Хөгжлийг холбогч
Төмөр замаа барьдаг, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг хариуцлага хүлээсэн компани болох хөгжлийн гарааны огцом эргэлтийн цэг дээр ирлээ гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү хэллээ.
Хямрал бол боломж. Асар их боломж байдгийг ойлгуулсан ковидын давлагаа яваад өнгөрлөө. Манай эдийн засгийн бүтэц уул уурхайн орлогоор явдаг. Экспортын орлогын 80 гаруй хувийг уул уурхайн салбар оруулдаг. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолсноор төсвөө бүрдүүлж, бүтээн байгуулалтуудаа хийж, цалин тавьж, нийгмийн салбарын асуудлуудыг шийддэг. Манай эдийн засгийн бүтэц, одоогийн нөхцөл байдлыг ковидын хямрал улам тодотгосон. Урд хилийн боомтууд дээр нүүрс ачсан олон мянган машин гарч чадахгүй болсноор экспорт багасаж, эдийн засаг хүндэрч ирснийг бид бодитоор олж харсан.
Төмөр зам ач холбогдолтой гэдэг нь тодорхой. Бүх л улс орон төмөр замаа хөгжүүлж, ачаа тээврийнхээ эргэлтийг сайжруулснаар хөгжлийн манлайд хүрсэн байдаг. Төмөр замаа хөгжүүлж байж улс орон эрчимтэй хөгжинө. Бид үүнийг ойлгож байсан, гэхдээ төмөр зам хөгжлийг хөтлөгч юм аа гэдгийг ковид бидэнд илүү сайн ойлгуулж өглөө.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боомтын сэргэлтийн бодлогыг дэвшүүллээ. Уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж байж орлого олдог хэрнээ нөгөө ачаа бараа нэвтрүүлэх боомтуудаа барьж байгуулах, үйл ажиллагааг сайжруулах асуудлаа шийдээгүй нь хөгжлийг боомилогч хүчин зүйлүүдийн гол нь боллоо гэж үзэв.
Төмөр замаа хилийн боомтууд руугаа барьж, хил дамнан холбох шаардлагууд гарч ирж байна. Хилийн төмөр замуудыг богино хугацаанд барьж байгуулахаар одоо ид ярьж байна.
Эхлээд хил дамнасан төмөр замын асуудлуудаа шийдэх нь зөв юм байна гэдэг дээр төрийн бодлого төвлөрлөө.
Тухайлбал, эхний ээлжид зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын боомтын зориулалттай хилийн төмөр замыг Хятадын талтай холбогдох хэлэлцээ хийн барья гэж байгаа юм. Манай Засгийн газар “Монголын төмөр зам” ТӨХК-ийг томилсон. Одоо урд хөрш хариуцах байгууллагаа томилно. Боомтоо төмөр замаар холбосны дараа төмөр замаа Монгол Улс дотроо үргэлжлүүлэн барина. Баруун босоо тэнхлэгийн төмөр замыг мөн адилхан жишгээр хийнэ. Эдгээр ажлыг эхлүүлэхээр гадаад талдаа яриа хэлэлцээний түвшинд, дотооддоо төслийн нарийн төлөвлөлт гаргаад ажиллаж байна.
2023 онд “Монголын төмөр зам” ТӨХК үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой болно. Нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улс орны хөгжлийг хурдасгасан томоохон бүтээн байгуулалтууд, аж үйлдвэрийн цогцолбор төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд төмөр зам зайлшгүй шаардлагатай. Тийм учраас Монгол Улс үндэсний төмөр замын компанитай байх ёстой гэсэн шийдвэрийг төр 2008 онд гаргасан. Энэ асуудалд үе үеийн засгийн газрууд анхаарч ажиллаж ирсэн. Гэхдээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажил ихэнхдээ цаасан дээр явдаг байсан бол Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сард хэд хэдэн томоохон шийдвэр гаргасан билээ. Олон жижиг төмөр замаа нэгтгэж, үндэсний төмөр замын компанийг босгох, удирдлагаар хангах шийдвэрүүдийг зоригтой гаргаж өглөө. Одоо бол манайх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, барьж байгуулдаг, хариуцлага хүлээсэн компани болж байна. Төмөр замаа барьдаг, ашигладаг, засварладаг, тээвэр үйлчилгээг хийдэг цогц иж бүрдэл компани болох хөгжлийн гарааны огцом эргэлтийн цэг дээр ирлээ. Засгийн газар бидэнд итгэлээ. Одоо бид ажиллах л үлдлээ.
