Цар тахал гэмт хэрэгтнүүдэд сорилт мөн боломж болж байна

Mongolian Economy
2020-05-29 18:02:45
Ангилал: Коронавирус

Гэмт хэргийн тоогоор Ази тивд тэргүүлдэг хот бол Пакистан улсын Карачи. Цар тахлын улмаас гуравдугаар сард тус хотод хөл хорио тогтоосны дараах найм хоногт нэг ч машин хулгайлагдаагүй ажээ. Мөн хүн амины гэмт хэргээр дэлхийд дээгүүрт ордог Эл Сальвадорт дөрвөн өдрийн турш аллагын хэрэг бүртгэгдээгүй байна. Европт хамгийн эхэнд гуравдугаар сарын 9-нд Итали хөл хорио тогтоосон. Гуравдугаар сарын 1-нээс 22-ны хооронд тус улсад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 64 хувиар буурчээ. Энэ мэтчилэн цар тахлын хөл хорионы улмаас олон оронд гэмт хэргийн тоо буурчээ.

Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Сток “Гэмт хэргийн статистик түр хугацаанд ч гэсэн буурсанд би гайхахгүй байна” гэжээ. Гэмт хэргийн статистик нь зөвхөн бүртгэгдсэн гэмт хэрэгт суурилдаг бөгөөд бүртгэгдээгүй гэмт хэрэг цөөнгүй бий. Тухайлбал, Италид гэр бүлийн хүчирхийлэл 44 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ хүчирхийлэгч нь хохирогчийн хажууд байгаа цагт цагдаад дуудлага өгөх боломжгүй байж мэдэх юм. 

Гэтэл Вашингтон мужийн Gun Violence Archive ТББ-ийн бүртгэлээс үзэхэд гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 19-ний хооронд буудуулж нас барсан хүний тоо АНУ-д зургаан хувиар буюу хоёр мянгаар нэмэгджээ. Энэ нь 1819-19 оны томуугийн тахлын үетэй ижил дүр зураг юм. Тодруулбал, Нью-йорк хотын John Jay College of Criminal Justice-ийн профессор асан Бэрри Лэтцер 1918 оны тахлын дэгдэлтийн голомт болсон таван мужид хүн амины гэмт хэрэг нэмэгдэж байсан талаар дурдав. 

Цар тахлыг далимдуулж зохион байгуулалттай гэмт хэрэг газар авах вий гэж Юрген Сток санаа зовниж буй. “Цар тахал нь зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдэд хуучин ур чадвараа шинээр зүйлд ашиглах боломж олгож байна. Тахлын дараа дэлхийн эдийн засаг хямралд орох нь баараггүй учраас тэд үүнийг хууль ёсны эдийн засагт байр сууриа нэмэгдүүлэх боломж гэж үзэж байгаа. Түүхэнд урьд хожид ийм нөхцөл байдал үүсэж байгаагүй” гэж тэрбээр хэлжээ. 

Түүнчлэн туйлын энгийн хэрнээ луйврын шинэ хэргүүд эрс нэмэгдсэн байна. Цаасан мөнгөөр Ковид-19-ийн халдвар тархаж болзошгүй гэж үзэн айл өрхүүдөөс бэлэн мөнгө хураалгахаар хүмүүс явуулаагүй гэж Өмнөд Африкийн Төвбанк гуравдугаар сарын 16-нд мэдэгдэв. Мөн стандартын шаардлага хангаагүй хуурамч эмийн борлуулалт өсжээ. Интерполын гишүүн 90 гаруй орны цагдаагийн албыг хамарсан Pangaea ажиллагааны хүрээнд гуравдугаар сард дэлхий даяар 100 гаруй баривчилгаа явуулж, 14 сая доллартой тэнцэх хуурамч эмийн бүтээгдэхүүн хураан авсан байна. Мөн санхүүгийн эх үүсвэргүй болсон Бразилын хар тамхины бүлэг банк дээрэмдэж эхэлжээ. 

Гэмт хэрэгтнүүдэд дараах хоёр хүчин зүйл боломж олгож байна гэж шинжээчид үзэж буй. Нэгдүгээрт, эрүүл мэндийн ажилчдын аюулгүй байдлыг хангахын тулд засгийн газрын худалдан авалтад тавьдаг хяналт цалгардсан. Хоёрдугаарт, худалдан авагч нийлүүлэгчтэй нүүр тулж уулзах боломж хомс болсон. 

