Х.Нямбаатар: Эрчим  хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажил Ч.Хүрэлбаатар сайдаас болж гацаад байна

Sarangerel
2024-04-04 09:00:51

Эрчим хүч, дулааны хангамж Монгол Улсад гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд болно. Үүнийг бүгд мэддэг ч тоохгүй, анзаарахгүй явсаар өдийг хүрчээ. Саяхан болсон “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”-ийг онцолж, энэ салбарт тулгамдаад байгаа асуудлыг ярьсан нь олзуурхууштай байв. 

“Energy Mongolia” сэтгүүл “Эрчим хүчний салбараа аваръя” уриан дор чамгүй хугацаанд нийтлэл, сурвалжилга бичихэд бараг хаягдсан салбар мэт санагдсаныг нуух юун. Төр засаг нь тоохгүй, ард иргэд нь ойлгохгүй явсаар сүйрлийн ирмэгт ирлээ гэж бичсээр л байгаа, бид. Гэвч Засгийн газар, салбарын сайдууд эрчим хүчний асуудлаар дорвитой ажил хийх нь битгий хэл үг ч унагахгүй хэвээр. “Эрчим хүчний экспортлогч орон болно” гэдэг уриа, лоозонгоо үе, үеийн төр баригчид хэлж, тунхагласаар өдийг хүрлээ. Улаанбаатар хотын үе, үеийн дарга нар ч эрчим хүчний асуудалд санаа зовж байгаагүй билээ. Харин одоогийн хотын дарга Х.Нямбаатар эрчим хүчний асуудалд анхаарлаа хандуулж, хэд хэдэн төсөл хөтөлбөр эхлүүлэхээр шамдаж байгаа аж. Тэрбээр эрчим хүчний асуудлыг шийдэхгүйгээр хотын хөгжлийн тухай яриад хэрэггүй гэдгийг ойлгожээ. Нэг ч гэсэн улстөрч энэ салбарт санаа нь зовж, ажил хийхээр зүтгэж байгаад талархах ёстой. Мөн урам өгөх ёстой. Түүнд эрчим хүчний салбарынхан талархалтай хандаж эхэлснийг энд дуулгамаар байна. Бид түүнтэй эрчим хүчний чиглэлээр бодож төлөвлөж, хэрэгжүүлэхээр зэхэж байгаа ажлын талаар ярилцлаа. 

-Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудлын тэргүүн эгнээнд эрчим хүчний дутагдал зүй ёсоор орно. Өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийнхэн цахилгааны хязгаарлалтад орж, энэ салбар ямар хүнд байгааг бага ч болов мэдэрсэн байх. Ер нь нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Юуны түрүүнд танай сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын төвийн эрчим хүчний систем маш хүнд байдалд байгаа. Манай нийт хэрэглээ 1636 МВт хүрсэн. Гэтэл суурилагдсан хүчин чадал маань дэндүү чамлалтай байгааг ихэнх нь гадарлаж байгаа байх. Эрчим хүчний салбарт сүүлийн 20 гаруй жил маш олон томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжих алтан боломж байсан ч хийрхэл, улстөржилтөөс болж алдсан. 2013, 2014 он хүртэл дэлхийн зах зээл дээр нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө босгох боломж байсан. Тэр цагаас хойш дэлхий даяар ногоон, эко эрчим хүч, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулж байна. Үүнд чиглэсэн НҮБ, Парисын Уур амьсгалын хэлэлцээр зэрэг уриалга, баримт бичгүүд ч бий. Ингээд нүүрсний цахилгаан станцад гаднын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл үндсэндээ хумигдсан гэж болно. 

Бид Дулааны V цахилгаан станц барих боломжоо 20 жилийн өмнө алдсан. Багануурын цахилгаан станцыг манай энэ Засгийн газарт байгаа хүмүүс гацаасан шүү дээ. Ерөнхийлөгч байсан хүмүүс ч гацаахад нь оролцож байлаа. Үр дүнд нь өнгөрсөн өвлийг бараг 200 МВт-ын дутагдалтай өнгөрүүллээ. Ирэх жил 400 МВт-ын дутагдалтай өвөлжих тооцоолол гарсан.

Эрчим хүчний аюулгүй, найдвартай хэрэглээний асуудалд санаа зовж буй хүн алга

-Тэгвэл эрчим хүчний маш гүн хомсдол үүсэх нь ээ?

