Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгт хүрэв

Sarangerel
2024-12-04 12:15:07
Ангилал:

Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл “амь орсон” гэхэд болно. Хөрөнгийн бирж дээр гарах шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэн, компаниуд нээлттэй болох үйл явц эрчимжиж, зах зээл дээр тоон болон чанарын ахиц дэвшил гарсан. Мөн Монголын хөрөнгийн биржээр дамжуулж уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалж эхэлсэн нь биржийн үйл ажиллагааг тэлэхэд асар хурдтай нөлөө үзүүлж байна. 2023 онд “Монголын хөрөнгийн бирж” ХК FTSE Russell-ийн “Хөгжиж буй” зах зээлийн зэрэглэлд орсон нь хөрөнгийн зах зээлийг олон улсад урагш ахиулав. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд системийн таван банк олон нийтэд хувьцаагаа санал болгосноор нийт 446.8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнүүдийг бүртгэн олон нийтэд санал болгож, 140 гаруй тэрбум төгрөгийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг давж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16.9 хувьд хүрчээ.

2023 оны хоёрдугаар хагасаас төрийн болон орон нутгийн өмчийн компаниуд нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны хагас гэхэд гурван сая тонн, жилийн эцсээр 15.6 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалсан байна. Үүний 14.9 сая тонн нь нүүрс, 677 мянган тонн нь төмрийн хүдэр, баяжмал байжээ. Нүүрсний арилжааны дийлэнх хувийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс, харин төмрийн хүдэр, баяжмалын хувьд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн хүдэр эзэлж байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр “Экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа өмнө ил тод бус, ямар үнээр арилжаалж байгаа нь тодорхойгүй байсан. Тэгвэл арилжааг биржээр хийснээр зах зээлийн бодит ханш тогтож, арилжааны талаар үнэн зөв мэдээллээр хангагдах боломжтой болсон. Олон өрсөлдөгч арилжаанд оролцох тусмаа бүтээгдэхүүний үнэ өсөх боломж нэмэгдэж байна” гэв.

2024 оны аравдугаар сарын 15-ны байдлаар нийт 36.1 сая тонн буюу 15.3 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүнийг арилжаалаад байна. Ам.долларт шилжүүлбэл 4.5 /4.48/ орчим тэрбум ам.доллар Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамжиж Монгол Улсад орж иржээ.  Өнөөдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалж буй компаниудын үнийн өсөлтөөс олсон нэмэлт орлого 1,285.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК эрчимтэйгээр нүүрс арилжаалж одоогийн байдлаар 22.3 сая тонн, харин “Энержи ресурс” ХХК 5.8 сая тонн нүүрс тус тус арилжаалжээ. Энэ оны 3-р улирлын байдлаар өнгөрсөн жил арилжаалсан уул уурхайн бүтээгдэхүүнээс даруй хоёр дахин их бүтээгдэхүүн арилжаалах төлөвтэй байна.