Хүн төрөлхтний аврал

ariunzaya ariunzaya
2020-09-23 11:11:02
Ангилал:

“Коронавирус” 

“Ковид-19-ийн тархалтыг зогсоохын тулд дэлхийн хүн амын 30-60 хувь вакцинд хамрагдах шаардлагатай” гэж тэрбумтан Б.Гейтс хэлжээ. Эрдэмтэд Ковид-19-ийн эсрэг 165 гаруй вакцин бүтээж буй. Тэдгээрээс 32 вакцины эмнэлзүйн туршилт явагдаж буйгаас найм нь эцсийн буюу гуравдугаар шатанд долоо, наймдугаар сард шилжсэн байна. Ихэнх тохиолдолд вирусийг илрүүлснээс зургаан жилийн дараа вакциныг гуравдугаар шатны туршилтад шилжүүлдэг атал энэ удаад зургаан сарын дотор эцсийн шатны туршилтыг эхлүүлсэн нь гайхалтай гэж Оксфордын их сургуулийн Женнер институтийн захирал, профессор Адриан Хилл онцолжээ. Дөрвөн жил зарцуулсан гахай хавдарын вакцин нь хүн төрөлхтний хамгийн хурдан бүтээсэн вакцинд тооцогддог. Ийнхүү эрдэмтэд 2021 оны эцэс гэхэд үр дүнтэй вакцин гаргаж авахаар ханцуй шамлан ажиллаж байна.

Зураг 1

Коронавирус нь тосон (lipid) бүрхүүлтэй ба савангийн молекул хүрэхэд задардаг тул эмч мэргэжилтүүд гараа сайтар угаахыг зөвлөж буй. Вирус нь хүний хамар, ам, нүдээр дамжин амьсгалын замын бүрхүүл эсийн ACE2 рецепторт сууж, хүний биеийн эсэд нэвтэрдэг. Үүний дараа тосон бүрхүүл задарч удамшлын мэдээлэл бүхий рибонуклейн хүчлийг (РНХ) чөлөөлөн хүний биеийн эсийг ашиглан үрждэг байна (Зураг 1). Коронавирусийн гадаргуу нь титэм мэт сэртэнгийн уурагтай учраас “coronavirus” буюу “титэм вирус” гэж нэрлэжээ. Ковид-19-ээс гадна зургаан төрлийн коронавирус хүнд халдварладаг ба үүнд амьсгалын цочмог хам шинж (SARS), Ойрх Дорнодын амьсгалын цочмог хам шинж (MERS) багтдаг.


“Боломжит вакцинууд”

 

Туршилтын шат: 3
Вакцины нэр: mRNA-1273
Вакцины төрөл: Генетикийн вакцин

“Moderna” компани мэдээллийн РНХ (рибонуклейн хүчил)-д суурилсан вакцин бүтээж байгаа юм. Эл вакцин сармагчныг коронавирусийн халдвараас сэргийлж буйг Үндэсний эрүүл мэндийн институт, “Moderna” компани тогтоосон байна. Энэ оны гуравдугаар сард хүн дээр хийсэн туршилт амжилттай болж, хоёрдугаар шатны туршилтыг 300 гаруй хүн дээр хийж дуусгаад сүүлчийн шатны туршилтыг долдугаар сарын 27-нд эхлүүлжээ. Гуравдугаар шатны туршилтыг одоогоор АНУ-д 30 мянга орчим хүнийг хамруулан хийж буй.
Вакцины захиалга: АНУ-ын Засгийн газар 1.5 тэрбум долларыг 100 сая тун авах нөхцөлтэйгөөр наймдугаар сарын 11-нд олгожээ. Мөн Европын хороотой 80 сая вакцин нийлүүлэхээр наймдугаар сарын 24-нд тохиролцсон байна.
Үйлдвэрлэлийн хүчин чадал: Тус компани 2021 оны эхээр 0.5-1 тэрбум вакцин үйлдвэрлэх бололцоотой гэж мэдээлсэн.

