Цэвэр агаараар амьсгалсан зурвас үе дуусав

ariunzaya ariunzaya
2020-09-11 16:13:45
Ангилал: Байгаль орчин

Ковид-19 бидний амьдралд сөрөг төдийгүй эерэг өөрчлөлт авчирсан гэхэд хилсдэхгүй. Цар тахлын улмаас хэдэн зуун мянган хүний амь нас эндэж, дэлхийн эдийн засаг хямраад буй нь үнэн. Нөгөөтээгүүр, ДНБ-ий хэмжээ буурахын хажуугаар агаарын бохирдол ч гэсэн буурав. Энэтхэгийн хойд хэсэгт байрлах Жаландхар хотын оршин суугчид олон арван жил хараагүй Гималайн нурууны цаст оргилыг энэ хавар харжээ. 

Агаар бохирдуулагч хамгийн түгээмэл бодис бол азотын давхар исэл (NO2). Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон агаарын бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь шоо метр тутамд 40 микрограмм (40µg/m3) байдаг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болох Энэтхэгийн Делид хөл хорио тогтоосны дараа азотын давхар ислийн хэмжээ дөрөвдүгээр сард 46 байснаа 17µg/m3 болж буурчээ. Мөн Лондон хотод гуравдугаар сард 36µg/m3 байсан азотын давхар ислийн хэмжээ хоёр долоо хоногийн дотор 12µg/m-аар буурчээ. 

Агаарын бохирдолд хүний буруутай үйл ажиллагаанаас гадна салхины хурд, хур тунадасны хэмжээ, агаарын чийгшил зэрэг байгалийн хүчин зүйлс нөлөөлдөг. Дэлхийн томоохон 12 хотын агаарын бохирдлын хэмжээнд Ковид-19 хэрхэн нөлөөлснийг Цэвэр агаар, эрчим хүчний судалгааны төв судалжээ. 

Хөл хорионы дэглэмийг танилцуулснаас 10 хоногийн дараа азотын давхар ислийн хэмжээ 2017-19 оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар буурсаныг тогтоожээ. Харин эрүүл мэндэд нэн сөрөг нөлөөтэй 2.5 микрометрээс (pm2.5) доош диаметртэй нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ таван хувиар багассан байв. 

Цэвэр агаар нь хүний эрүүл мэндэд асар их ач холбогдолтой. Гэвч дэлхийн хүн амын 90 хувь агаарын чанарын стандарт хангадаггүй орчинд амьдарч байна. 2016 онд агаарын бохирдлын улмаас амьсгалын замын халдвар, уушгины хавдар зэрэг өвчнөөр ойролцоогоор 4.2 сая хүн нас баржээ. Түүнчлэн амьсгалын замын ужиг өвчтэй гэсэн оноштой сая сая хүн бий. 

Цар тахлын нөлөөгөөр агаарын чанар сайжирснаар томоохон 12 хотод нас баралт 15 мянгаар буурсан гэж Цэвэр агаар, эрчим хүчний судалгааны төв тооцоолжээ. Тухайлбал, Дели агаарын бохирдлоос болж нас барсан хүний тоо 4,600-аар буурсан аж. Энэ нь Ковид-19-ийн улмаас эндсэн хүмүүсийн тоотой дүйцэх юм. 

Гэвч эдийн засаг сэргэж эхэлснээр агаарын бохирдол цар тахлын өмнөх хэмжээнд хүрэх болов. Хэдийгээр олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах хүний тоо улс бүрт ялгаатай ч томоохон хотуудын замын түгжрэл цар тахлын өмнөх хэмжээндээ хүрсэн гэж “TomTom” компани мэдээлэв. Агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэх нь Ковид-19-ийн халдвараар нас барах магадлал өндөртэй багтраа өвчтэй хүмүүсийг үхэлд хүргэх аюултай билээ. ■

 

 

Английн “The Economist” сэтгүүлийн нийтлэлийг “Mongolian Economy” албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

ariunzaya ariunzaya