Цаг бага үлдсэн
“ЭТТ даалгавраа биелүүлж чадах уу?” гэж манай сэтгүүл нэгдүгээр сарын дугаартаа асууж байсан. Үүнээс хойш бүтэн нэг улирлыг ардаа орхижээ. Өнгөрсөн хугацаанд амлалт өгч, том даалгавар авсан эрхмүүд урт өвлийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлсэн бол. “Даалгавраа хэр биелүүлэв?” гэж асуух цаг хугацааны тохиол нь иржээ. IPO-г энэ жил гаргана гэсэн салбарын сайдын гадаад айлчлал Канадын Торонтод үргэлжилсэн бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тов дөрөвдүгээр сарын 30-нд гэж гарсан.
Хувьцаа нэртэй халамж
Сүүлийн хоёр жил ашигтай ажиллаж чадсанаар “Эрдэнэс-Тавантолгой” компани эрх баригчдын амлалтыг биелүүлэх боломж бүрдсэн. Өнгөрсөн 2018 онд л гэхэд нийт 11 сая тонн нүүрс олборлож, 13.1 сая тонн нүүрс борлуулснаар, аудитлагдаагүй тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ нь 804.5 тэрбум төгрөг буюу өмнөх онтой харьцуулахад 68 хувиар өссөн, цэвэр ашгийн хэмжээ 340 тэрбум төгрөг буюу 74 хувиар өссөн. Ийнхүү “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд хуралддаж нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн 03 дугаар тогтоолыг баталжээ. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцаатай иргэн бүр 26800 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. Хэдий өнгөрсөн хугацаанд 1072 хувьцаанаас хэдэн төгрөг авах тухай олон янзын тооцоолол, таамгуудыг ярьж байсан ч долоон жил хүлээлт үүсгэж, арайхийн олгохоор болж буй хувьцааны дүн үнэхээр хөөрхийлэлттэй бас чамлалттай байна.
Хамгийн сүүлд 2016 оны сонгуулиар Монгол Улсын Засгийн газар иргэдээс 300 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Анх 1072 хувьцааг гаргахдаа Засгийн газраас нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ-г үүсгэн байгуулагч, эдийн засагч Л.Наранбаатарын хэлж буйгаар нэгж хувьцаанд олгох ногдол ашиг 84 төгрөг байх боломжтой. Учир нь тус компани 2017-2018 онд 1 их наяд 262 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан. Өнгөрсөн жил ашигтай ажилласан хэрнээ ногдол ашиг тараагаагүй тул сүүлийн хоёр жилийн ашгаас ногдол ашгийг хуваарилан, иргэдэд очих мөнгөн дүнг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Хэрэв “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 оны хөрөнгө оруулалтын үрэлгэн төсвөө танавал 1072 ширхэг хувьцаа 400 мянган төгрөг хүртэл өсөх боломжтой. Иргэдэд олгох ногдол ашгийн хэмжээгээ бууруулахын оронд компанийнхаа зардлыг нэмсэн төсвөөс нь харвал IPO гаргахад гадаадын зөвлөхөд 283 тэрбум төгрөг, компанийн барилга барихад 42 тэрбум төгрөг, программ хангамж авахад 7.7 тэрбум төгрөг, удирдлагын зардалд 22 тэрбум төгрөг, борлуулалт, маркетингийн зардалд бүр 303 тэрбум төгрөг, нийт 483 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тэгвэл “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”-ийн дарга Д.Ганбаярын хэлж буйгаар “Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ-өөс 25 төгрөгийн ногдол ашиг гаргасан шийдвэр нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас аудитын дүгнэлт гараагүй байхад ногдол ашиг, хөрөнгө оруулалтыг батлахыг шаардаж, хууль зөрчсөн үйлдэл гаргасантай холбоотой. Мөн ТУЗ-ийн дарга нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгогдоогүй, гүйцэтгэх захирал нь төрийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүн байгаа зэрэг нь 2.5 сая хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахгүй, улс төрийн алдаатай шийдвэр гаргаж буйгийн цаад шалтгаан гэж тайлбарласан. Тиймээс Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтнууд өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхийг хувьцаа эзэмшигчид шаардах эрхтэй юм байна.
Энэ мэтчилэн олон асуултад тайлбар өгөх шаардлагатай байгаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганхуягийг олон нийтийн телевизээр мэтгэлцээнд оролцохыг урин цаг гаргаж өгсөн боловч ногдол ашгийн талаар Засгийн газрын шийдвэр гараагүй байгаа учраас мэтгэлцээнд оролцох боломжгүй гэж “зугатав”. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 30-нд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар яг хэдэн төгрөгийн ногдол ашиг өгөх эсэх нь эцэслэн тодорхой болох нь. Үнийн дүн нь тодорхой биш боловч одоогийн байдлаар халамжийн мөнгөтэй адил хэмжээний мөнгийг хувь хишиг мэтээр өгөх нь. Үнэндээ “халамж” гэдэг үгийг онцолж хэлмээр санагдлаа. Угтаа халамжийг тэтгэвэр, тэтгэмж авдаггүй нэн ядуу хүмүүст олгодог. Эрх баригчид ард иргэдийг ийм хэмжээнд л үнэлж буйгийн нэг жишээ 1072 хувьцаа болж хувирч байх шиг.
