Цочрол ба сүрдэлт

Mongolian Economy
2021-07-20 11:38:47
Ангилал: Дэлхий 2021

Хямрал бол капитализмын ангилан ялгах механизм юм. Сул бизнесүүд жижигрэх юм уу хөрснөөс арчигдаж, хүчтэй нь томордог. Бүтээлч түйвээлт 2020 онд харин хэвийн төлвөөрөө хэрэгжсэнгүй. Учир нь уналтын шалтгаан нь санхүүгийн сүйрэл, инфляцын аймшиг бус эрүүл мэндийн хямралаас үүдсэн тул зарим хачирхалтай компаниуд хожиж, бас алдаж байна. Видео стриминг үйлчилгээнд тэсрэлт гарч байхад аяллын усан онгоцны бизнес бут цохигдлоо. Дэлхий дахинаа улсын тэтгэмжүүд компаниудыг түшиж, хядуулах компанийн хэмжээг багасгав. 2021 онд тэтгэмжийн цуваа зогсоход бодит тоо ил гарч, нэлээд компани нэмж дампуурах болов уу. Сайн бизнесүүд хөрөнгө оруулалтаа эрс өсгөж, мөнхийн давуу тал олж авна. Гэхдээ хувь нийлүүлэгчдийн давуу эрх, даяарчлал, хууль тэгш үйлчилдэг засгийн газар хэмээх орчин үеийн бизнесийн гурван зарчим нь хувьсамхай төлөвт шилжсэн шинэ орчин нөхцөлд дасан зохицох шаардлагатай.

Уналт ховорхон бөгөөд хурдан болж өнгөрдөг. Дэлхийн II дайнаас хойших жилүүдийн ердөө 14 хувьд л Америк хямралын байдалтай байсан. Гэхдээ бизнесийн бүтцэд үзүүлэх нөлөө нь асар хүчтэй байдаг. Өмнөх гурван уналтын үеэр Америкийн салбар тус бүрийн шилдэг 25 хувьд багтах компаниудын хувьцаа зургаан хувиар өссөн бол ёроолын 25 хувийнх 44 хувиар унасан.

Энэ удаад илэрхий хэдэн хожигч байна. Хэрэглэгчид дижитал үйлчилгээ рүү шилжсэнээр Цахиурын хөндийн ирээдүй өөдрөг буй. Хятад хэмээх “корпорац”-ыг дахин нэг огцом үсрэлт хүлээж байна.

Эдийн засаг нь дэлхийн ихэнх улсыг давж, савласан ус үйлдвэрлэгч аварга Nongfu Spring тэргүүтэй компаниудын IPO давлагаа өрнөж байгаа нь Хятад компаниудын чадал чансааг харуулж байна. Дэлхийн хувьцааны зах зээлийн үнэлгээнд эзлэх хувь нь (Хонконгийг оруулаад) 10 жилийн өмнө 13 хувь байсан бол цар тахлын өмнө 15, өдгөө 17 хувь болжээ.                                    

Хожигсод ба алдагсад
Зарим амжилтын түүхийг тааварлахын аргагүй байлаа. Энэтхэгийн Пунаваллын гэр бүлийн вакцины бизнес саяхныг хүртэл адууны аж ахуйтай нь адил хэмжээнд явж ирсэн бол цар тахлын үед 62 хувиар өсөж, 14 тэрбум ам.долларт хүрснийг Блүүмберг мэдээлсэн. Чингэлэг тээврийн салбар үр ашигтай бүтцэд шилжихээр хэдэн жилийн нүүр үзсэн ба 2020 онд хичээл зүтгэлийнх нь үр дүн гарч, худалдааны хэмжээ буурсан ч Maersk тэргүүт том пүүс их ашиг хийх төлөвтэй байна. Технологийн эрсдэлтэй хөрөнгө оруулалт, үлэмж өр зээлээрээ алдартай Японы Softbank конгломерат хямралыг боломж болгож, 80 тэрбумын хөрөнгө худалдсанаа зарласан юм. Үхмэл мөнгө гэгддэг алт олборлогч компаниуд дахин моодонд оров. Учир нь засгийн газрын үлэмж хэмжээний тэтгэмжүүд инфляц үүсгэж, үнэ цэнээ барих цөөхөн хөрөнгийн нэг нь алтан гулдмай болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа аж.

Харин алдагсдын хувьд байдал ямар байна вэ? Бизнесийн орчин 2009 оны хямралаас дор байна. Тухайн үед Америкийн шилдэг 3000 хувьцаат компанийн гуравны нэг нь алдагдалтай ажилласан бол 2020 оны эхний хагасын байдлаар энэ тоо 40 хувьтай байна. Гэсэн ч Америкт дефолт зарлах хэмжээ бага хэвээр үлдсэн бөгөөд жанк бондын ердөө таван хувь нь дефолт болж, өртэй бизнес зээлийн карт өр дөрвөн хувьтай байгаа юм.

Бодит амьдралаас зөрүүтэй энэ байдал 2021 онд удаан үргэлжлэхгүй. Засгийн газрууд шинэ тусламжаа бууруулж, компаниудыг ганц нэгээр нь хамгаалах бус ажилчдыг ажлын байраа алдвал тусламж үзүүлэх чиглэл рүү явна.

Компаниуд хоорондын зааг ялгаа улам ихэснэ. Учир нь хүчтэй нэг нь хөрөнгө оруулалтаа хадгалж, хүчгүй нь бууруулна.

Өмнөх жилтэй харьцуулахад 2020 оны дундуур Америкийн хамгийн их хөрөнгө зарцуулдаг 10 хувьцаат компанийн капитал зарцуулалт гурван хувиар өссөн бол хамгийн жижиг 1000 компанийнх 82 хувиар буурсан байна.

2020-2021 оны хямралаас хожигч нь технологийн түйвээлтээс давуу байдал олж авсан, Ази, Америкийн зах зээлд гарсан  томоохон компаниуд байх юм. Гэхдээ тэд бизнес, нийгмийн хоорондох тоглоомын дүрэм дахин өөрчлөгдөж буй цар тахлын дараах ээдрээтэй шинэ орчинтой нүүр тулна.

Компаниуд хувь нийлүүлэгч бус ажилчдадаа илүү анхаарах шаардлагатай тулна. Компанийн эзэд хувьцаагаа буцааж худалдаж авах явдал 2020 оны дунд үед дэлхийн хэмжээнд бараг хоёр дахин буурсан ба энэ үзүүлэлт ашгаа нөхсөний дараа ч өөрчлөгдөхгүй. Даяарчлал зогсонги байдалд орсноор үндэстэн дамнасан корпорациуд үндэсний бизнесүүдийн нэгдэл шиг ажиллах шаардлагатай болох ба нэгдсэн удирдлагаар явбал бүрэн үр ашигтай байж чадахгүй. Засгийн газруудын хэмжээ хаа сайгүй тэлж байгаа учир татвар, хяналт зайлшгүй нэмэгдэнэ. Дэлхийн шилдэг 3000 компанийн төлсөн татварын дундаж хувь 20 жилийн өмнө 33 хувь байснаа өдгөө 22 хувь болж буурсан ба цаашид буцаж өсөх л ганц зам байгаа юм. Эл хямралын эцэст бизнесийн ертөнцөөс гадна капитализмын дүрэм ч бас доргино. 

 

“Дэлхий 2021” сэтгүүлээс

Патрик Фулис: The Economist-ийн бизнес хариуцсан редактор

 

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу 94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
  • Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр

 

 

 

Mongolian Economy