Цаасан дээр аж үйлдвэржсэн Монгол
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт аажмаар саарах төлөвтэй байна. Энэ нь манай улсын эдийн засагт гадаад худалдаагаар дамжин сөргөөр нөлөөлөх магадлалтай
Монгол Улсын эдийн засаг 2022 оны эцсээр тодорхой хэмжээнд сэргэж эхэлсэн. Энэ сэргэлтэд уул уурхай, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар ихээхэн нөлөө үзүүлэв. Уул уурхайн салбар ДНБ-ий 25.4 хувь, худалдааны салбар 15.5 хувь, хөдөө аж ахуйн салбар 13 хувийг бүрдүүлж байна. Энэ гурван салбар ДНБ-д талаас илүү орон зайг буюу 53.9 хувийг эзэлж байгаа учраас эдийн засгийн “тулгын гурван чулуу” гэж тодорхойлоход хилсдэхгүй. Хэрэв уул уурхайн салбарт “хулгай” нүүрлэж, нүүрсний экспортын талаарх тоо мэдээллийг дарж, баллуурдаагүй бол ДНБ-д эзлэх орон зай нь үүнээс ч жинтэй байх байлаа.
Нөгөөтээгүүр, манай улсад аж үйлдвэрийн салбарын хөгжил нэн доогуур түвшинд байна. Бид байгаль эхийн бүтээлийг байгаа чигээр нь гаргачихдаг “хойрго” улс. Эрдэс баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс манай улсын экспорт 100 хувь хамаардаг. Харин бусад төрлийн бүтээгдэхүүнээ импортоор авдаг. Монголын эдийн засаг импортоос хэт хараат болсон учраас гадаад зах зээл дэх хүчин зүйлсийн нөлөөнд хамгийн тэргүүн эгнээнд өртдөг улс болоод байна. Хүчтэй цочрол, “шок”-оос ангид байхын тулд Монгол Улс аж үйлдвэржихээс өөр сонголтгүй.
Боловсруулах аж үйлдвэрийн хөгжил хэр түвшинд байгааг эргэн харвал бүр ч гайхмаар дүр зураг тодорно. 2021 онд боловсруулах аж үйлдвэрийн салбарын эдийн засагт эзлэх орон зай 8.5 хувь байгаа нь 20 жилийн өмнөхөөс ухарсан үзүүлэлт. 2001 онд боловсруулах аж үйлдвэрийн салбарын эдийн засагт эзлэх хувь хэмжээ 11 хувь байсан юм.
Тэгвэл ойрын ирээдүйд нөхцөл байдал хэр эерэх талаар төсөөлөх гээд үзье. Томоохон төслүүдээс Оюутолгойн гүний уурхай 2023 онд ашиглалтад орохоор байна. Харин Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Дорноговийн нефтийн үйлдвэрийн гол технологийн барилга баригдаж эхлээгүй. Төмөр замын салбарын тухайд, шинэ төмөр замуудын явц удаашралтай, Хятадын талтай хэзээ холбогдох нь тодорхой бус байна. Мөн Засгийн газрын хувьд нэн чухалд тооцогдож байсан Дарханы арьс, ширний цогцолборын ажил ч зогсонги байдалд орж, цаг хугацаа хөвөрсөөр.
Жагсаалт үүгээр дуусахгүй. Нефть боловсруулах олон жилийн мөрөөдөл өнөөг хэр нь биелээгүйгээс гадна Эрдэнэт үйлдвэрээр зэсийн талбарт хөл тавьсан монголчууд бид одоог хүртэл баяжмалаа л гадагш зөөж байна. Зэс хайлуулах, боловсруулах төслүүд цаасан дээр байгаа нь эдийн засгийн өсөлтийг
хазаарласаар байх болно.
Томоохон төслүүд хэзээ урагшлах нь бүдэг бадаг байх энэ зуурт гадаад зах зээл дэх таагүй хүчин зүйлд өртөмхий Монгол Улсад амьдрал улам ээдрээтэй болж эхлэв. Үнийн өсөлт ноёлж, өнгөрсөн зун инфляцын түвшин сүүлийн 10 жил дэх хамгийн өндөр цэгтээ хүрсэн. Айл өрхүүдийн бодит орлого, худалдан авах чадвар ч буурлаа. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, дотоодын эрэлт татарлаа. Цар тахлын үеийн халамж, нийгмийн хамгааллын арга хэмжээ зогссон нь хэрэглээ хумигдаж, эдийн засгийн урсгал удаашрахад бүр ч ихээр нөлөөлсөн юм.
