Түрүүч нь

БАС НЭГЭН ЁРООЛГҮЙ САВ

Тун саяхан даа, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд бүтэн өдөр ажиллахдаа малчид, энгийн иргэд уул уурхайн компаниудын хандив дэмжлэгийн талаарх мэдээллийг ямар их сонирхдогийг ойлгож авав. Даланжаргалан сум бол Заамартай адил уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоогоор улсдаа хоёрдугаарт бичигддэг газар. Энэ оны эхний хагас жилийн байдлаар ашиглалтын 70 гаруй, хайгуулын 30 гаруй тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Оршин суугчид, малчид нь уул уурхайн нөлөөлөлд хамгийн их өртдөг, яг л Заамар лугаа адил. Уурхайн ухсан нүхэнд мал нь унаад үхэх, нөхөн сэргээлт хийсэн талбай нь доош цөмрөн орж хүн мал хохирохыг эндэхийн малчид тавилан мэт хүлээж авдаг болчихож. 30 гаруй насны малчин эмэгтэй гар утаснаасаа уурхайн нүхэнд тогтсон ус руу унасан малынхаа зургийг үзүүлэнгээ “Нүх нэлээд гүн байсан. Үхрээ татаж гаргах гэж бүтэн өдөржин болсон. Гаргаж чадахгүй бол тэнд нь орхиё доо гэж бодож байсан” гэлээ.

Заамар сум алт ангуучлагчдын шуналыг гүйцээж буй бол Даланжаргалан нүүрс олборлогчдын хөлд үрэгдэж дуусаж байгаа сум. Хачирхалтай нь, уул уурхайн нөлөөлөлд хамгийн их өртөж, мал нь бэлчээргүй, амьдрах орчин нь тоос шороонд дарагдаж байхад малчид нутаг орныхоо уул уурхайн талаар бодит мэдээлэлгүй, уул уурхайтай холбоотой ямар шийдвэр гарч байгааг тоодоггүй нь харамсалтай.

Малчдын мэдээллийн хэрэгцээг ойлгохоор явж байсан бидэнд Даланжаргалан сумын таван багийн малчин иргэд уул уурхайн компаниудын өгсөн хандив дэмжлэгийн талаар сайн мэдээлэлтэй болох хүсэлтэйгээ хэллээ. Энд тэнд хандив өглөө л гэж дуулдаг ч тэр хандив нь чухамхүү хаачдагийг өөрсдөө мэддэггүй аж. Нэгэнт тухайн орон нутгийн иргэд газрын хэвлийн баялгаа олборлуулж буй бол эргээд тэр хэрээр амьдрах орчин нь сайжирч, ахуй нь дээшилж, нутаг орон нь хөгжих учиртай. Харамсалтай нь, Даланжаргалан бол хариуцлагагүй уул уурхайн муугийн муу жишээ гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Хариуцлагагүй гэдэгт өнөөх хандивын зарцуулалт ч гэсэн орж байгааг онцолъё.
Дорноговь аймагт уул уурхайн компаниудын хандивыг “Дорноговь их хөгжил сан” ТББ авдаг. “Говийн оюу хөгжлийн сан”-г эс тооцвол хамгийн их хандив авдаг сан. Гэтэл тэрхүү нийтийн мөнгө яаж зарцуулагдсан талаарх мэдээллийг интернэтээс эрээд олдохгүй. Их мөнгө төвлөрдөг атлаа сангийн талаарх албан ёсны цахим хуудас, ядаж Facebook-ийн пэйж хуудас ч байхгүй юм. Ямар ч байсан УЗ-дөө долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр 2016 онд байгуулагдсан юм байна. УЗ-ийн даргаар П.Бямбанаранжав, Гүйцэтгэх захирлаар Л.Бүрэндэлгэр гэдэг хүн ажилладаг, Дорноговь аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой аж. Дорноговийн иргэд тус санд хэдий хэмжээний мөнгө төвлөрч, хаашаа захиран зарцуулдаг болохыг огт мэддэггүй. Гэхдээ тус аймгаас УИХ-д хэдэнтээ сонгогдсон Б.Дэлгэрсайхан нутаг орноо хөгжүүлэх зорилгоор байгуулсан гэж ойлгодог аж.

Харин санд аль компаниас, ямар зориулалтаар хэдэн төгрөгийн хандив өгснийг ОҮИТБС-ийн нээлттэй өгөгдлөөс өөр эх сурвалжаас харах боломжгүй.

