Цөлжилттэй тэмцэх “СОР-17” дээд хэмжээний уулзалтыг Монголд зохион байгуулна

B Shurenchimeg
2022-05-23 15:30:05
Ангилал: Нийгэм

Цөлжилтийн эсрэг конвенцийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 09-21-ны өдрүүдэд Африкийн Коте Д’Ивуарын Абижан хотод боллоо. Энэ удаагийн цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын 15-р бага хурал нь “Газар амьдралын эх үндэс” уриан дор зохион байгуулагдаж, 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд нар гээд, нийт зургаан мянга орчим төлөөлөгч оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, ган, газрын доройтол тэр дундаа цөлжилтийн эсрэг авах хариу арга хэмжээнд дуу хоолойгоо нэгтгэсэн. 

Монгол Улсаас  БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү нарын ажлын хэсэг оролцлоо. 

Энэхүү дээд хэмжээний уулзалтаар дэлхийн улс орон бүр цөлжилтийн эсрэг авч буй арга хэмжээгээ танилцуулж, сайн туршлгаа дэлхийн бусад улс орнуудад хуваалцаж байв. Цөлжилт нь 21-р зуунд хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг болж байгаа.

Өмнөд туйл буюу Антарктидаас бусад бүх тивд цөлжилт их бага хэмжээгээр өртөөд байгаа бөгөөд цөлжилттэй тэмцэх нь дэлхий нийтийн гол үүрэг болж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, дулааралтаас үүдэн ган гачиг тохиолдох нь олшрохын зэрэгцээ хүн төрөлхтөний байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөө нэмэгдэхийн хэрээр цөлжилтийн аюул нүүрлэх боллоо гэдгийг улс орнуудын төлөөлөл хөндөн ярьж байлаа. Түүнчлэн Дэлхийн уур амьсгалын дулаарал нь бүс, нутаг, газар орны байршлаас хамаарч олон янз байдлаар илэрч байна. 

Монгол орны хувьд, нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд байна. Мөн хамгийн том асуудал бол Монголын тэгш өндөрлөгийн гол түлхүүр экосистем болох хээрийн экосистем цөлжилтийн үйл явцад улам бүр эмзэг болж буй явдал юм. Цөлжилт, газрын доройтлын улмаас Монгол орны хамгийн гол экосистемүүд болох ус, намгархаг газар, өндөр уулын экосистемүүд мөн хувьсан өөрчлөгдөх болсон төдийгүй усны эх үүсвэр болсон экосистемийг хамгаалахад энэ удаагийн уулзалтын сэдэв болон газар, түүний ашиглалт, эрх зүйн байдал чухал нөлөөтэйг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ сайд нарын дугуй ширээний уулзалтын индрээс онцолж байлаа.

Мөн тэрбээр “Монгол улс сүүлийн 40 жилийн хугацаанд нийт цэвдгийнхээ 50 орчим хувийг алдсан гэдэг нь судалгаагаар тогтоогдоод байна. Энэ нь умард бүсийн цөлжилт, газрын доройтлыг буруулахад хөрсний менежментийг чухалчлан анхаарах шаардлагатайг харуулж байна гээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, энэ ажлын хүрээнд тэрбумаар тоологдох мод тарих нь газрын харилцаа, газрын бодлого, ашиглалт, тогтвортой эдийн засгийн хөгжил, хүний эрх ба газар зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой бөгөөд газартаа хөрөнгө оруулах эрхийн баталгаа болно” гэдгийг онцоллоо. 

Эл үндэсний хэмжээний санаачилга нь зөвхөн Монгол Улсын тэгш өндөрлөгийн ногооруулах бус гурван усан хагалбарын эх нутгийг ногооруулж буй бөгөөд уг том зорилтын өгөөж нь экосистемийн урсгалаар Зүүн хойд Азийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх юм гээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт байгаагаа дэлхийн 180 гаруй улс орны төлөөлөгчдөд тэрбээр сонордууллаа.

Эх байгальд хил хязгаар байхгүй учраас Монгол улсын зүтгэл, оролдлого даян дэлхийн тогтвортой ногоон хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм.

189 орны зургаан мянга гаруй төлөөлөгчид хэлэлцэж, санал хураалт явсны эцэст НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахыг Засгийн газрууд дэмжиж, албан ёсоор баталлаа. Харин 16 дугаар  бага хурлыг Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдахаар талууд санал нэгдэв.

 

 

 

 

 

B Shurenchimeg