-Шударгаар хэлэхэд тийм. Нийслэлчүүд хоногийн талд шахам эрчим хүчээ хязгаарлуулах хүртэл гамшгийн хэмжээний нөхцөл үүсэхэд бэлэн байна гэсэн үг. Харамсалтай нь үүнийг тоож байгаа ч хүн алга. Бүгд улстөржөөд, сонгууль гэж хийрхээд яваад байх юм. Улстөрчид хөдөө орон нутагт очоод татвар төлөгчдийн мөнгөөр зуд турханд нэрвэгдсэн айл амьтанд тусламж дэмжлэг үзүүлээд яваад байна. Энэ нь нэг талдаа зөв л байх. Гэхдээ нөгөө талдаа улс орны хэмжээний хамгийн чухал асуудал орхигдчихоод байна. Энэ бол эрчим хүчний аюулгүй, найдвартай хэрэглээ. Үүнд санаа зовж байгаа хүн бараг байхгүй байна.

-Одоо тэгвэл ирэх өвөлд бэлдэж ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Мэдээж, бид эрчим хүчний асуудлыг шийдэх чиглэлээр идэвхтэй ажиллана. Зүгээр суух цаг биш шүү дээ. Эхнээс нь ярья. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг дэмжээд өгөөч ээ” гэдэг бичиг өгсөн. Одоо болтол хариу байдаггүй. Уг нь эрчим хүчний асуудал бол яалт ч үгүй Эдийн засаг, хөгжлийн сайдын асуудал шүү дээ. Хотын дарга эрчим хүчний асуудал хүндэрчихлээ гэж ярихаас илүүтэй Эдийн засаг, хөгжлийн яам улсын хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөгөөнд эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар төлөвлөж байх ёстой биз дээ. Гэтэл хийсэн юм нэг ч алга. Үүнийх нь хойноос хотын дарга нь гүйж байна. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг дэмжээд өгчихвөл Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжүүлмээр байна. Гуйгаад барахгүй, чадахгүй л явж байна даа. “Үзэл баримтлал баталж өгөөч ээ” гээд хоёр долоо хоног өнгөрлөө. Утсаа ч авахаа байсан. Одоо би энэ асуудлыг хэвлэлд нээлттэй яръя гэж бодож байгаа. Ингэж байж чихэнд нь хүрэх юм шиг байна.

Эрчим хүчний салбар “гүйх нохойд гүйхгүй нохойнууд саад болдог” зовлонд нэрвэгдээд удаж байна  

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулчихвал асуудал шийдэгдэх үү?

-Бас ч тийм биш ээ. Хэрэв бид энэ жил Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулаад, батерейн 80-100 МВт-ын хүчин чадалтай станц шинээр барьчихвал ирэх жил цахилгааны хязгаарлалт харьцангуй бага байх юм билээ. Эрчим хүчний салбарынхантай хамтарч энэ тал дээр тооцоо, судалгаа хийсэн. Мэдээж, цаана нь бас эрчим хүч дутагдсан хэвээр байна. 

Үйлдвэрлэлийг 400 МВт-аар нэмэгдүүлэх шаардлагатай гэж би дээр хэлсэн шүү дээ. Ер нь эрчим хүчний хэрэглээ, хэрэгцээ нь эдийн засгийн өсөлттэй ч шууд холбогддог. Өнгөрсөн өвлийн 11, 12 дугаар сард эрчим хүчний хэрэглээ 13 хувиар огцом өссөн. Энэ жил дахиад 12, 13 хувиар өсөх төлөвтэй байгаа. Дээр дурдсан хоёр төслийг хэрэгжүүлбэл 200 МВт-ын дутагдлаа нөхнө. Гэвч цаана нь дахиад 200 МВт-ын дутагдал гараад байна аа даа. Хэрвээ энэ хэмжээний эрчим хүчний асуудлыг шийдэж чадахгүй бол нийслэлийнхэн цахилгааны хязгаарлалтад орно.

Ер нь сонгууль дөхөөд заяа нь хаясан юм л болж байна. Сонгуулиас болж бүх ажил гацаж байна. Эрчим хүчний салбар “Гүйх нохойд гүйхгүй нохойнууд саад болдог” зовлонд нэрвэгдээд удаж байна. Ажил хийсэн хүн болгоныг хохироодог. Уг нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид “Ийшээ л нэг хөрөнгө оруулчих юмсан” гээд шунал нь хөдөлж байх ёстой салбар шүү дээ. Гэтэл нөгөө л сонгогчдод таалагдах хүсэл нь хэтэрч эрчим хүчний тарифыг боомилсоор байгаад давжааруулаад өсөлтийг нь зогсоочихсон. Тэгэхээр энэ салбар руу хэн ч орж ирэхгүй. Би сая Эрчим хүчний сайдтай уулзалт хийсэн. “Бид хотын эрчим хүчинд өөрчлөлт гаргая аа. Дулааны II цахилгаан станцаа манай өмчид шилжүүлээд өгчих. Наадах чинь бүр онигоо шүү дээ. 22-хон МВт-ын эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүнийг 300 МВт-аар өргөтгөе, ТЭЗҮ-тэйгээ өгчих.  Бид өөрсдөө дотоод зах зээл дээр мөнгө босгоод, өмчлөөд эрчим хүчний салбарт сэргэлт хийе” гэж хэлсэн. Харин Эрчим хүчний сайд “Татгалзах зүйлгүй гэдэг бичгээ өгье” гэсэн. Засгийн газар хэрхэн яаж шийдэхийг би хэлж мэдэхгүй байна. Үүнийг шийдчихвэл гурав дахь эрчим хүчнийхээ төсөл рүү орно.