Олон нийтийн хөрөнгийг авч, захиран зарцуулж буй байгууллагууд ил, тод байх ёстой. Энэ бол нийтийн жишиг. Гэвч уул уурхай дагасан “Хөгжлийн” нэртэй, нийтийн мөнгөн дээр сандайлж суусан сангуудын дийлэнх нь энэ жишгээс гажуу тогтолцоотой оршиж байна.

САНГУУДЫН “ХӨГЖСӨН” САЛАА ЗАМУУД БА АВЛИГЫН ЭРСДЭЛ

2017-2019 онд уул уурхайн компаниудаас нийт 50 тэрбум гаруй төгрөгийн хандив дэмжлэг сангуудаар дамжсан байна. Гэхдээ үүний тун багахан нь ОНХС-аар дамжиж байгааг онцолъё. Дийлэнх нь хувийн сангуудад төвлөрчээ. Эдгээр санг судалж үзвэл, засаглалын хувьд янз бүр байна. Тухайлбал, нийт хандивын тал орчим хувь нь дамждаг “Говийн оюу хөгжлийн сан” гэхэд Оюутолгой ХХК-ийн хяналт дор сангийн хөрөнгөө зарцуулдаг. “Ховд хөшөөт хөгжил сан” нь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх байгууллага гэдгийг өмнөх нийтлэлд дурдсан. “Дорноговь их хөгжил сан”, “Заамар нутгийн хөгжлийн сан”-ийн удирдлага нь долоон хүний бүрэлдэхүүнтэй. Тэдгээр хүмүүсийн шийдвэрээр сангийн хөрөнгө зарцуулагддаг гэсэн үг.

Гэтэл Дорнод, Баянхонгор аймаг уул уурхайн хандиваа Орон нутгийн хөгжлийн сангаар буюу улсын хяналттай, буцаан хуваарилалттай сангаар хүлээн авдаг жишиг арай түгээмэл байна. Аль аль нь нутаг орноо хөгжүүлэхэд зориулсан үйл ажиллагаа явуулна гэжээ. Эдгээрээс сангийн хөрөнгийн захиран зарцуулалтын хувьд хяналт сайтай нь “Говийн оюу хөгжлийн сан”, Орон нутгийн хөгжлийн сангууд. Бусад сангийн хувьд хөндлөнгийн хяналт байхгүй тул нийтийн баялгийн хөрөнгө нь ёстой л нийтийн дундаа эзэнгүйдсэн дүр зурагтай байна. Нэг ёсондоо, сангийн хөрөнгийн захиран зарцуулалт ил тод байх эсэх нь сангийн засаглал хэр зэрэг эрүүл, удирдлага нь хэн байхаас ихээхэн шалтгаалж байна.

Сангууд яагаад ийм салаа замаар “хөгжиж” байгаа талаар “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалийн хөтөлбөр хариуцсан менежер Д.Эрдэнэчимэг “Хуулиараа ашигт малтмалын нөөц ашигласны болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн тодорхой хувь тухайн аймаг, сумдад хуваарилагдах ёстой. Үүгээр уул уурхайтай орон нутгийн үр өгөөжийг тооцдог хэдий ч энэ зохицуулалт сүүлийн  жилүүдэд огт хэрэгжээгүй. Нөгөөтээгүүр, уул уурхайтай орон нутгуудын аймаг, сумын Засаг дарга нар тусгай зөвшөөрөлтэй компаниудтай гэрээ байгуулж ажилладаг. Энэ хүрээнд орон нутагт оруулах хөрөнгө оруулалтыг хандив, дэмжлэг өгөх, авах байдлаар зохицуулж ирсэн. Гэтэл энэ шийдэл нь өөрөө Төсвийн тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх хуультайгаа зөрчилддөг” гэв.
Төсвийн тухай хуулиар төрийн байгууллага нь зөвхөн боловсрол, эрүүл мэнд, соёлын чиглэлээр хандив, дэмжлэг авах эрхтэй. Хэрэв хандив, дэмжлэг авсан бол хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбоотой шийдвэр гаргах ёсгүй. Гэтэл сумын Засаг дарга жил бүр тухайн компанийн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж, газрын зөвшөөрөл өгдөг. Энэ нь хоёр жилийн хугацаанд хандив өгсөн компанитай холбоотой шийдвэр гаргахгүй байх гэсэн хуулийн заалт огт хэрэгжих боломжгүй байгааг харуулж байна. Тиймээс л ТББ-ын статустай буюу янз бүрийн нэртэй сангуудаар дамжуулж хандив, дэмжлэгийг төвлөрүүлж байгаа. Нийтийн өмчийн байгалийн баялгаас нийтийн зориулалтаар хөрөнгө татан төвлөрүүлж байгаа эдгээр сангуудын орлого, төлөвлөлт, зарцуулалтад ил тод байдлын хувьд өндөр шаардлага тавих учиртай гэж  Б.Эрдэнэчимэг тайлбарлалаа.

