэл зэрэг хоосорчээ. Хот тосгодод өлсгөлөнтэй хамт өвчин ирж, бослого хөдөлгөөн гарах болж, хэдэн зуун мянган хүн амь алдсан тухай тэмдэглэл байдаг. Хоол болох бүхэн үнэ цэнтэй болсон тэр үед мод хүртэл ширээний зочин болов. Түүхэн тэмдэглэлд, ялангуяа Японы хойд нутгуудаар хүмүүс нарс модны дотор холтсыг хусаж, хатааж, тээрэмдэн нунтаглаад будаатай хольж, зуурмаг маягаар болгож иддэг байсныг дурдсан байдаг аж. 

“Модны талх”, “холтосны гурил” гэж нэрлэгдэх энэ хоол аманд гашуун, ходоодонд хүнд, тэжээл муутай ч өлсгөлөнгийн өвдөлтийг түр намдаах ганц найдвар байв. Үүгээр ч зогсохгүй, өвсний үндэс, зэрлэг жимс, уулын навчийг хүртэл хэд хэд буцалгаж исэлтийг нь багасган иддэг байжээ. Өлсгөлөн улс орны сүнсийг сөхрүүлсэн ч ухаарал авчирсан юм. Нөөцлөх системийг шинэчилж, агуулах барих, тариалангийн эрсдэлийг хуваах, муж хоорондын хоол хүнсний солилцоог нээх, татварын тогтолцоог зөөлрүүлэх зэрэг алхмууд аажмаар хэрэгжиж эхэлсэн байна. 

Япончуудын хамгийн их хүч нь нийгмийн сахилга бат, эв нэгдэл байв. Хүн бүр гэр бүлдээ, байгальдаа хүндэтгэлтэй хандаж, бүх нөөц бололцоогоо нэгтгэв.

Өлсгөлөнг зогсоохын тулд бүхэл бүтэн тосгонууд, айл өрхүүд цуглан өөрсдөө хүнсний нөөцөө нэмэгдүүлэх, үржил шимтэй газар шороогоо эрчимтэй сэргээж эхэлжээ. Ургац зөвхөн байгаль цаг агаарын бус төр засгийн бодлогоос ч ихээхэн шалтгаалдаг гэдгийг “Тэнпо”-гийн хар жилүүд сануулсан хэрэг. Японы дараагийн том өлсгөлөн бол 1945 онд Дэлхийн-II дайнд ялагдаж, дэд бүтэц нь сүйджээ. Ард иргэд өлсгөлөнгийн ирмэг дээр ирсэн байв. Тухайн үед уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн түвшин ердөө 27.6 хувь байсан Японы эдийн засгийн сүйрлийг илтгэнэ. 

Америкийн хүнсний илгээмжгүй байсан бол өлсгөлөн өргөн хүрээг хөмрөх аюултай байжээ. Энэхүү өлсгөлөнг зогсоосон алхам бол үйлдвэрлэл, уурхай, дэд бүтэц сэргээх ажил байв. Хотуудын зам, төмөр зам, харилцаа холбоо дахин босож эхэлсэнээр хүнс, бараа бүтээгдэхүүн улс даяар түгээмэл болсон. Үйлдвэрлэл хөгжсөнөөр хүмүүс ажилтай орлоготой болж үүнийг дагаад дотоодын хэрэглээ нь нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлжээ. 1952 онд Америкийн засгийн газар Японыг глобаль эдийн засагт эргэн оруулахад амжилттай ажиллаж, эдийн засаг дахин эрчимтэй өсөлт рүү хөтөлсөн. 

Өнөөдөр бид Японы хурдны галт тэрэг, инженерийн гайхамшгийг хараад зөвхөн технологийн тухай л ярьдаг. Харин тэр гайхамшгийн ёроолд бодит үнээр төлсөн хүндхэн сургамж нуугдана. Модны холтсыг тээрэмдэж гурил болгож байсан гар, будааны нэг аяган дээр бүхэл амьдралаа тавьж байсан зүрх, өлссөн хүүхдүүдийн уйлах чимээний цаана өнөөгийн Японы сахилга бат, ажилч хичээнгүй, нямбай зан, эрсдэлийн мэдрэмж урган гарчээ. 

“Хүнсний хувьсгал” тусгай дугаараас

2025.12.12

B Shurenchimeg