 

Туршилтын шат: 2 / 3
Вакцины нэр: BNT162b2
Вакцины төрөл: Генетикийн вакцин

 

Германы “BioNTech”, АНУ-д төвтэй “Pfizer”, Хятадын “Fosun Pharma” эм үйлдвэрлэгч компаниуд хамтран вакцин бүтээхээр тохиролцсон. Энэ оны тавдугаар сард нэг, хоёрдугаар шатны туршилтыг зэрэг эхлүүлсэн бөгөөд хүний биед эсрэг биет үүсгэж, дархлааны Т-лимфоцит ялгарч буйг тогтоожээ. Тэр дундаа халуурах, сульдах зэрэг гаж нөлөө багатай тул BNT162b2 нэртэй вакциныг нь хоёр, гуравдугаар шатны туршилтад шилжүүлэхээр сонгосон аж. Эдгээр компани хоёр, гуравдугаар шатны туршилтыг АНУ, Аргентин, Бразил, Герман зэрэг орны 30 мянган хүнийг хамруулна гэж долдугаар сарын 27-нд мэдээлсэн.
Вакцины захиалга: Арванхоёр­дугаар сар гэхэд 100 сая тун авахаар 1.9 тэрбум долларыг Д.Трампын засаг захиргаа олгосон байна. Мөн нэмж 500 сая тун нэмж авах эрхтэй болсон. Түүнчлэн Япон улс 120 сая, Их Британи 30 сая тунг урьдчилан захиалжээ.
Үйлдвэрлэлийн хүчин чадал: “Pfizer” компани 2020 оны аравдугаар сард вакцины зөвшөөрөл авахаар төлөвлөж буйгаа наймдугаар сард мэдээлжээ. Хэрэв зөвшөөрөл авбал 2020 онд 100 сая тун, 2021 оны эцэс гэхэд 1.3 тэрбум тун үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

 

Туршилтын шат: 2 / 3
Вакцины нэр: ChAdOx1 nCoV-19
Вакцины төрөл: Вектор вакцин

 

Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн Женнер институт болон тус сургуулийн вакцины группийн хамтран судалж буй тус вакцин шимпанзегийн аденовируст суурилсан юм. ChAdOx1 вакцины технологийг ашиглаж томуу, Зика вирус, Ойрх Дорнодын амьсгалын цочмог хам шинж өвчний эсрэг вакциныг Оксфордын их сургууль бүтээж байжээ. Аденовирусийг хоргүйжүүлж, сулруулсан учраас хүний биед үржих чадваргүй. Эл вакциныг сармагчин дээр туршиж үзэхэд коронавирусээс хамгаалж байжээ. Нэг, хоёрдугаар шатны туршилтаар аюулгүй, ноцтой сөрөг нөлөөгүй нь батлагдсан. Энэхүү вакцины хоёр, гуравдугаар шатны туршилтыг Англи, Энэтхэгт хийхийн сацуу эцсийн туршилтыг Бразил, Өмнөд Африк, АНУ-д хийж байгаа аж.
Вакцины захиалга: Их Британийн Засгийн газар есдүгээр сарын эхээр 100 сая тун авах захиалга өгчээ. Франц, Герман, Итали, Нидерланд улсуудын байгуулсан “Inclusive Vaccines Alliance” 2020 оны эцэс гэхэд 400 сая тун нийлүүлэх гэрээ хийжээ. Харин аравдугаар сарын эхээр 300 сая тун нийлүүлэх хэлэлцээр АНУ-тай байгуулсан байна. Наймдугаар сарын 17-ны байдлаар хамгийн их вакцины захиалгыг (нийт 1.2 тэрбум тун) AstraZeneca, Оксфордын их сургууль аваад байна.
Үйлдвэрлэлийн хүчин чадал: Эл компани жилд хоёр тэрбум тун үйлдвэрлэх хүчин чадалтай.