ДНБ-ий чухал хэсэг бол экспортын орлого. Тиймдээ ч манай улсын экспортын гол зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдал эрхгүй анхаарал татна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, экспортод урд хөршийн зах зээл дэх нөхцөл байдал, дэлхийн түүхийн эдийн үнэ ханшийн хөдөлгөөн ихээр нөлөөлдөг. Цар тахлын дараа БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө тогтвортой, харьцангуй өндөр түвшинд хадгалах бодлогыг хэрэгжүүлж байна. Гэхдээ өмнөх жилүүд шиг, өндөр хурдтай өсөх боломж багасаж, цаашид эдийн засгийн өсөлт нь аажмаар саарах хандлагатай байна. Энэ нь манай улсын эдийн засагт гадаад худалдаагаар дамжин сөргөөр нөлөөлөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж болох ч БНХАУын эдийн засгийн өсөлт саарахын хэрээр зах зээлийн багтаамж, эрэлт нь багасаж болзошгүй.
Иймд манай улс боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэхгүйгээр эдийн засгаа тэлнэ гэдэг нь шулуухан хэлэхэд боломжгүй зүйл. 2023 онд аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтыг ахиулахгүй бол “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт тусгасан ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт ч биелэхгүй. Саарын хажуугаар сайн жишээ бас бий. Аялал жуулчлал сэргэж, БНСУ, ОХУ болон Казахстанаас ирж буй жуулчдын тоо 11-44 дахин өссөн. Гэхдээ Монгол Улсын аялал жуулчлалаас олох орлого нь аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбартай харьцуулахад маш доогуур. Аялал жуулчлалын салбар хөгжиж байгаа ч 2001 оноос хойш ухралттай байгаа хөдөө аж ахуйн салбарын орлогод дөхөж чадахааргүй байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг харахад, 2030 он гэхэд 30 тэрбум ам.долларын эдийн засагтай болохыг зорьж буй нь ихээхэн анхаарал татна. Хэдийгээр нэг хүнд ногдох жилийн орлого 4000 ам.долларт хүрээд байгаа ч энэ үзүүлэлт сүүлийн 10 жилд ахиагүй. 10 жил ахиагүй шахам эдийн засаг гэнэтхэн тэлэх нь тун эргэлзээтэй. Сүүлийн 10 жилд эдийн засаг дорвитой тэлээгүй нь төсвийн орлого, авсан зээлээ ухаалаг зарцуулж чадаагүйтэй
Манай улс аж үйлдвэржихэд улс төрийн хүсэл эрмэлзэл, чадавх дутаж байна
холбоотой. Уул уурхайгаас олсон орлогоо эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чанаржуулах, боловсруулах аж үйлдвэр, инновацыг хөгжүүлэхэд зарцуулахын оронд хэмжээ хязгааргүй популизм, халамж, үр ашиггүй төслүүдэд зарцуулсан нь бодит боломжийг үгүй болгож, уул уурхайгаас хараат байдлаа улам лавшруулахад хүргэсэн.
Тиймээс хөгжлийн цорын ганц гарц болох аж үйлдвэржилтийг бодит ажил хэрэг болгох нь чухал. Цаасан дээрх аж үйлдвэрийн цогцолбор, гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, нефтийн үйлдвэрээ хөрсөн дээр барьж, ашиглалтад оруулахад бүхий л хүчээ дайчлах шаардлагатай. Үгүй бол эдийн засгийн ямар ч “мөрөөдөл” мөрөөдөл хэвээрээ үлдэж, мартагдана. Монгол Улсад нефтийн, төмрийн хүдрийн, коксжих нүүрсний, зэсийн хангалттай нөөц бий. Япон, Герман зэрэг улсад бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц ч байгаа. Басхүү боловсруулах үйлдвэрүүдийг барих үнийн дүнгээс гурав дахин өндөр өр зээл ч бий гэдгээ санаж, нэн тэргүүний ажлаа эн тэргүүнд тавих л үлдэж байна.
Бидний мөрөөдлийн үйлдвэрүүдийн үндсэн технологид сүүлийн үеийн гурван нанометрийн чипүүдийг ашиглахгүй. Хөгжилтэй орнуудад бол байдаг л бүтээн байгуулалт. Технологийн хувьд, асар хэцүү сорилттой тулгарахааргүй хэрнээ гацаад байдаг нь улс төрийн хүсэл эрмэлзэл, чадавх дутаж байгаатай холбоотой. Үүнээс өөр шалтгаан хайхад эрэл мухардаж байна.
Чулуундоржийн ХАШЧУЛУУН, Эдийн засагч
Дэлхий-2023 дугаараас