Хүүхдээ цахимд постлох, “цовдлох”-ын нөлөө

Mongolian Economy
2026-05-14 11:00:07
Ангилал: Олон улс

Анхны алхмаа хийхээс ч өмнө хүүхдүүд дижитал орчинд ул мөрөө үлдээдэг болжээ. Эхийн хэвлийд байхад нь л эцэг эх нь эхоны зургийг, төрөнгүүт нь мөн гэрэл зургийг нь нийгмийн сүлжээндээ нийтлэх жишээтэй. Эцэг эх,  асран халамжлагч нь хүүхдийнхээ зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байнга тавих үзэгдэл (Sharenting) эрс нэмэгдэж, Өрнөдөд дөрвөн хүүхэд тутмын нэг нь хорвоод мэндлэхээсээ өмнө олон нийтийн сүлжээнд зургаа нийтлүүлдэгдэг гэсэн тоон мэдээлэл ч байх. Зарим аав ээж нар ингээд зогсохгүй хүүдүүдээ “нөлөөлөгч хүүхдүүд” (kidfluencers)  буюу нийгмийн сүлжээний од болгон хувиргадаг. Тэд гар утас, камер аваад хүүхдүүдийнхээ анхны үг, анхны алхам, өсгөж хүмүүжүүлэхэд нь тохиолдож буй бэрхшээл гээд амьдралынх нь чухал төдийгүй чухал бүс бүхнийг бичиж, буулгаж авна.

“Like, Follow, Subscribe” бол хүүхдийг нөлөөлөгч болгон ашиг, орлого олохын тулд тэдний хувийн орон зайг худалддаг олон тэрбум долларын бизнесийн тухай сонирхолтой ном юм. Гэр бүлийн энэхүү бизнес нь тун ашигтай. Зохиолч, сэтгүүлч Фортеза Латифигийн бүтээлээс үзвэл нийгмийн сүлжээн дэх ийм алдартай хаягууд нь компаниудаас төлбөртэй нийтлэлдээ дээд тал нь 200 орчим мянга ам.доллар, жилд 8-10 сая долларын орлого олдог байна.

Ийм төлбөртэй постонд хувийн гэхээр зүйл бараг үгүй. Хөтөвчинд сууж сургах нь живхний сурталчилгаа, анх удаа хөлийн үсээ хусах нь сахлын хутганы брендийг рекламдах сайхан боломжууд юм.

Үүнээс улбаалаад зах зээл нь өөрөө сурталчилгаанд хүүхэд тоглуулах, нүүр царай болгох гэсэн хоёр ойлголтын ижил төстэй байдлыг гаргаж ирж байгаа ч, хууль эрх зүйн эн тэнцүү хамгаалалт байхгүйг зохилч Латифи анхааруулж байна. Америкт л гэхэд ердөө таван мужид эцэг эх нь хүүхдийнхээ олсон мөнгийг тэдэнтэй хуваалцахыг шаардсан хууль хэрэгждэг байна. Гэхдээ зураг авахуулж, бичлэг хийлгэх тохиролцоо, хугацаа болон контентын хяналт нь эцэг эхийн сонголтоос шалтгаална.

Найман хүүхдийн эх, гэр бүлийн YouTube суваг хөгжүүлэгч Жулие Жеппсонноос “контентуудынх нь аль нь хамгийн алдартай вэ” хэмээн номын зохиолч асуухад, “хүүхэд нь гараа хугалсан, хамраас нь цус гарсан, эмнэлгийн яаралтай тусламжинд очсон” зэрэг бичлэг бусдаасаа олон үзэгч татсан гэдгийг хатагтай Жеппсон хүлээжээ. Компани, брендүүдтэй гэрээ байгуулж ажиллах нь маш ашигтай байсан болохоор олон хүүхэдтэй болсон эхнэр нөхрийг ч мэддэг тухайгаа нэгэн блоггер ярьсан удаатай.

Гэвч хүүхдийн инээмсэглэсэн царай тэдний сэтгэл дэх өөр өнгийг халхалж байж болох юм. Хүүхэд хүчирхийллийн хэргээр 2024 онд яллагдсан нөлөөлөгч эмэгтэйн охин 23 настай Шари Франке Юта мужийн хууль тогтоогчдын өмнө мэдүүлэг өгөхдөө өөрийгөө Sharenting-ийн хохирогч хэмээгээд “ямар ч мөнгө интернэт даяар зарласан хүүхэд насыг минь нөхөж чадахгүй” гэжээ. 2025 онд Юта муж нөлөөлөгч болон сурталчилгааны баатар болсон хүүхдүүдийг хамгаалах хууль баталж, олсон мөнгөнийхөө зарим хэсгийг хадгалж, хүүхдүүд дараа нь тэр контентуудыг устгах хүсэлт гаргах боломж олгохыг эцэг эх, асран хамгаалагчдаас шаардаж эхлээд байна.

Магадгүй аав ээж нар удахгүй хүүхдийнхээ хайр татам зураг, эхоны зургийг нийтлэхээсээ өмнө дахин тунгаан боддог болох биз ээ.

Эх сурвалж: The Ecоnomist, Фортеза Латифийн Like, Follow, Subscribe ном

Сэтгүүлч: Б.Даваажав

Mongolian Economy