 

Туршилтын шат: 3 / Тусгай зориулалтаар ашиглах зөвшөөрөлтэй
Вакцины нэр: Ad5-nCoV
Вакцины төрөл: Вектор вакцин

Хятадын “CanSino Biologics” компани Анагаахын шинжлэх ухааны армийн академийн харьяа Биологийн институттэй хамтран Ad5 аденовируст суурилсан вакцин бүтээжээ. Эхний шатны туршилт амжилттай болсон тухай тавдугаар сард мэдээлсэн ба хоёрдугаар шатны туршилтаар дархлааны хүчтэй хариу урвал үзүүлж буйг илрүүлэв. Тус вакциныг цэргийн зориулалтаар ашиглахыг зургадугаар сарын 25-нд Хятад улсад зөвшөөрчээ. Гэвч цэргүүдэд сайн дураар эсвэл албадан вакцин хийх эсэх нь тодорхойгүй. “CanSino Biologics”-ийн гуравдугаар шатны туршилтыг Саудын Арабт хийнэ гэж Саудын Арабын Эрүүл мэндийн сайд наймдугаар сарын 9-нд зарласан.
Вакцины захиалга: Тодорхойгүй
Үйлдвэрлэлийн хүчин чадал: Жилд 70-80 сая тун үйлдвэрлэх боломжтой.

 

Туршилтын шат: 3 / Зөвшөөрөлтэй
Вакцины нэр: Гам-Ковид-Вак-Лио/ Спутник V
Вакцины төрөл: Вектор вакцин

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Н.Ф.Гамалеин нэрэмжит Эпидемиологи, микро­биологийн үндэсний судалгааны төв Ad5 болон Ad26 адено­вируст суурилсан вакцины эхний шатны тур­шилтад 76 хүнийг хамруулсан ба наймдугаар сарын 1-нд туршилтаа дуусгасан. Гуравдугаар шатны туршилт эхлэхээс өмнө тус вакциныг ашиглах зөвшөөрлийг ОХУ-ын Эрүүл мэндийн яам наймдугаар сарын 11-нд олгосон юм. Мөн тухайн вакцины шинжлэх ухааны баримтыг олон нийтэд дэлгээгүй байна. Удалгүй эл зөвшөөрлийг тусгай нөхцөлтэй зөвшөөрөл хэмээнзалруулж, гуравдугаар шатны туршилтад 18-аас дээш насны 40 мянган иргэнийг хамруулж байгаа гэж наймдугаар сарын 24-нд мэдээлсэн юм. 2020 оны есдүгээр сараас эхлэн их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Вакцины захиалга: Тодорхойгүй
Үйлдвэрлэлийн хүчин чадал: Тодорхойгүй

 

Туршилтын шат: 3
Вакцины нэр: Тодорхойгүй
Вакцины төрөл: Амьд вакцин

 

“Wuhan Institute of Biological Products” компани сулруулсан коронавирусийг ашиглан вакцин бүтээсэн ба эмнэлзүйн туршилтыг нь төрийн өмчит “Sinopharm” хийж буй. Нэг, хоёрдугаар шатны туршилтад хамрагдсан хүмүүсийн биед эсрэг биет ялгарсан. Зарим хүмүүст халуурах зэрэг сөрөг нөлөөлөл илэрчээ. Гуравдугаар шатны туршилтыг Арабын Нэгдсэн Эмират, Перу, Марокко улсад долдугаар сард эхлүүлсэн бөгөөд 2020 оны эцэс гэхэд тус вакцин олон нийтийн хэрэглээнд очно гэж “Sinopharm” компанийн ТУЗ-ийн дарга хэлсэн байна.
Вакцины захиалга: Тодорхойгүй
Үйлдвэрлэлийн хүчин чадал: Зургадугаар сард шинэ үйлдвэр барьснаар үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилийн 200 сая тун болов.

 

 

Туршилтын шат: 3
Вакцины нэр: BBIBP-CorV
Вакцины төрөл: Амьд вакцин

“Beijing Institute of Biological Products”-ийн бүтээсэн вакцины туршилтыг мөн “Sinopharm” компани хариуцан хийж байгаа аж. Арабын Нэгдсэн Эмиратад 5000 хүн дээр тус вакцины гуравдугаар шатны туршилтыг хийж эхлээд буй.
Вакцины захиалга: Тодорхойгүй
Үйлдвэрлэлийн хүчин чадал: Жилд 200 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой.