Улаанбаатар хотын бүх бүтээн байгуулалт эрчим хүчнээс болж саатах гээд байна

-Таны хэлж байгаагаас харахад нэлээд бухимдалтай байгаа юм аа даа?

-Би их ярьвал олон албан тушаалтанд бухимдсан сэтгэгдлээ илэрхийлэх байх. Улаанбаатар хотын бүх бүтээн байгуулалт эрчим хүчнээс болж саатах гээд байна. Тиймээс арга буюу хот өөрөө эрчим хүчний төсөл рүү оръё гэж байгаа юм. Метро, орон сууцжуулах төслөөс эхлээд бүх бүтээн байгуулалт эрчим хүчнээс шалтгаална. 

Улаанбаатарт хоёр том “шүдний өвчин” байна. Нэг нь эрчим хүч, нөгөөх нь хөрсний ус. Хөрсний усыг зайлуулахад мөн л эрчим хүч хэрэгтэй. Бүх зүйлийн анхдагч суурь нь эрчим хүч. Мөн 1984 оноос хойш нэг ч дулааны цахилгаан станц бариагүй. Байгаа станцуудынх нь насжилт хүндэрсэн л гээд байгаа. Бурхны авралаар шинэ төслүүд ашиглалтад ортол энэ станцууд маань амь барчихгүйхэн шиг л байгаасай гэж залбирч байна. Үнэхээр гомдмоор шүү.

-Хаврын чуулганаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулиас гадна эрчим хүчний салбарын тодорхой хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн баг боловсруулаад холбогдох яамдуудад санал авахаар хүргүүлсэн гэсэн. Энэ ажлынхаа талаар тодорхой ярихгүй юу?

-Эрчим хүчний хуулиудыг либералчлах төслүүд манай дээр бичигдэж байна. Энэ салбарыг бага багаар либералчилж байж хөрөнгө оруулагчид сонирхдог болно. Бид ирэх тавдугаар сардаа багтаагаад батерей станц дээрээ гэрээ хэлэлцээр хийж, тендер зарлах байх. Засгийн газар шийдвэр гаргаад өгчихвөл хуучин орон нутгийн бондынхоо хугацааг нь сунгаж, хэмжээгээ нэмэгдүүлье гэсэн төлөвлөгөөтэй байна. Ингэж байж Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалт хийнэ. Тавдугаар сарын сүүлээр та эргээд уулзаарай. Тэр үед төлөвлөсөн ажлынхаа хэрэгжилтийг яръя. 

-Эрчим хүчнээс гадна дулаан хангамжийн асуудал хүндэрсэн. Дулааны асуудал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Улаанбаатарт дулааны тархмал эх үүсвэртэй 23 станц барих шаардлагатай байна. Таван станцын газрын асуудлыг Засгийн газарт оруулсан. Мөн л гацчихаад байна. Уг нь сайд нар нь ажлынхаа чиг үүргийн хүрээнд Засгийн газрын хуралдаанд оруулаад шийдэх ёстой шүү дээ. Таван станц ирэх жилийг түр л аргална. 

Цаашид бид 18 дулааны станц барьж байж дулааны асуудлыг шийднэ. Арвынх нь зураг төсөл бэлэн болсон. Үүний тавыг нь энэ жил эхэлье гэж байгаа юм. Уг нь эхэлчихвэл маш хурдан барих боломжтой. Мөн л Эдийн засаг, хөгжлийн сайд дулааны станц барих газар олголтын ерөнхий төлөвлөгөөг баталж өгөөгүй, зогсоосон. Надад хэлэх үг олдохгүй байна. Газар олголтын тухай Засгийн газрын шийдвэрийг Ч.Хүрэлбаатар сайд зогсоочихсон шүү дээ. Залгаад утсаа ч авахгүй, тэгээд юу ч хийгдэхгүй. Би үүнийг Засгийн газрын хуралдаан дээр орж хэлнэ. Тэгээд асуудал шийдэж өгөхгүй бол асуудал шийдэж өгдөггүй хуралд суумааргүй байна гэдгээ хэлээд гарна.