Хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх боломж

Mongolian Economy
2019-11-06 16:22:59
Ангилал: Эдийн засаг

Монгол Улсад санхүүгийн пирамид зали­лангийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн тоо сүүлийн 10 жилийн хуга­цаанд 8- 9 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2008 онд 6000 орчим байсан хохирогчдын тоо 2018 оны эхний таван сарын байдлаар бүр 50 мянга болж огцом өссөн бөгөөд хохирлын хэмжээ 10 жилийн өмнө хоёр тэрбум төгрөг байсан бол 2018 оны дээрх хугацаанд 57 тэрбумд төгрөгт хүрчээ. (ЗГМ сонин, 2018). Энэхүү мэдээлэл нь нэг талаас иргэд санхүүгийн боловсрол багатай байгаагаас залилангийн гэмт хэрэгт өртөж байгааг харуулж байгаа боловч нөгөө талаас өндөр өгөөж хүртэж, өндөр эсрдэл хүлээхэд бэлэн хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ их байгааг илтгэж байна.
Иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран 2016 – 2021 оны хугацаанд хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалт хөтөлбөрийн зорилтот бүлэг нь хөдөө орон нутгийн иргэд болон хүүхэд, залууст чиглэсэн байна. Гэтэл яг өнөөдөр, санхүүгийн эрх мэдэлтэй бөгөөд хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргадаг хөдөлмөрийн насны иргэдэд мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл олгох сургалт, зөвлөгөө өгөх талаар төрөөс авсан дорвитой хийсэн ажил байхгүй, бизнесийн байгууллагуудаас санал болгодог үйлчилгээ хомс байна. Иргэдээс авсан санал асуулгын дүн ч мөн адил иргэд санхүүгийн боловсрол багатай, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэлгүй байдгийг илэрхийлж байна.
Нөгөөтэйгүүр иргэдийн дундаж цалингийн хэмжээ сүүлийн 10 жилд гурав дахин өссөн, оны эцсээрх иргэдийн хадгаламжийн үлдэгдлийн хэм­жээ мөн хугацаанд 6.5 дахин нэмэгдсэн байна. Энэ эрчээрээ өсөлт үргэлжилнэ гэж үзвэл дундаж цалин ирэх 5 жилийн эцэс гэхэд 10 – 63 хувь өсөж, хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ 13–25 хувь өсөх төлөвтэй байна. 2018 оны эцсийн статистик мэдээллээр хамгийн өндөр дундаж цалинтай таван салбар нь нийт хөдөлмөр эрхлэгч хүн амын есөн хувийг төлөөлөх бөгөөд дараах салбаруудыг хамарч байна. Үүнд:

  • Уул уурхай, олборлолт
  • Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа
  • Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа
  • Цахилгаан, хий, агааржуулалт
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа

Монгол Улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27.1-д “Албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо энэ хуулийн дагуу өөрөө үнэн зөв тодорхойлж, албан татварыг төсөвт төлнө” гэж заасан байдаг. 2016 онд НӨАТ -ын бүртгэл, хөнгөлөлтийн e-barimt системийг нэвтрүүлснээр бид өрхийн зардалаа аль хэдийн улсдаа тайлагнадаг болоод байгаа бөгөөд орлогоо мөн өөрсдөө тайлагнасны үндсэн татварын хөнгөлөлт эдэлдэг олон улсын жишигийг хэрэгжүүлж эхлэх нь цаг хугацааны асуудал юм. Гэтэл өнөөдрийн санхүүгийн мэдлэг боловсролгүй бөгөөд гэнэн итгэмтгий байдлаар залиланд өртдөг, цалин, хадгаламжийн хэмжээ нь жил бүр өссөөр байгаа иргэдийг мэдлэг мэдээлэлтэй болгох, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн зөв эргэлтэнд буюу хөрөнгийн зах зээлд чиглүүлдэг, гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад нь хувь хүн тус бүрт тохирсон зөвлөгөө өгч чаддаг хувь хүний хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх мэргэжлийн үйлчилгээ хөгжих зайлшгүй шаардлага, хэрэгцээ байна.
Хэрэгцээтэй үйлчилгээний төрлүүд нь:

  1. Санхүүгийн төлөвлөгөө гаргах
  2. Боломжит санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл бэлтгэх, эрсдэл, өгөөжийн тооцоолол хийж танилцуулах
  3. Хөрөнгийн удирдлага, эрсдлийн удирдлага, даатгалын зөвлөгөө өгөх
  4. Татварын тайлан бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, зөвлөх

Монгол Улсад одоогоор хөрөнгийн зах зээлийн оролцогчдод хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх үйлчилгээний 15, хөрөнгө оруулалтын менеж­ментийн 20, татварын мэргэшсэн зөвлөх 39, харилцагчийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулалт, бусад үйлчилгээ үзүүлэх тав, нийт 79 хуулийн этгээд энэ салбарт тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага ихэвчлэн хуулийн этгээдээс хуулийн этгээдэд чиглэсэн, татварын мэргэшсэн зөвлөхөөс бусад нь банк, банк бус санхүүгийн байгууллага болон брокер дилерийн компаниудын дагалдах үйл ажиллагаа байдлаар явагдаж байна. Тиймээс тухайн хувь хүний онцлог, хэрэгцээнд тулгуурласан, мөн бие даасан буюу сонирхлын зөрчилгүй зөвлөгөө мэдээлэл авах боломж маш хомс байгаа юм. (Бие даасан гэдэгт тухайн зөвлөгч нь өөрийн санал болгосон санхүүгийн бүтээгдэхүүний борлуулалтын дүнгээс шагнал хүртдэггүй байхыг ойлгоно)

Олон улсад энэхүү үйлчилгээ нь зөвлөх хүн, робо–зөвлөх, дижитал зөвлөх гэсэн гурван үндсэн хэлбэрээр хөгжиж байна. Робо зөвлөх болон дижитал зөвлөх нь програмчилал, алгоритмаар тухайн хүний санхүүгийн байдал, ирээдүйн зорилтод тулгуурласан тооцоолол хийж, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хө­рөнгө оруулалтын багц санал болгодог бөгөөд вэб сайт, ухаалаг утасны аппликэйшн хэлбэрээр хэрэглэгчдэд хүрдэг байна. Одоогоор дэлхий дахинд 100 гаруй робо–зөвлөхийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд байдаг бөгөөд хөрөнгийн удирдлагын үйлчилгээг олон харилцагчид бага өртөгтэйгөөр хүргэж чаддаг хөрөнгө оруулалтын шинэ нээлт болсон гэж үздэг. 2015 оны сүүлээр робо–зөвлөхийн 100 гаруй компани дэлхийн өнцөг булан бүрт харилцагчийнхаа 60 гаруй тэрбум долларын хөрөнгийн удирдаж байгаа бөгөөд 2020 он гэхэд хоёр их наяд ам.долларын хөрөнгө удирддаг болох төлөвтэй байна.

Иймд уул уурхай, олон улсын байгууллага, мэргэжлийн шинлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа, цахилгаан, хий агааржуулалтын үйл ажиллагаа, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа гэсэн таван салбарын ажиллагсадыг зорилтот хэрэглэгч гэж тооцон салбар тус бүрийн ажилчдын онцлогт тохирсон мэдээллийн суваг, хэрэглэгчийн зан төлөв, эрсдлийн хандлагын нийтлэг хэв шинжийг тогтоож сургалт, зөв­лөгөө өгч, хэрэглэгчдээ бэлтгэсний үндсэн дээр хувь хүнд зориулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэх, хэрэглэгчдийн цар хүрээгээ нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн биржийн арилжааг нэмэгдүүлэх, эдийн засагт эерэг нөлөө авч ирэх бүрэн боломжтой байна

Mongolian Economy