 

 

Туршилтын шат: 3
Вакцины нэр: CoronaVac
Вакцины төрөл: Амьд вакцин

“Sinovac Biotech” компанийн CoronaVac вакцины нэг болон 743 хүнийг хамруулсан хоёрдугаар шатны туршилтаар хүчтэй сөрөг нөлөө илрээгүй ба дархлааны системийг өдөөсөн гэж зургадугаар сард мэдэгджээ. Иймд тус компани гуравдугаар шатны туршилтаа долдугаар сард Бразил, наймдугаар сард Индонез улсад эхлүүлсэн байна. Одоогоор нийт 11 мянган хүн туршилтад хамрагдаж буй.
Вакцины захиалга: Хэрэв туршилт амжилттай болвол Бразилд 120 сая тун, Индонез улсад 50 сая тунг 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны гуравдугаар сарын хооронд нийлүүлэхээр тохиролцжээ.
Үйлдвэрлэлийн хүчин чадал: Xүчин чадлаа 100 сая тун хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж буй.

“Монголчууд ба вакцин”

АНУ, Их Британи, Япон, Европын холбооны орнууд хэд хэдэн эм үйлдвэрлэгч компанитай хэлэлцээр байгуулж, коронавирусийн вакцин захиалаад байна. Хэдийгээр цар тахлыг дарахын тулд вакциныг дэлхий нийтэд тэгш хуваарилах нь хамгийн зөв шийдэл боловч зарим улс үндэсний эрх ашгаа эн тэргүүнд тавих эрсдэлтэй. Тухайлбал, АНУ ДЭМБ-аас гарах хүсэлтээ 2020 оны долдугаар сарын 6-нд хүргүүлэв. Мөн 2021 оны нэгдүгээр сар хүртэл АНУ-ыг 300 сая вакцинаар хангах “Operation Warp Speed” санаачилгыг тавдугаар сарын 15-нд эхлүүлжээ. Харин коронавирусийн вакциныг Европын холбооны гишүүн орнуудад хүртээмжтэй болгох зорилгоор Франц, Герман, Итали, Нидерланд улс “Inclusive Vaccines Alliance”-ыг байгуулсан юм. Мөн 2009 онд H1N1-ийн вакциныг баян орнууд худалдаж авч нөөцөлсөн түүхтэй ба нийт хүн амаа вакцинжуулж дуусах хүртэл вакцин экспортлохыг Австралийн Засгийн газар хориглож байсан удаатай.

Энэ удаад буурай орнуудыг орхигдуулахгүйн тулд олон улсын хамтын ажиллагааны COVAX түншлэлийг “Global Alliance for Vaccines and Immunizations”, “Coalition for Epidemic Preparedness Innovations”, ДЭМБ тэргүүлэн гишүүн орнуудын өмнөөс вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, COVAX нь дэлхийн улс бүрт вакцин хүртээмжтэй, тэгш хуваарилалтыг хангахаар байгуулагдсан юм. Тус түншлэлд хамрагдаж буй 172 орны 80 нь вакцин худалдаж авах хөрөнгөтэй бол үлдсэн 92 орон нь бага, дунд орлоготой, үүнд Монгол Улс багтаж буй. Тиймээс ядуу, буурай орнуудад зориулан COVAX-ийн “Advance Market Commitment”-ээр дамжуулан баян орнууд хандив өгөх боломжтой бөгөөд одоогоор 600 сая долларын хандив цуглараад байна. Эл түншлэл нь үр дүнтэй, аюулгүй вакциныг шуурхай нийлүүлэхийн тулд вакцин үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн түүнчлэн нийт есөн вакцины хөгжүүлэлтэд (үүнд, эмнэлзүйн гуравдугаар шатанд буй “AstraZeneca”, “Moderna”-ийн вакцин багтсан) хөрөнгө оруулж байна.