Тиймээс уул уурхайн компаниудаас хандив дэмжлэг хүлээн авах одоогийн жишгийг илүү системчилж, хяналттай, ил тод тайлагналтай болгох тусгайлсан зохицуулах хэрэгцээ байгаа нь тодорхой байна. Нийтийн баялгаас бий болсон орлого мөнгийг төвлөрүүлдэг гэдэг утгаараа уул уурхай дагасан “хөгжлийн сан”-уудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, олон нийтийн хараа хяналт дор өрнөх учиртай.

Хуулийн зохицуулалтгүй энэ том орон зай нь нийтийн баялаг “Хөгжлийн сан” нэртэй ёроолгүй саваар дамжин олон нийтийн хяналтаас гадуур зарцуулагдаж, авлигын хөрс болж байна гэж сэрдэх хангалттай шалтгаан юм.

“Манай олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга цахим системээрээ дамжуулан уул уурхайн компаниудын өгсөн, төрийн байгууллагуудын авсан хандивын талаарх тайланг бүгдийг нь биш ч гэлээ ихэнхийг нь авч байгаа. Гэхдээ хандивын зарцуулалтын асуудлыг авч үзэх нь хамгийн чухал юм. Тухайлбал, боловсролд зарцуулаарай гээд хандив өгсөн бол боловсролд зарцуулсан уу, үгүй юү, хуулийн дагуу байсан эсэхийг нягтлах нь маш чухал. Бидний хардаж буйгаар хандив авсан аливаа нэг сан нь тайлангаа тавихгүй байна гэдэг нь тухайн хандивыг буруу замаар ашигласан байхыг үгүйсгэхгүй. Зарим хандив авч буй газрууд хуульд заагаагүй буюу сумын ой тэмдэглэх гэх мэт үйл ажиллагаанд тухайн мөнгийг ашигладаг байдал нэлээдгүй харагддаг. Тэгэхээр болзошгүй дүгнэлт бол хандив гэдэг нэрийн дор авлига өгч байж ч магадгүй байдал юм” хэмээн Азийн хөгжлийн банкны Олборлох салбарын засаглалыг сайжруулах төслийн менежер З.Баярхүү хэллээ.

Зарцуулалтаа ил тод тайлагнахгүй байх аваас нийтийн баялаг аль нэг  сан руу, эсхүл хэн нэгний халаас руу ороод байгааг няцаах аргагүй байна. Тиймээс л хандив, дэмжлэгийг өгсөн болоод авсныг эн тэнцүү тайлагнуулах, ингэхдээ хамгийн чухал нь зарцуулалт нь зориулалтын дагуу байгаа эсэхэд хяналт тавих нь хэрэгтэй. Ингэж гэмээнэ 100 хувь тайлан тэнцэж, аливаа хардлага сэрдлэг гарахгүй, бүх зүйл ил тод байх нөхцөл бүрдэх юм.

АТГ-ын төрийн байгууллагуудын Шударга байдлын үнэлгээний 2015 оноос хойшх үзүүлэлтийг харахад уул уурхайтай, хандив дэмжлэгийн нэлээд хэсгийг авдаг Өмнөговь, Дорноговь, Ховд, Баянхонгор зэрэг аймгийн ЗДТГ-ын үнэлгээ сайжраагүй, заримынх нь үзүүлэлт муудсан байгааг доорх дүрслэл харуулж байна.



ХАНДИВАА ДЭНСЛЭХ ҮҮ, ТББ-ЫН ХУУЛИА ШИНЭЧЛЭХ ҮҮ

Төдийгөөс өдий хүртэл, цаашид хаа хүртэл хандив гэдэг зүйл хяналтгүй явах вэ? Тиймээс нэн яаралтай хандивыг зохицуулах тусгай хуультай болмоор байна. Хандивын тухай хууль манай улсад огт байдаггүй. Уул уурхайгаас их хэмжээний хандив төвлөрч буйн  сангуудын санхүүжилт, үйл ажиллагааны ил, тод байдлыг хангаж, хэнээс ямар санхүүжилт авч, юунд зарцуулж байгааг нээлттэй мэдээлдэг болоход яалт ч үгүй одоогийн гажгийг засаж, цаашид сайжруулах эрх зүйн орчин үгүйлэгдэж байна.

