Хөгжихгүй бол хөгширлөө шүү, аймгууд аа!
Аймгуудын дунд “чимээгүй өрсөлдөөн” өрнөж эхэллээ. Энэ бол хүн ам зүйн өрсөлдөөн. Залуу, хөдөлмөрийн насны хүн ам олонтай нь энэ өрсөлдөөний “ялагч” болно.
Одоогоор хүн ам зүйн өрсөлдөөнд Ховд, Увс, Өмнөговь аймгууд тэргүүлж байгаа бол Сэлэнгэ, Орхон, Булган aймаг сүүл мушгиж байна. Харин Сүхбаатар, Дундговь, Баян-Өлгий, Архангай, Дорноговь аймгуудад хүн ам зүйн эмзэг байдал (ХАЗЭБ) хамгийн хурдтай нэмэгдэж, энэ хэрээр өрсөлдөх чадвараа алдаж байна.
Орон нутаг дахь “хүн капитал”-ын судалгааг МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимээс хийсэн бөгөөд “Бүс, орон нутгийн хүн ам зүйн өрсөлдөх чадвар” хэмээх эл судалгаанд хэд хэдэн анхаарал татах баримтууд дурдагджээ.
Судалгаанд Монгол Улсын хүн ам өсөж байгаа ч орон нутагт хөдөлмөрийн насныхан цөөрч, ахмадуудын эзлэх хувь нэмэгдэж байгааг онцолсон байна. Энэ нь орон нутгийн эдийн засгийн суурийг урт хугацаанд аажмаар сулруулж байгааг ч дурджээ.
Ялангуяа сүүлийн 20 жилд бүх аймагт хүн ам зүйн эмзэг байдал (ХАЗЭБ) өсжээ.
ХАЗЭБ-ыг судлаачид индексжүүлж хэмждэг бөгөөд индексийг хүн амын насны бүтэц, төрөлт, шилжилт хөдөлгөөн зэрэг үзүүлэлтээр тодорхойлдог. Энэ индекс аймгуудад 20 жилийн өмнөхөөс 30-67 хувиар өсөж, бүх аймагт 5.0 нэгжээс дээш гарсан байна. Өөрөөр хэлбэл, орон нутаг бүхэлдээ “хөгширсөн”-ийг энэ тоо илтгэнэ.
Аймгуудаас хамгийн тааруу үзүүлэлттэй нь Булган аймаг. Тус аймагт хүн амын бүтцийн алдагдал удаан хугацаанд хуримтлагдсанаар хамгийн эмзэг аймаг болж хувирчээ. Шалтгаан нь хөдөлмөрийн насны хүн амын гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн жил тутам өндөр байсаар ирсэнтэй холбоотой. Үүний зэрэгцээ шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан нөхөн үржихүйн насны хүн амын тоо буурч, төрөлт багассанаар шинэ залуу үеийнхнээ зохих хэмжээнд нөхөж чадахгүйд хүрчээ. Ингэснээр ахмадын эзлэх хувь харьцангуй хурдан өсөж, хүн амын бүтцийн тэнцвэр алдагдсан байна.
Уул уурхай, аж үйлдвэрийн гол цэг болсон Орхон аймагт хүн амын бүтэц мөн л анхаарал татах хэмжээнд хүрчээ. Тус аймаг эдийн засгийн идэвх өндөртэй ч хүн амын бүтцээ тогтвортой хадгалж чадахгүй, залуу иргэдээ “алдсаар” байгаа нь гайхмаар.
Харин Сэлэнгэ аймгийн хувьд нөхцөл байдал арай өөр. Дархан, Улаанбаатар хотуудтай ойр учраас залуусынх нь шилжилт хөдөлгөөн аль эрт эхэлсэн. Өөрөөр хэлбэл, аль эрт хөгширчихсөн. Хэдийнэ хөгширчихсөн учраас ХАЗЭБ-ын индекс нь ч хамгийн бага хувиар өөрчлөгджээ.
Үүнтэй зэрэгцэн хүн ам зүйн өрсөлдөх чадвараар харьцангуй давуу аймгууд ч бий. Тухайлбал, Өмнөговь аймгийн хүн амын бүтэц харьцангуй залуу байгаа нь уул уурхай дагасан ажлын байр, боломжийн цалин хөлс, шинэ дэд бүтэцтэй холбоотой гэж дүгнэж болно. Товчхондоо, энэ аймагт ажлын байрны тоо тогтвортой өсөж байгаа нь хүн амаа тогтоох, бүр нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь болжээ.
Гэхдээ тус судалгаанд хамгийн “хөгшин” нь бус, харин хамгийн хурдтай “хөгширч” буй нь өрсөлдөх чадвараа тэр хэрээр алдаж буйг сануулжээ.


“Хүн капитал”-ыг хэрхэн хамгаалах вэ?
Хүн дагаж хөгжил ирнэ. Үүнийг ойлгоогүй цагт хэчнээн сайхан зам тавьж, соёлын төв барьсан ч аймгуудын өрсөлдөх чадвар муудсаар байх болно.
ХАЗЭБ аймгуудад тасралтгүй нэмэгдсээр байгаагийн шалтгаан нь хүн төвтэй бодлого дутсантай шууд холбоотой. Тиймээс шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх бодлогодоо аймаг бүр анхаарах шаардлагатай болжээ. Үүний тулд төрсөн нутаг орондоо ажиллаж, амьдрах бодит шалтгааныг бүрдүүлж, ажлын байр бий болгох нь хамгийн чухал.
Аймаг бүр уул уурхайгүй ч аймаг бүр эдийн засгийн онцлогтой, “нутгийн брэнд”-тэй. Түүнийгээ түшиглэн ажлын байр бий болгох нь хамгийн зөв шийдэл гэж судлаач, шинжээчид онцолж байна.
Үүгээр зогсохгүй нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах шаардлага бий. Мөн тус судалгаанд хүн ам зүйн болон эдийн засгийн бодлогын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэйг ч онцолсон байна.