2021 оны эцэс гэхэд COVAX-аар дамжуулан хоёр тэрбум тун вакцин худалдан авч, 172 орны хүн амын 20 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

Гэхдээ эхний ээлжинд ямар бүлгийн иргэдийг вакцинжуулахаа COVAX бус тухайн улс шийдэх юм. Үүний дараа тухайн орны нөхцөл байдал, эрүүл мэндийн тогтолцоо зэргээс хамаарч нэмэлт вакциныг хуваарилах юм. COVAX одоогоор “AstraZeneca”-тай 300 сая вакцин нийлүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Монгол Улс хэзээ вакцин хүлээж авах нь аль улс эхэлж вакцин гаргахаас ихээхэн хамаарна. Хэрэв Хятад улсын вакцины гуравдугаар шатны туршилт амжилттай болж 9-12-р сарын хооронд ДЭМБ-аас зөвшөөрөл авбал Монгол Улсад 2021 оны эхэн эсвэл дундаас вакцин нийлүүлэгдэх магадлалтай. Учир нь БНХАУ-ын бүтээсэн Ковид-19-ийн вакциныг ДЭМБ баталгаажуулбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлнэ гэж тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хэлж байв. Хэдийгээр ОХУ-ын тал Монгол Улсад вакцин нийлүүлнэ гэж албан ёсоор мэдэгдээгүй ч хөрш орнуудад Ковид-19-ийн халдвар тархсаар байх нь Оросын иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт сөрөг нөлөөтэй. Иймд ОХУ-ын “Спутник V” вакцины гуравдугаар шатны туршилт амжилттай болвол 2021 эхэн эсвэл дундаас Монголд вакцин нийлүүлэх магадлалтай.

Нөгөөтээгүүр, вакцин бүтээсэн туршлагаас үзвэл АНУ, Европын эрдэмтэд түрүүлж вакцин гаргах магадлал өндөр. Хэрэв АНУ-ын “Pfizer”, “BioNTech” компанийн вакцин эмнэлзүйн эцсийн туршилтаар үр дүнтэй нь нотлогдвол нийт 600 сая тунг АНУ-д, 30 сая тунг Их Британид, 120 сая тунг Японд захиалгын дагуу нийлүүлсний дараа бусад орны зах зээл рүү гаргах юм. Эл компани COVAX-д нэгдвэл 2021 оны эцэс хавиар манай улс вакцинтай болно гэсэн үг. Харин “Moderna” компани COVAX-д хамрагддаг тул 9-12 сард вакцины зөвшөөрлөө авбал 2021 оны дунд эсвэл эцэс гэхэд COVAX-ийн дүрмийн дагуу хүн амын 20 хувьтай дүйцэх буюу 640 мянган тун вакциныг Монголд нийлүүлэх боломжтой.

Их Британийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн Женнер институт, Оксфордын вакцины группийн тухайд 2021 онд COVAX-т эхний ээлжинд 300 сая тун нийлүүлэх хэлэлцээр байгуулсан. Тиймээс Монгол Улсын хүн амын 20 хувийг 2021 оны дунд эсвэл эцсээр Оксфордын вакцинд хамруулах боломж гарах юм.

Товчхондоо, эмнэлзүйн гуравдугаар шатанд буй вакцинууд 9-12 дугаар сард зохих байгууллагуудаас зөвшөөрөл авч, 2020 оны эцэс эсвэл 2021 оны эхэн үеэс вакцин үйлдвэрлэж эхлэнэ гэж тооцвол:

Хятад, ОХУ-ын вакциныг 2021 оны эхэн эсвэл дунд;

АНУ-ын “Pritzer”, “BioNTech” компанийн вакциныг 2021 оны эцэс;

АНУ-ын “Moderna” компанийн вакциныг 2021 оны дунд эсвэл эцэс;

Их Британийн Оксфордын их сургууль, “AstraZeneca”-ийн вакциныг 2021 оны дунд эсвэл эцсээр Монголд нийлүүлэх төлөвтэй байна.

Монгол Улсын иргэдийг вакцинжуулах хүртэл хилийн хориг, 21 хоногийн карантиныг цуцлах мадагдлал бага тул 2021 оны дунд эсвэл эцэс хүртэл аж ахуйн нэгж хэвийн амьдралдаа орохгүй. Үүнийг иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого зэрэг цар тахлын эсрэг арга хэмжээ боловсруулахдаа Монгол Улсын төр, засаг анхаарах нь зүйтэй.

 

 

 

ariunzaya ariunzaya