Цоо шинэ компани босч буйтай адилхан юм. Чадварлаг боловсон хүчин шаардлагатай болж байна. Энэ бол том сорилт. Ажлын байраар хангах нь чухал бус чадварлаг мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох, бэлдэх шаардлагатай. “МТЗ” компанийнхан энэ үүрэг хариуцлагаа ухамсарлаж, биелүүлж ажиллах ёстой. Нөгөө талаас, төмөр замын үндэсний компаниа босгоход гар бие оролцьё гэсэн хандлага гарч ирж, урсгал наашаа байгаа нь олзуурхууштай.
УИХ Төмөр замын тухай хуулийн төслийг энэ оны хаврын чуулганаар хэлэлцэхээр байгаа. Энэ хуулиар төмөр замын суурь бүтэц эзэмшигч, дээгүүр нь тээвэрлэлт хийх ажиллагаа хоёрыг салгаж өгье. Өрсөлдөөн бий болгоё. Суурь бүтэц эзэмшигчид нь төрийн өмч давамгайлсан, концесс эзэмшигчид байх юм байна. Дээгүүр нь тээвэр хийхэд өрсөлдөөн бий болгох нь эдийн засагт чухал ач холбогдолтой юм байна гэсэн өөрчлөлт бүхий хуулийн төсөл явж байгаа.
Бидний хамгийн том сорилт уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаараа хэрхэн тээвэрлэж орлого олох вэ гэдэгт л анхаарах нь чухал байна. 2023 онд “МТЗ” компанийн хувьд их ажлын жил байх болно.
Монгол Улс далайд гарцгүй сул талтай. Гэтэл олон улсын худалдааны дийлэнх нь далайн тээврээр явдаг. Манай экспортын бараа бүтээгдэхүүний ихэнх нь эзэлхүүн ихтэй уул уурхайн бараа бүтээгдэхүүн байдаг бөгөөд хямд өртөгөөр, хурдан шуурхай, их хэмжээгээр зах зээлд тээвэрлэн нийлүүлэх шаардлага үүсдэг. Далайд гарцгүй, экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар зэргээс харахад далайн боомтууд буюу олон улсын зах зээлд хөрш төмөр замуудаар дамжиж л хүрэхээс өөр сонголт байхгүй.
Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Владивостокт зохион байгуулсан Дорнын эдийн засгийн нэгдсэн чуулганд цахимаар оролцож, “Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг тавьж байна.” гэж хэлсэн байдаг.
Монгол Улс нь далайд гарцгүй сул талаа Ази-Европыг холбосон хамгийн дөт зам болох газарзүйн давуу байдал болгон ашиглаж, Ази-Европ тэр дундаа Орос, Хятадын огцом өсөн нэмэгдэж буй худалдаа тээврийг өөрийн улс дээгүүр дамжуулан тээвэрлэх асар их боломж бидний өмнө байгаа билээ.
Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд одоо буй төв магистраль Наушки-Cүхбаатар, Замын-Үүд-Эрээнийг холбосон төмөр замын суурь бүтцийн шинэчлэлийг ярьж байгаа. Мөн зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замуудыг үе шаттайгаар богино хугацаанд барьж байгуулах нь тодорхой болчихлоо.
