Цар тахлыг сөрсөн арга хэмжээ

Mongolian Economy
2021-08-18 17:42:09
Ангилал: Банк

Ковид-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор банкуудад хяналт шалгалтын хөнгөлөлт үзүүлэх, иргэд аж ахуйн нэгжид ирж буй санхүүгийн дарамтыг бууруулах, цаашид учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Монголбанк 2020 оны гуравдугаар сараас эхлэн шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авч, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эдгээр арга хэмжээ нь эдийн засгийг богино, дунд хугацаанд дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдэд ажлын байрыг хадгалах, хэвийн үйл ажиллагаа явуулах, цаашлаад эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн болно. Монголбанк олон улсын санхүүгийн байгууллагуудын зөвлөмж, бусад улсын Төв банкуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагыг судалсны үндсэн дээр өөрийн орны онцлогт тохирсон бодлогын цогц арга хэмжээг бодлого, үйл ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж байна.

Эдийн засгийн идэвхжилийг сэргээх, банкуудын зээл олгох үйл ажиллагааг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авлаа. Үүнд:

• Мөнгөний бодлогын хороо нь ээлжит болон ээлжит бус гурван удаагийн хурлын шийдвэрээр бодлогын хүүг нийт гурван нэгж хувиар бууруулж, найман хувь болгосон;

• Төв банкны бодлогын хүүний коридорыг нэг нэгж хувиар хумисан;

• Төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувь байхаар шийдвэрлэсэн.

Дээрх бодлогын зохицуулалт нь эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсэж буй болон үүсэж болзошгүй хүндрэлийг зөөлрүүлж, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжиж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах арга хэмжээ нь банкуудын төгрөгийн эх үүсвэрийг чөлөөлж, банкууд эдийн засгийг зээлжүүлэх боломж чадавхыг нэмэгдүүлсэн арга хэмжээ юм. Харин бодлогын хүүг бууруулсан нь мөнгөний бодлогын дамжих механизмын дагуу тодорхой хугацааны дараа банкуудын зээл олгох үйл ажиллагаанд эрсдэлгүй активын өгөөжийн бууралтаар нөлөөлнө. Үүнтэй уялдан банкууд Төв банкны ликвидити нийлүүлэх цонхоор бага хүүтэй репо санхүүжилт авах бололцоог бий болголоо. Ингэснээр зээлийн тасалдлыг таслан зогсоож, банкууд аж ахуйн нэгжүүдийн төслийг санхүүжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бүрдлээ.

Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд банкны системийн тогтвортой байдлыг хангах үүднээс өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж, харилцахын эзлэх хувиар банкинд олгох заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох шийдвэр гаргасан нь банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалахад чиглэсэн арга хэмжээ юм. Макро зохистой бодлогын хүрээнд өмнөх болон дээрх авсан арга хэмжээний үр дүнд ханшийн эрсдэлийг бууруулаад зогсохгүй мөнгөний бодлогын хувьд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх боломж олгож байна.

Улсын Их Хурал энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг баталсан.

Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Монголбанкнаас доорх эрх зүйн зохицуулалтуудад холбогдох өөрчлөлт, хөнгөлөлтийг тусгаж, шинэ зохицуулалтын түр журам баталлаа. Үүнд:

• Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн журмын зарим харьцаанд хөнгөлөлт үзүүлэх;

• Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд хугацааны ангиллыг сунгах, зээлийн гэрээ болон бүтцэд өөрчлөлт оруулсан тохиолдолд бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүй байх, хэрэглээний зээлийн чанарын ангиллыг хэвээр үлдээх, санхүүгийн бус өмчлөх бусад хөрөнгийг ангилж эрсдэлийн сан байгуулах хувийг бууруулах;

• Монголбанкнаас банкинд олгох зээлийн түр журам буюу цар тахлын үед банкны санхүүгийн байдлыг сайжруулж, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкинд Монголбанкнаас зээл олгох харилцааг зохицуулах.

Эдгээр журмын өөрчлөлтөөр хянан шалгалтын хөнгөлөлт, чөлөөлөлтийг Ковид-19-ийн үед түр хугацаагаар олгож, банкуудын зээл олгох үйл ажиллагааг хяналт шалгалт талаас дэмжиж өгч байгаа юм. Мөнгөний бодлогын хүрээнд авсан арга хэмжээний хамт эдгээр арга хэмжээ нь үүсээд байгаа зээлийн тасалдлыг зогсоох, банкуудын зээлжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн зуучлалыг сэргээх, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах зорилготой юм.

Үүнээс гадна Монголбанк, Сангийн Яам, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК болон банкууд хамтран 2020 оны дөрөвдүгээр сарын 3-нд орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдэд ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Энэхүү зохицуулалт нь иргэдийн орлого тасалдсан үед хэвийн, зайлшгүй хэрэглээгээ хангахуйц орлогыг иргэдийн гар дээр үлдээх, амьжиргааны эх үүсвэрийг дэмжсэн арга хэмжээ боллоо. Түүнчлэн, зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө Ковид-19 улмаас түр хугацаанд эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд зээлдэгчийн санхүүгийн оролцоог дэмжих үүднээс зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломж олгов.

Банк, өрх, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн эдгээр шийдвэр нь тэдгээрийн төлбөрийн чадвар болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, үйл ажиллагааг нь тогтворжуулах, улмаар эдийн засаг сэргэх боломжийг хадгалахад чиглэсэн юм.

Түүнчлэн, банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх, валютын ханшийн эрсдэлээс хамгаалах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанк төгрөг-ам.долларын своп хэлцлийг тогтмол хийж байна.

Энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр УИХ-аас баталсан цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний томоохон хэсэг болох “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийн хүрээнд банкны үйл ажиллагааны зардлыг бууруулахад дэмжлэг хөнгөлөлт үзүүлж, Монголбанкнаас банкуудад үзүүлдэг ажил үйлчилгээний зарим шимтгэлийг тэглэж, кастодиан банкны үйл ажиллагааны эрсдэлийн санг “0” хувиар тогтоосон.

Дүгнээд хэлэхэд, Монголбанк мөнгөний бодлогыг санхүүгийн бодлогын зохицуулалт болон макро зохистой бодлоготой хавсран хэрэгжүүлсэн нь Ковид-19-ийн эдийн засагт учруулах сөрөг нөлөөг бууруулж, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжлэх боломжийг бүрдүүлж, дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, улмаар эдийн засгийг тогтворжуулж, өсөлтийг хангахад эерэг нөлөө үзүүлж байна.

 

Н.БАТСАЙХАН
Монголбанкны Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх

 

Mongolian Economy сэтгүүлийн 2020 оны 10-11-р сарын дугаараас

 

 

 

Mongolian Economy