Тэр дундаас хамгийн нарийн бодож боловсруулсан луйвар Герман улсын хамгийн их хүн амтай Умард Райн-Вестфален мужид бүртгэгдсэн. Тус мужийн эрх баригчдаас гэмт этгээдүүд 2.4 сая евро залилсан аж. Эл мөнгө нь 10 сая маскны худалдан авалтын урьдчилгаа төлбөр байсан ба залиланг илрүүлэх үед Голландаас Герман руу маск зөөвөрлөхөөр 50 гаруй машин ачаагаа хүлээн зогссон байв. Уг луйврыг Ирланд дахь зуучлагч, Голланд дахь компанийн вебсайтыг хуурамчаар дуурайлгасан Испанид бүртгэлтэй вебсайтаар дамжуулан үйлджээ. Герман, Ирланд, Голланд улсын санхүүгийн байгууллагын ачаар хууль сахиулагчид төлбөрийг цаг алдалгүй зогсоосны дотор Нигери улс руу шилжүүлэх гэж байсан 500 мянган евро байв. 

Хөл хорио тогтоосны дараа цахим гэмт хэрэг газар авч эхэлжээ. Гуравдугаар сарын 12-ны шөнө Чехийн Брно хотын Их сургуулийн эмнэлэгт цахим халдлага болж мөнгө шилжүүлэхээс нааш компьютерт нэвтрэх боломжгүй болгосон байна. Үүний улмаас яаралтай хагалгааг хойшлуулж, өвчтөнийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Интерполын мэдээлсэнээр Ковид-19 цар тахлын дараа цөөнгүй эмнэлэг иймэрхүү төрлийн цахим халдлагад өртсөн ажээ. 

Нөгөөтээгүүр биеэ үнэлэлт, хууль бус бооцоот тоглоом, хар тамхины худалдаа гэх мэт хэргийн тоо буурав. Түүнчлэн Бразилын хар тамхины бүлгийн толгойлогчид шоронгийн хаалга татсан тул энэ нь тэдэнд томоохон сорилт болжээ. Хоригдлууд эргэлтийн үеэр гэр бүлийн гишүүдтэйгээ уулзаж элдэв мэдээлэл дамжуулдаг байсан бол Ковид-19-ийн улмаас өмгөөлөгчтэйгөө ч уулзах боломж тэдэнд тун цөөн гардаг болсон гэнэ. 

Дээрэм, бусдыг сүрдүүлж мөнгө дээрэмдэх хэрэг нь гэмт хэргийн бүлэглэлийн хувьд бэлэн мөнгөний гол эх үүсвэр болдог. Ийм төрлийн хэргийг ялангуяа Төв Америкийн улсуудын гудамжны бүлэглэл буюу мара голчлон үйлддэг. Харин цар тахлын үед ийм байдлаар бэлэн мөнгө хураах туйлын хэцүү. Гватемал, Эл Сальвадор улсад гуравдугаар сард 2019 онтой харьцуулахад дээрмийн гэмт хэргийн тоо тус бүр 9 болон 17 хувиар буурсан гэж Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг санаачилгын мэдээнд дурдав. Харин Гондурас улсад ийм хэргийн тоо бүр 80 хувиар буурчээ. Гэмт бүлгийн толгойлогчид тээврийн компаниудыг хөл хорио тавигдахаар хамгаалалтын мөнгөө нөхөж төлөхийг анхааруулсан гэж Гондурас улсын Гэмт бүлгийн эсрэг алба (FNAMP) мэдээлэв. 

Дээрэмчдийн хувьд хар тамхины худалдаа орлогынх нь гол эх үүсвэр болдог. 500 тэрбум долларт эргэлддэг дэлхийн хар тамхины зах зээл зогсонги байдалд орсон боловч түр зуурынх гэж ноён Сток хэлжээ. “Дийлэнх картел, синдикатын хувьд энэ бол том асуудал биш. Учир нь тэд хөрвөх чадвар сайтай ба тэр хэмжээний мөнгө бэлэн бий” гэж тэрбээр тайлбарлав. 

Дэлхийн героины нийлүүлэлтийг хангадаг Афганистаны опиумын тариалалт хэвийн байгаа аж. Кокагийн тариалалтаар дэлхийд нэгдүгээрт ордог Колумбын тариалангийн хувьд 2020 он хамгийн сайн ургацтай жил болж байна. Харин Перуд химийн бэлдмэлийн импортын хомсдол үүссэнээс кокаин үйлдвэрлэхэд хүндрэлтэй болсон байна. Энэ нь Хятад улс эмийн үйлдвэрүүдээ хааж, улмаар метамфетамин үйлдвэрлэхэд шаардлагатай химийн бэлдмэлийн хомсдол үүссэнтэй холбоотой. Гэвч энэ бол түр зуурын явдал. 

