Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг хуваарилахаа мэдэгдэв

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын ногдол ашгийн хэмжээ жил тутам нэмэгдсээр байна. Тухайлбал, 2021 онд 37 компани цэвэр ашгаасаа 161.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан бол энэ үзүүлэлт 2022 онд 47 компани 212.8 тэрбум төгрөг, 2023 онд 44 компани 653.2 тэрбум төгрөг болж өссөн.
2005 оноос хойш нээлттэй болсон 38 компани 704 тэрбум төгрөгийн хөрөнгийг анхдагч зах зээлээс босгожээ. Үүний 63 хувийг нь банкууд, үлдсэн 32 компани 300 орчим тэрбум төгрөгийг босгосон байна. Эдгээр компаниудын хувьцааны зах зээлийн үнээс харахад компанийн хувьцааны үнэ анх зах зээлд гаргасан үнээсээ хамгийн багадаа 2 хувиар, хамгийн ихдээ 14.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн үнэ цэн хэрхэн өссөнийг харуулж байгаа юм. Тухайлбал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ны хувьцаа анх зах зээлд гарахдаа 100 төгрөгөөр арилжаалагдсан бол жилийн дараа нэгж хувьцааны үнэ 300 төгрөг болж өссөн. Энэ нь тухайн үед 10 сая төгрөгөөр хувьцаа авсан хүний хөрөнгө оруулалтын үнэ цэн нэмэгдэж, жилийн дотор 30 сая төгрөг болсон гэсэн үг юм.
Ийнхүү “Монголын хөрөнгийн бирж” ХК 2024 оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 47 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн “Монгол базальт” ХК 2024 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг 136,648,693.08 төгрөгөөс нэгж хувьцаанд 2.42 төгрөгөөр тооцон нийт 136,529,140 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдсэн байна. Мөн “Баянгол зочид буудал” ХК 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 330 төгрөг байхаар тооцож ногдол ашиг хуваарилахаа мэдэгдсэн бол “Талх чихэр” ХХК нэгж хувьцаанд оногдох ашгийг 450 төгрөгөөр тогтоон, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. Түүнчлэн “Хас банк” 27 төгрөг, “Тэнгэр даатгал ”67.12 төгрөгийг нэгж хувьцаанд хуваарилахаар болсон байна. Энэ мэтчилэн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанид ногдол ашиг хуваарилахаа мэдэгдэж байна.