Цэвэр эрчим хүчийг хөгжүүлэхэд хурдтай бодлого, шийдвэр дутагдаж байна
Өнөөдөр Олон улсын цэвэр эрчим хүчний өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газраас “Цэвэр эрчим хүч Монгол Улсын хөгжил дэвшилд” сэдэвт дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, URECA ХХК, Азийн хөгжлийн банк, Хас банк, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвийн төлөөллүүд оролцож, Монгол Улсын цэвэр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй сорилт бэрхшээл болон боломжит шийдлүүд мөн сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтийг бүгдэд эрх, тэгш хүртээмжтэй байлгах нь яагаад чухал вэ гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска эрчим хүчний салбарын сорилтуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлоод “Цэвэр эрчим хүчний шилжилт нь Монгол Улсад төдийгүй дэлхийд тогтвортой ирээдүйг бий болгоход зайлшгүй шаардлагатай. Энэхүү шилжилтийн хэрэгцээ шаардлага нь эдийн засгийн сорилтуудаас илүү эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд, эрчим хүчний хараат байдлыг бууруулахад болон тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм” гэлээ.
Хэлэлцүүлгийн модератороор “Mongolian Economy” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр ажилласан юм. Тэрбээр “Цэвэр эрчим хүчний асуудал Монголд хамгийн чухал хэрнээ биднээс маш том сорилт шаардаж байна. Монгол Улс 2,600 гВт-аар хэмжигдэх сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй. Монгол Улс салхи, нарны энергийг ашиглан цагт 5,457 тераватт цахилгаан эрчим хүч гаргаж авах бололцоотой гэсэн Азийн хөгжлийн банкны судалгаа байдаг. Түүнчлэн нийт газар нутгийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчний станцууд барих техникийн боломжтой гэсэн тооцоо гарсан. Цэвэр эрчим хүч экспортлох бүрэн нөөцтэй гэсэн үг. Бүс нутгийн хувьд голлон тоглогч болох боломжтой гэж Монгол Улсыг үзэж байна. Хэлэлцүүлэгт гурван гол асуудал яригдана. Цэвэр эрчим хүчний асуудалд тулгарч байгаа сорил бэрхшээл, санхүүгийн хөрөнгө оруулалтуудыг татах боломжууд болон бодлого, эрх зүйн орчны талаар ярилцана” хэмээв.
Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Ганзориг: Сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлж, хүлэмжийн хийг 43 хувь бууруулах боломжтой. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсанаас хойш суурилагдсан хүчин чадалд эзлэх хэмжээ 300 мВт хүрсэн. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд суурь нөхцөлийг бүрдүүлсний дараа хурдтайгаар хөгждөг олон улсын жишээ байна. Бид эхлээд эх үүсвэрүүдээ барих шаардлагатай. Эрчим хүчний суурь нөхцөлөө хангаж чадаагүй манайх шиг улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хийхэд хүндрэлтэй. Хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд алдагдалд оруулах вий гэж болгоомжлоод байгаа юм.
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт: Уур амьсгалын өөрчлөлт маш хурдтай явагдаад, 2030 он гарсны дараа таагүй байдалд хүрнэ гэсэн судалгаа гарсан. Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа гэх сайн үзүүлэлт байгаа боловч манайх дэлхий нийтээс хоцорч байна. Сэргээгдэх эрчим хүч суурилагдсан хүчин чадлын 20 гаруй хувь гэж байгаа боловч 2019 оноос хойш хөрөнгө оруулалт зогсчихоод байна. Төлөвлөлт, байршил, үнэ тариф, сонгон шалгаруулалт бэлэн байна уу гэхээр бэлэн биш байна. Монгол хүний эрүүл мэнд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очсон байна. Ингээд харахаар шийдэл нь харагдахгүй. НҮБ Эрсдэлийг бууруулах технологийн хамтын ажиллагааны механизмыг нэлээн сурталчилж байгаа. Асуудал их байна. Шийдэл чухал байна.
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан: Эрчим хүч үйлдвэрлэл өрхийн хэрэглээнийхээ нөхцөл байдлыг дийлэхгүй хэмжээнд хүрсэн. Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар ярьж байгаа хэрнээ эрчим хүчнийхээ дэд бүтцийн асуудлыг шийдээгүй байгаа нь асуудал дагуулж байна. Хувийн хэвшил биеэ дагаад явах боломжтой. Санхүү урамшууллын технологио тогтвортой болгож, бодлогоор нээлттэй дэмжих цаг болсон. Ойлгомжтой стратегитай болъё. Бүхнийг төр өөр дээрээ авах шаардлагагүй. Хамтраад явъя.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн эдийн засагч Яасин Жанжуа: Монгол Улс шударга эрчим хүчний шилжилт хийх шаардлагатай. Одоо байгаа системдээ хөрөнгө оруулах, бүх талыг оролцуулах, шударга байх шаардлагатай. Тэгш, хүртээмжтэй, шударга, ил тод байх нь чухал. Хөрөнгө оруулагчдад баталгаа гаргах, технологио хурдан өөрчилж, үүндээ төр засгийн бодлого нь хурдан зохицож дасах хэрэгтэй байна. Саад бэрхшээл их байгааг ойлгож байна. Гэхдээ зөв шударга шилжилт хийх хэрэгтэй. Санхүүгийн хувьд шинэ шийдэл гарч ирж байгаа.
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ахлах зөвлөх Б.Хүрэлбат: Төрийн байгууллагуудын уялдаа холбоо үгүйлэгддэг. Хөрөнгө оруулагчдын батлагдсан гэрээг өөрчилнө гэж шахах бол маш бүдүүлэг асуудал. Сэргээгдэх эрчим хүчний 11 төсөл явсаар байгаад зөвшөөрлийн хугацаа нь дууссан. Хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газар тогтворгүй, шийдвэр гаргах чадваргүй гэж харагдаж байгаа нь үнэн гэв.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр дэлхийн улсууд малтмал чулуужсан түлшний хэрэглээнээс тогтвортой эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих шаардлагатайг онцлоод байгаа билээ. Тэр тусмаа эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлын 90 гаруй хувийг нүүрсний буюу дулааны цахилгаан станц бүрдүүлдэг Монгол Улсад энэ шилжилтийг хийх нь нэн чухал гэдэг дээр мэргэжилтнүүд санал нэгдэж байв.
Монгол Улсын Засгийн газар 2015-2030 оны хооронд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-доо 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх хувийг 20 хувь хүртэл, 2030 он гэхэд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавиад байна. Түүнчлэн, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах тавьсан. 2020 оны байдлаар Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 44.78 хувийг эрчим хүчний салбар бүрдүүлж байгаа тухай НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тайланд мөн дурджээ.