Хэдийгээр олон жил хүлээлгэж, амлалтаа биелүүлэх нь зүйн хэрэг боловч нэгэнт л ийм хэмжээний мөнгийг иргэдэд олгож байхаар үнэхээр нийгэмд бодитой асуудал үүсгээд байгаа цэцэрлэгүүдийг барихад, бүтээн байгуулалтыг хийхэд зарцуулсан нь дээр гэх хүмүүс ч байна. Эдийн засгийн үр өгөөж, шийдэл талаасаа бэлэн мөнгө тарааснаас төслүүддээ хөрөнгө оруулсан нь зөв гэж Азийн хөгжлийн банкны эдийн засагчид ч байр сууриа илэрхийлээд авсан.
Бас нэгэн бултагч
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг үнэ цэнэтэй болгох, Тавантолгойн ордыг дагаж хэрэгжих бусад том төслийг эхлүүлэх хөрөнгө босгох зорилгоор Засгийн газар энэ ондоо багтаж олон улсын зах зээл дээр IPO гаргахыг зорьж байгаа. Компанийн хувьцааны 30 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөсөн. Энэ ажлыг яаравчлахаар “Эрдэнэс-Тавантолгой” компанид тусгай ажлын хэсэг гарган, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн сард хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн. Тэрбээр “Эрдэнэс-Тавантолгой” дээр бүтцийн өөрчлөлт хийж, олон улсын түвшинд гарах “Тавантолгой интернэшнл” компани байгуулан, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гүйцэтгэх захирал, удирдлагуудтай баг бүрдүүлж олон улсын хөрөнгийн биржид IPO гаргана гэсэн. Үнэндээ салбарын сайдаар ажиллах хугацаандаа зорьсон хэргээ бүтээхээр яарч буй тэрбээр он гараад л Давосын чуулганд хоёр дахь удаагаа очиж, гуравдугаар сарын эхээр Канадын Торонто хотод жил бүр зохион байгуулагддаг Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны чуулга уулзалтад оролцож дэлхийн хамгийн том коксжих нүүрсний ордыг дагасан төслүүд болон IPO гаргах ажлаа олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Манай улсыг сонирхох гадны хөрөнгө оруулагчдын хандлага эерэг байгаа гэдгийг тэрбээр онцлоод тодорхой хугацаа хэлээгүй ч хөрөнгө оруулалтын цонх үеийг харж байгаад энэ ондоо багтаж IPO гаргана гэсэн. Бэлтгэл ажлын хувьд санхүүгийн болон техникийн зөвлөхүүд ажилдаа орсон бол хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа аж. Гэхдээ олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарахад, хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх, зөвлөх авахад одоогийн орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг сайд хэлсэн.
Уг нь 2019 онд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ, ханш өсөлттэй, тааламжтай үе тохиож байна. Гэхдээ нүүрсний зах зээлийн тухайд зарим судлаач нийлүүлэлт нь өсөх учраас коксжих нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, үнэ унана гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Нөгөө хэсэг нь үнэ тогтвортой байна гэж хэлж байгаа юм. Гол эрсдэл нь Хятадын эдийн засгийн өсөлт саарах, Америк-Хятадын худалдааны дайн Хятадын экспортод сөргөөр нөлөөлөх, Умард Солонгост тавьсан эдийн засгийн хориг цуцлагдах зэрэг хүчин зүйл манай нүүрсний үнэ унахад нөлөөлнө. Таамгуудаас харвал, нүүрсний үнэ унах магадлал нь илүүтэй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.
Нөгөөтэйгүүр амлалтаа биелүүлж, IPO гаргахад цаг хугацааны хайч хамгийн том эрсдэл гэлтэй. Учир нь сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа улстөржилт энэ ажлыг хойш татаж болзошгүй. Мөн хөрөнгө оруулагчдын чухалчлан хардаг компанийн үрэлгэн төсвийг шийдэхгүйгээр IPO амжилт олохгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, эдийн засагч Ч.Хашчулуун, “Ийм хөөсөрсөн төсөвтэй компанийг хөрөнгө оруулагчид сонгохгүй” гэсэн. Харин эдийн засагч Ч.Отгочулуу, “Бизнесийн болон арилжааны зорилгоор орж ирэх хөрөнгө оруулагч 2020 оны парламентын сонгуулийг хүлээнэ” гэлээ.
Ажил нь үргэлжилж байгаа боловч шийдэл нь тодорхойгүй “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа болоод энэ салбарт шуугиан тариад байгаа бусад асуудлыг тодруулах гэсэн боловч Д.Сумъяабазар сайд хэвлэл, мэдээллийнхнээс гэнэтхэн “бултсан”. Тэр одоо хэлэх зүйлгүй ч амлалтаа биелүүлэхэд цаг хугацаа бага үлдсэн гэдгийг сайн мэдэж байгаа…
Mongolian Economy сэтгүүлийн 2019 оны дөрөвдүгээр сарын (№151) дугаараас