Нийлүүлэлт, ялангуяа бөөний худалдаа саатсан ч хар тамхины бүлгүүд аль хэдийн аргаа олжээ. Жишээ нь, Нигери улсын хар тамхины бүлгүүд хар тамхийг голчлон нисэх онгоцоор хилээр нэвтрүүлдэг байсан тул наймаа нь зогссон. Гуравдугаар сарын 21-нд хөл хорио тавигдсан тул бага хэмжээний хар тамхийг машинаар АНУ руу тээвэрлэсэн гэж Мексикийн Sinaloa cartel-ийн хоёр гишүүн Ройтерс агентлагт ярьжээ. Хар тамхины синдикатууд агаарын тээврийг туннель, дроноор орлуулж байна. Европ, Африк руу Колумб, Перугаас кокаин тээвэрлэгчид газраар бус завиар Амазоны эргээр доош чиглэн явах зам сонгосон гэж Бразилын эрх баригчид мэдээлэв. Агаарын болон далайн тээвэр зогссон тул Бразилаас хууль бусаар хар тамхи тээвэрлэхэд хүндрэлтэй болж буй. Хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд хурааж авсан хар тамхины хэмжээ 10 хувиар нэмэгджээ. Бразилын хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэргийн албаны цагдаа Элвис Секко хар тамхи тээвэрлэгчид их хэмжээний бараа ачиж, илүү эрсдэлтэй алхам хийх болсон гэж хэлэв. Энэ нь хураан авсан хар тамхи, мансууруулах бодисын хэмжээ нэмэгдсэн гол шалтгаан аж. Хар тамхины жижиглэн худалдаа муудсан тул үүнийг дагаад Европ, Америкт кокаины үнэ нэмэгдэв. Өнгөрсөн сард Неаполь хотын цагдаагийн нохой буухиа шуудангийн агуулахаас 89 боодол хар тамхи илрүүлсэн. 

Төд удалгүй Интерпол 194 гишүүн орондоо хандаж, хар тамхины наймаачид хоол хүргэх нэрээр бараагаа хүргэж байгаа талаар мэдээлсэн. Ирланд улсын цагдаа пиццаны хайрцаг дотроос хоёр гар буу, найман кг кокаин олсон бол Кейптауны захын хороолол Cape Flats-д хайрцагтай хоолны хамт хар тамхи хүргэж байгааг олж илрүүлсэн байна. Героины үнэ өссөн нь шинэ төрлийн хүргэлтийн зардал, үнийн хөөрөгдөлтэй холбоотой аж. Тухайлбал, Лесото улсад героиныг гэртээ шууд хүргүүлж авахад суурь үнэ болох 66 доллар дээр 11-27 доллар нэмж төлдөг болжээ. 

Дэлхий даяар цар тахлыг далим болгон гэмт бүлгүүд том тоглолт хийж байна. Жишээлбэл, Мексик, Италийн гэмт бүлэглэлүүд эмзэг бүлгийн хүмүүст хоол тарааж, Эл Сальвадор, Бразилд хөл хорионы дэглэм сахиулж байна. Харин Японд якуза нар карантилагдсан хөлөг онгоцны ариутгал хийх санал тавьжээ. Эдгээр үйлдэл нь тэдний нэр хүндийг Робин Гудийнх шиг өсгөж байна. Цаашлаад гэмт бүлэглэлийн санхүүжилттэй улс төрчдөд сонгогчид саналаа өгөхөд ч хүргэж мэдэх юм. Мафийн хэтийн зорилго бол төрийн үүргийг гүйцэтгэж төрийг үнэгүйдүүлэх явдал. Тиймээс тэд хөл хорионы дэглэм сахиулж буй нь цагдаагийн, хоол тарааж буй нь халамжийн нийгмийн ажилтны ажлыг орлон хийж байна гэсэн үг. 

Урт хугацааны эдийн засгийн хямрал нь гэмт бүлэглэлд дараах гурван том боломжийг нээж болзошгүй байна. Нэгт, ажилгүйдэл нэмэгдсэний улмаас шинэ гишүүн элсүүлэхэд хялбар болно. Хоёрт, эдийн засгийг сэргээх Засгийн газрын хөтөлбөр нь тэдэнд төрийн төрөл бүрийн тендер, ажлыг шамшигдуулах боломж олгоно. Гуравт, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурснаар мафи тэднийг эрхшээлдээ оруулж, хожим нь тэднийг мөнгө угаах зорилгоор ашиглахад хялбар болно. 

Санхүүгийн хямралын дараа Италид олон аж ахуйн нэгж зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй зээл мафиас авчээ. Ийнхүү мафиуд бизнесүүдийг удирдах боломжтой болсон байдаг. Ковид-19-ийн тархалт хамгийн их ажиглагдсан Италийн мужуудад чемодантай мөнгө барьсан эрчүүдтэй цагдаа нар таарсан гэж тус улсын Цагдаагийн газрын дарга Франко Габриелли хэлжээ. Энэ нь мафийн мөнгө тараах арга байж магадгүй юм. Энэ бүхний эцэст үүсэх нэг гол эрсдэл бол цар тахлын сөрөг нөлөөг давахыг арайхийн оролдож буй улс төрчид гэмт хэргийн бүлэглэлүүдийг мартаж, шийдэх ёстой зорилгынхоо адагт аваачиж магадгүй билээ.

 

 

 

Mongolian Economy