Манай орны зүүн бүсэд голдуу хүрэн нүүрсний ихээхэн хэмжээний нөөцтэй уул уурхайн орд газрууд байдаг. Хүрэн нүүрс нь эрчим хүч үйлдвэрлэхэд гол төлөв ашигладаг, зах зээл дээрх үнийн хувьд тийм ч сайн биш металл юм. Тиймээс зах зээл дээр өрсөлдөх чадвар нь сул байдаг. Зах зээл дээрх үнийн хувьд урд хөршид их хэлбэлзэн өөрчлөгддөг зэргээс шалтгаалаад төмөр замын төслийн хувьд тээвэрлэх ачааны сайн эх үүсвэр болж чаддаггүй. Бусад төрлийн цайр, зэс, түүхий газрын тос зэрэг ачаа байгаа ч асар их хөрөнгө оруулалттай төмөр замын төслийн эдийн засгийн үндэслэлийн хувьд тийм ч сайн тооцоо гараагүй. Харин хоёр хөршийн транзит ачаатай хосолж байж энэ төсөл нь эдийн засгийн үндэслэлтэй болж байгаа.
2022 оны наймдугаар сард “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн орлогч дарга Монгол Улсад ирэх үеэрээ зүүн босоо тэнхлэгийн төмөр замаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэхэд бэлэн гэж тэмдэглэсэн. Мөн 2022 оны аравдугаар сард БНХАУ-ын “Жиньжоу порт” группын захирал уулзахдаа дэд бүтцүүд баригдаагүй ч өнөөдөр 38 мянган чингэлэг ачаа явуулах, хэрвээ төмөр зам баригдчихвал жилдээ доод тал нь 80 мянган чингэлэг транзитаар тээвэрлэх, 20 сая тонн уул уурхайн ачаа бараа импортоор авах хэрэгцээ шаардлага буйгаа илэрхийлсэн.
Энэ бол 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрт туссан Зүүн хойд болон Хойд Хятадын бүс нутгийн далайн найман боомтын нэг нь л байгаа. Үүнээс гадна Зүүн Хойд Хятадад төдийгүй дэлхийн хэмжээнд тооцогддог далайн олон боомттой төмөр замын сүлжээгээр холбогдон тэдгээрээр дамжин олон улсын тээвэр логистикийн сүлжээнд холбогдох болно.
Зүүн босоо төмөр замын төсөл дээр манай улс ачаа бараагаа экспортлох сонирхол байгаа. Мөн хөрш орнуудын ч сонирхол байгаа нь оролцогч тал бүрийн сонирхол нэгдсэн гэсэн үг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр нөхцөл байдал болон стратегийн ач холбогдлыг онцгойлон анхаарч, энэ төслийн нээлтийг өнгөрсөн онд хийсэн гэж ойлгож байна.
2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын нийслэл Ташкентад болсон ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр гурван улсын Ерөнхийлөгч нарын “Эдийн засгийн коридор” байгуулах 32 төсөл хэрэгжүүлэхээр тохирсны хамгийн бодитой нь энэ төсөл юм. Үлгэр жишээ төсөл зүүн коридор байх болов уу гэж харж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын сүлжээг бий болгох ажлуудыг 2023 онд хийнэ. Хоёр хөршийнхөө төмөр замын бодлоготой уялдсан байвал илүү өгөөжтэй гэж харж байгаа. Гэхдээ энэ нь хөршүүдийн бодлогыг заавал дагаж мөрдөнө гэсэн үг биш, харилцан ашигтай хамтын ажиллагааг илүү эрхэмлэж, Оросын төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэг, Хятадын төмөр замууд корпорацитай хэлэлцээр хийх бэлтгэл ажлаа хангаж байна.
Ирэх 15, 30 жилд төмөр замын салбар улс орныхоо эдийн засгийг өөд нь татаж босгож ирэх, илүү хүчирхэг болгоход бодитой хувь нэмэр оруулна гэж төсөөлж байна. Эдийн засгийн харилцааг харахаар зам тээвэр хоёр хөрш рүү буюу зах зээл рүү л чиглэж хөтөлнө. Хөрш улсуудыг алгасаад их хэмжээгээр экспортлоод буй бүтээгдэхүүн манайд ховор. Хамгийн том ачааг төмөр зам л үүрч явж байгаа. Цаашдаа ч нэмүү өртөг шингэсэн, үнэ цэн бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тээвэрлэх нь манай улсын зорилго байх болно.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү
“Дэлхий-2023онд” тусгай дугаараас