Б.Эрдэнэчимэг “Нийтэд үйлчилдэг гэдэг утгаараа ашгийн бус статустай сангуудын хяналт олон нийтийн хараан дор л байх ёстой. Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд, уул уурхайн салбарт нийтийн баялгийг ашиглан бий болсон хөрөнгийг төвлөрүүлж буй сангийн зохицуулалт нээлттэй байх нь чухал. Ингэхдээ ямар хэлбэрээр, хэзээ ямар орлого хүлээн авсан,  сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын чиглэлүүд юу байх, түүнийгээ хэрхэн сонгох, сонгохдоо орон нутгийн иргэдийн оролцоог яаж нэмэгдүүлэх, хандив өгч буй уул уурхайн компаниудын хяналт ямар байх, эргээд иргэддээ хэрхэн тайлагнах гэх мэт нарийвчилсан зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Ийм зохицуулалт байхгүй учраас л хандив, дэмжлэгийн зарцуулалт нутаг нутагт янз бүрээр хэрэгжээд явж байна. Гэхдээ бүгдийг нь огт тайлагнадаггүй, хяналтгүй яваад байна гэж хэлж болохгүй. Мэдээллээ ил тод болгож буй сайн сангууд бий. Гэхдээ нийтлэг жишиг, зохицуулалт нь ийм сул байна” гэлээ.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга П.Сайнзориг “Сангийн удирдлагыг төрийн байгууллага тэргүүлж буй тохиолдолд хууль, эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгох шаардлага байна гэж харагдаж байна. Цаашид сангийн үйл ажиллагаа хаанаас, хэнээс ямар санхүүжилт авч, юунд зарцуулагдаж байгаа зэрэг нь тодорхой болох ёстой. Иргэний хуулиар сан гэдэг бол олон нийтийн өмч бөгөөд хэн нэг санхүүжүүлэгчийнх биш. Санхүүжүүлэгч байгууллага тухайн санд мөнгөө өгсөн л бол тухайн хөрөнгө олон нийтийн өмч болдог. Хандив өгч байгаагийн болон хувь этгээдийн буюу үүсгэн байгуулагчийн өмч биш гэсэн үг. Тэгэхээр олон нийтийн өмч учраас зохицуулалт шаардлагатай. Дээрээс нь өнөөдөр сан байгуулж, бизнесийн зарим үйл ажиллагаагаа үүгээр дамжуулан явуулдаг, татвараас зугтах зорилгоор сан хэлбэртэй байдаг гэх мэт асуудлууд байгаа. Энэ бүхнийг цаашид анхаарч авч үзэх ёстой” хэмээв.

Нийтийн баялгийг хэрхэн эзэнгүйдүүлж, шамшигдуулж буй буруу жишгийг халахад эдийн засгийг нуруундаа үүрдэг уул уурхайн салбарын манлайлал юу юунаас илүү үгүйлэгдэж байна. ДНБ-ий дөрөвний нэг, төсвийн орлогын 30, экспортын 90, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг эзэлж буйн хувьд уул уурхайн салбарын манлайлал жин дарах учиртай.

“Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт тусгаснаар уул уурхайн салбар ирэх 30 жилд ч Монгол Улсын эдийн засгийг тэнхээ мэдэн залах нь тодорхой байна. Нөгөөтэйгүүр, их мөнгө эргэлддэг салбар учир ил тод байдлыг нэмэгдүүлж, нийтийн баялгаас орж ирсэн нэг төгрөгийг ч хаашаа, юунд зарцуулсныг алдалгүй бүртгэж, хяналт тавьдаг байх ёстой.

Үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, тайлагнал, хяналт бүрдээ иргэдийн оролцоог хангах, ил тод байдлаа хангаж чадахгүй бол тухайн сангийн удирдлага нь хариуцлага хүлээдэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий болсон байгааг энэхүү нийтлэлийн дата шинжилгээ, бодит баримтууд илтгэж байна. Уул уурхайн орлогын шударга дахин хуваарилалтыг хангах тэрхүү ил тод орчныг бүрдүүлж чадвал бизнесийн орчин ч сайжирч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, уул уурхайн компаниудын тулгамдсан асуудал болсон нийгмийн лицензийн “шалгуур” багасна. Тэр хэрээр уул уурхай ирэх жилүүдэд эдийн засгийг солонгоруулах түүхэн үүргээ биелүүлэх биз ээ.

tselmeg tselmeg