“Хүнсний хувьсгал” үргэлжлэх хүлээлттэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Давсаа хүртэл айлаас гуйхгүй байя” гэх үгийг “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэхдээ хэлж байв. Утга нь Монгол Улс өнөөдөр өмсөх хувцас, идэх хоолоо гаднаас худалдаж авсаар байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улс 2024 онд хүнсний бүтээгдэхүүний импортод ойролцоогоор 850–900 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ нь манай хүнсний хангамж гадаад зах зээлээс нэлээд хамааралтай байгааг харуулдаг. Хэрэв Ковид цар тахал шиг аюул нүүрлэвэл бид өмсөх хувцасгүй, идэх хоолгүй сууж байх нь. Дэндүү арчаагүй нөхцөл байдалд орох нь тодорхой. Дэлхийн банкны судалгаагаар цар тахлын үед дэлхийн тээвэр ложистикийн зардал зарим чиглэлд 3-4 дахин өссөн нь импортод түшиглэсэн жижиг эдийн засагтай орнуудад томоохон дарамт болсон талаар дурдсан.
Ийм нөхцөлд хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь цаг үеэ олсон бодлого болсон. Тус үндэсний хөдөлгөөн богино хугацаанд үр дүнгээ ч өгөв. Тиймээс дараагийн шатны хөтөлбөр үргэлжлэх ёстой гэдгийг эрдэмтэн судлаач, төр, хувийн хэвшлийнхэн, ард түмэн хүсэж байгаа юм. Монгол Улс ядаж гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, ард түмэндээ эрүүл, аюулгүй хүнс идүүлэх зорилго тавьж, тодорхой хэмжээнд биеллээ олов.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага “Махны хэрэглээний статистик” судалгаагаар Монгол Улс жилд 600 мянга гаруй тонн мах үйлдвэрлэх боломжтой гэж үздэг. FAO-ын тодорхойлолтоор хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүн бүр хангалттай хэмжээний, аюулгүй, шим тэжээлтэй хүнс хэрэглэх боломжтой байх нөхцөл юм.
Гэвч давсаа гаднаас гуйсан хэвээрээ л байна. Хил гаалиар аюулгүй, эрүүл хүнс орж ирж байгаа нь эргэлзээтэй хэвээрээ байна. Дотоодынхоо хүнсний амин дэм, шимт чанарт шинжилгээ хийчихдэг улсын томоохон лаборатори ч алга байна шүү дээ. Эрдэмтэн, судлаачдаа ч үүнд төдийлөн дайчилж чадахгүй байна. Тиймээс хүнс судлалын салбараа хөгжүүлж, улсын томоохон лабораториудыг бий болгох нь чухал юм.
Ард түмнээ эрүүл хүнсээр хангаж, эрүүл жаргалтай амьдруулдаг улс орнууд олон бий. Тухайлбал, Энэтхэг улс тэр олон сая хүнийг дотооддоо хүнсээр 100 хувь хангаж чадсан байна. 1960-аад оноос эхлэн хүнсний ногоон, цагаан, хөх, шар хувьсгалуудыг тасралтгүй, тууштай, зөв бодлогоор хийснээр ард түмнээ эрүүл, аюулгүй хүнсээр хангаж чаджээ. Европын өндөр хөгжилтэй улсуудтай ч яриад байх юмгүй, ард иргэдийнх нь хүнсний хангамж, аюулгүй байдал дээд зэргээр хангагдаж чадсан.
Монгол Улсад ард иргэдээ дотооддоо үйлдвэрлэсэн хүнсээр хангах нөөц бололцоо бүрэн бий. Олон төрлийн шимт ургамлаар хооллодог малын махаа идэж, эрүүл хөрсөнд ургасан үр тариа, ногоогоо хэрэглэж, сүү, цагаа идээ жимс жимсгэнээ идэх бүрэн боломжтой. Тэр бүү хэл дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, улсдаа орлого олох боломжтой юм.

Энэ бүхний зөв эхлэл “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн байлаа. Дараагийн шат нь илүү судалгаатай, ахисан, гүнзгийрсэн байдлаар үргэлжлэх ёстой. Нийгэм үүнийг шаардаж байна. Үнэхээр төрийн бодлого нь зөв оновчтой байвал манай хүнсний салбарынхан ямар их зүйлийг хийж бүтээж болдгийг харуулж чадаж байна.
Үйлдвэрүүд шинээр нэмэгдэж, олон мянган ажлын байр бий болж, жижиг, дунд үйлдвэрүүд цэцэглэж, Монгол Улс маань мандан бадрах ирээдүй ойрхон байна. Гол нь энэ эхлүүлсэн бодлогоо үргэлжлүүлж “Хүнсний хувьсгал”-ын дараагийн шатыг дор хаяж 15- 30 жил тасралтгүй хэрэгжүүлэх ёстой гэдгийг эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн, ард түмэн хүсэж байна. Олон улсын туршлага ч харуулж байна. Ингэж байж бид хүнсний бүтээгдэхүүнээ 100 хувь дотоодоосоо хангах юм. Хамгийн чухал, хамгийн зөв хөтөлбөрийн эхлэл тавигдлаа. Дараагийн шат нь илүү судалгаанд тулгуурласан, урт хугацааны бодлого байх шаардлагатай. Цаашаа хүнсээ дотооддоо үйлдвэрлээд органик хүнс экспортолдог улс болон хөгжих сайхан ирээдүй харагдаж байна.
