Хөрөнгө цаашаа Монгол

Mongolian Economy
2023-06-23 10:24:19

(фельетон)

Айлын аав гадаадын хөрөнгө оруулалт татаад, өөрийн оюун ухаанаар смарт технологи боловсруулж, нано бүрээс үйлдвэрлэхээр ажилдаа орж байх үед манай аав “утаагүй зуух” хэмээгч үлгэр ярьж эхэлж билээ. Бусад айл гадаадын хөрөнгө оруулалт татахын төлөө онцгой анхаарч, хөрөнгө орж ирэх хамгийн таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ухаан зардаг. Гэтэл манайх гэдэг айл эсрэгээрээ, яавал гадны баяныг үргээж хөөх вэ хэмээн толгой гашилгах нь ад мөрийн.

2012 онд уул уурхай огцом цойлж өсөхөд, бусад айл яавал үүнээс илүү ашиг олох вэ, яавал уул уурхайдаа гадны хөрөнгийг татах вэ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болсон. Гэтэл манайх гэдэг айл яалаа? Тэр гайхамшигт өдрүүдэд Ерөнхий сайдын довжооноо дэлхийн акул групп корпорациудын эзэд, захирлууд оочерлож байсан гэлцдэг. Харин аав маань алтны 68 хувийн онцгой татвар санаачилж, стратегийн орд гэх жагсаалт баталж, гаднын хөрөнгийг үлдэн хөөхийн төлөө шүдээ зуун зүтгэсэн нь гаж. Улс даяараа улс төржиж, “Монголын баялгийг тонон дээрэмдэх бузар санаатнууд зайл!” хэмээн сүрт жагсаал хийсэн. Санаснаар нь болж, Рио Тинто гэх үйл лайтай ганцаас бусад нь бүгд үргээд дайжчихсан. Одоо харин учиргүй харуусч, “алтан боломжоо алдаж дээ” гээд шүдгүй амаа бариад, үсгүй дагзаа маажаад сууж байна.

Ингээд гэнэт ухаан орж, гадны хөрөнгө татахын тулд сайн хууль хэрэгтэй гэж орилоод, гайгүй сайн хууль баталсан. Гэвч түүнийгээ таг мартчихсан. Хуулийг хэрэгжүүлэх механизм, орчин гэгч зүйл хэрэгтэйг огт ойлгоогүй нь даанч мулгуу. Одоо “Гайгүй сайн хуультай байтал, гадныхан яагаад орж ирсэнгүй вэ?” гээд л гайхаж, ангайж суугаа.

Урд айлын аав хэдэн жилийн өмнөөс дэлхийн хамгийн хурдан галт тэргийг улсдаа бүтээнэ хэмээн зориод, гадны хөрөнгө технологийг оруулахаар судалж эхэлсэн. Хэдхэн жилийн дараа урд айлын хотуудын хооронд соронзон дэртэй, хэт өндөр хурдны галт тэрэг 600 км/цаг салхи татуулахад, манай аав Зайсангаас хотын төв рүү саадгүй хүргэх “дүүжин тээвэр” хэмээгч шинэ үлгэр бодонгоо, “умаа хум утаагүй зуух” гэгч тарниа умшиж л суусан. Цаашаа хэдэн жил дүүжин тээврээ ярихыг нь бурхан буг хоёр ч хэлж мэдэхгүй.

Хол саахалт айлын аав дэлхийн брэндийг өөрийн хүүхдийн гараар хийлгэх санаа сэдээд, гадны брэнд үйлдвэрийг оруулж ирэхийн төлөө самбаа сүйхээ гаргасан. Одоо тэднийд үйлдвэрлэсэн “Nike” пүүз, “Sony” зурагтыг дэлхий даяараа хэрэглэж байна. Харин манай аав “дүүжин тээвэр”-ээ “хошгироо дагшаа найрал” хөгжмийн дэвсгэр дээр улам уран гоё уншдаг болж билээ.

Бас нэгэн айлын аав гаднын хөрөнгө оруулалт татаад, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд, төдөлгүй бараг л бүх хүн амаа орон сууцжуулж, улсаа баян болгож чадсан байтал, манай аав өнөөх л үлгэрээ яриастай.

Айлын аав гаднаас хөрөнгө босгоод өвөл халдаг зам тавьж байхад, манай аав “Дарханы зам ум мааний бад ми хум” гэгч тарни шинээр сураад, дүнгэнүүлж эхэлсэн. Тун удахгүй айлын хотуудад гадны хөрөнгө оруулалтаар бүтээсэн дрон такси нисэж эхлэхээр барахгүй, графит дэлгэц бүтээж, цаас шиг нимгэн смарт утас үйлдвэрлэдэг болно. Харин тэр цагт манай аав “үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр дүүлэн нисдэг тээвэр”-ийн шинэ хувилбар тарнитай болсон сууна гэдэг 100 хувийн магадлалтай.

2062 онд айлын аав гадны хөрөнгө оруулж, үр хүүхдээ сансарт амраадаг, Номхон далайн ёроолд сувилуулдаг, саран дээр салхилуулдаг болно. Санчир гарагт гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулсан био соронзон хүлэмжиндээ алим жимс ургуулснаа нисгэгчгүй пуужингаар тээвэрлэж авчраад, ач зээгээ баярлуулна. Харин манай аав аанай л “үүлтэй тэнгэрийн доогуур”-аа урнаар умшихуйд, үр хүүхэд ах дүүс нь 1806 онд амьдарч асан эсгий гэртээ халтартаад л, хөөрхий эхнэр нь 1953 онд барьсан модон жорлондоо чичрэн сууна.

 

Шог зохиолч А.Амарсайхан

 

 

 

 

 

 

Mongolian Economy