Ц.Батсүх: Цалингийн өсөлт инфляцыг гүйцэж байсан тохиолдол байхгүй

B Shurenchimeg
2022-08-23 12:43:36

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн профессор, эдийн засагч Ц.Батсүхтэй ярилцлаа. 

Улсын хэмжээнд инфляц 15.7 хувьтай байна. Найм, есдүгээр сард хичээлийн шинэ жил, ургац гээд олон хүчин зүйлээс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг. Цаашид инфляцыг зорилтот түвшинд хадгалж чадах уу? Инфляц буурах төлөв хэзээнээс ажиглагдана гэж үзэж байна вэ ?

Улирлын онцлогоос шалтгаалан найман сарын сүүлч, есөн сарын эхээр бүх шатны хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлдэгтэй холбоотой хөдөөнөөс хот руу чиглэсэн урсгал ихэсч, бараа, үйлчилгээний худалдан авалт нэмэгддэг. Энэ нь хувцас, бичиг хэрэгслийн бараа, тээврийн үйлчилгээний үнэ нэмэгдэх нөхцөл болдог. Мөн их, дээд сургуулийн төлбөр өөрчлөгддөг үе юм. Эдгээрээс шалтгаалан хэрэглээний үнийн индексийн зарим бүлгийн үнэ өсөх талтай.

Нөгөө талаас манай улсын улирлын онцлогоос шалтгаалан өргөн хэрэглээний хүнсний ногоо, махны нийлүүлэлт нэмэгдэх үе давхцах тул хүнсний бүтээгдэхүүний бүлгийн үнийн өсөлт саарах талтай. Энэ жилийн зуншлагаас ажиглахад ихэнх нутгаар гандуу, өвөл зуд турьхан болж магадгүй гэсэн малчдын болгоомжлолоос махны нийлүүлэлт нэмэгдэх талтай байгаа нь инфляц буурах нөхцөл болно.

Манай улсын инфляцын дийлэнх хувийг хүнсний бүтээгдэхүүн болон нефть бүтээгдэхүүний үнийн өсөлт, түүгээр дамжсан тээврийн зардал бүрдүүлж байгаа тул нефть бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байвал 9-11-р саруудад инфляцын хурдац удааширна.

Харин инфляцын зорилтот түвшнийг хангах хүртэл буурах хугацаа олон зүйлээс шалтгаалах тул ирэх оноос хангагдах байх гэж таамаглаж байна. 

Инфляцыг тогтоон барихын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та үзэж байгаа вэ ?

Өнөөгийн инфляц нь гадаад, дотоод олон төрлийн шалтгаантай байна. Ковид-19 цар тахлаас шалтгаалан ихэнх улс орнуудад хэрэгжүүлсэн халамж, нийгмийн хамгааллын бодлогуудын нөлөө, тээвэр логистикийн гацаа, дайн зэрэг хүчин зүйлс гадаад шалтгаан болж байгаа бол бидний дотооддоо бараа, үйлчилгээний хангамжийн сувгийн асуудлыг олон жилийн туршид шийдэж чадахгүй байгаа бодлогын алдаа зэргээс мөн болж байна.

Гадаад шалтгаануудад бид үндсэндээ нөлөөлж чадахгүй тул аль болох хохирол багатай байхаар зохицуулж хүлээн авахаас өөр аргагүй. Харин дотооддоо бид хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээгээ сайжруулах тал дээр арга хэмжээ авах шаардлагатай байна. Улирлын чанартай нийлүүлдэг хүнсний бүтээгдэхүүнийг жилийн туршид жигд, хүртээмжтэй нийлүүлэлттэй болгох тал дээр анхаарч, хүлэмжийн болон агуулахын аж ахуйг хурдацтай хөгжүүлэх шаардлагатай. Үүнийг Засгийн газраас нэн тэргүүний ажил болгон хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаас импортын хараат байдлаа бууруулах, хил гаалийн асуудлаа хөрш орнуудтайгаа хурдан шуурхай шийдэж чаддаг менежментийг бүрдүүлэх хэрэгтэй.

Монголбанкнаас гадаад хүчин зүйлээс шалтгаалаад үнэ өсөөд байна гэж тайлбарлаж байгаа. Инфляцын суурь шалтгаан бол төрийн засаглал, эдийн засгийн бодлогын алдаа гэж ярих нь ч бий. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ ?

-Инфляцыг эрэлтийн болон зардлын, нийлүүлэлтийн гэж хоёр ангилдаг. Төв банкнаас явуулж буй бодлого, арга хэрэгсэл нь эрэлтийн талын инфляцыг зохицуулахад чиглэдэг. Харин бүтээгдэхүүний өртөгт бодитоор нөлөөлдөг шалтгаануудын улмаас үүсэж буй нийлүүлэлтийн инфляцыг удирдахад мөнгөний бодлогын арга хэрэгсэл хүрэлцээтэй биш юм. Миний өмнө нь ярьсан гадаад шалтгаантай, дотоодын нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын зүгээс шийдэх шаардлагатай. Эдийн засгийн бүтцийн талын бодлогын асуудлууд их байна гэсэн үг. Эдгээрийг Засгийн газраас хувийн хэвшилтэй хамтран түншлэлийн үндсэн дээр дорвитой шийдэх арга замыг олох хэрэгтэй байна.

Мөнгөний бодлогын хувьд инфляцын эсрэг мөнгөний нийлүүлэлтийг хумих арга хэрэгслүүдийг, тухайлбал хүү өсгөх, зээлийг хязгаарлах чиглэлээр бодлого явуулдаг. Энэ нь нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг хязгаарлах, ажлын байрыг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл болох тул эдийн засгийн бүтцийн гажуудалтай манай орны хувьд хүсээд байх зүйл бас биш.

Инфляц өсөхөөр Засгийн газраас хөдөлмөрийн хөлсийг нэмдэг жишиг бий. Цалин нэмснээр асуудал шийдэгдэх үү? Иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэх үү ?

Арван таван хувийн инфляц гэдэг нь иргэд өөрсдийн орлогын ойролцоогоор долооны нэгийг нэг жилийн дотор инфляцад идүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар ийм хэмжээгээр багасна. Тэгэхээр үүнийг нөхөхийн тулд орлогын голлох бүрэлдэхүүн болох цалин, хөлсийг нэмэх шаардлагатай тулгардаг. Нийлүүлэлтийн хомсдолтой эдийн засагт энэ нь зөв шийдэл биш. Эрэлтийн инфляцыг үүсгэх нөхцөл болно. Нөгөө талаас цалин хөлс нь хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой тодорхойлогдох ёстой. Тиймээс бүтээмжийн асуудал давхар хөндөгдөх болно. Цалингийн өсөлт инфляцыг гүйцэж байсан тохиолдол байхгүй. Тиймээс цалин нэмээд асуудал бүрэн шийдэгдэхгүй. Түүний оронд инфляцыг бууруулах, тогтвортой байлгах, ялангуяа эдийн засгийн бүтцийн гажуудлуудыг шийдэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогуудыг хэрэгжүүлэх нь чухал.

Эдийн засгийн идэвхжилээс үүдсэн үнийн өсөлт инфляцад нөлөөлж байна. Үүнийг мөнгөний бодлогоор дамжуулан зохицуулах арга бий юу?

Өнөөдрийн манай улсын инфляцын шалтгааны дийлэнх хувийг эдийн засгийн сэргэлттэй холбоотой эрэлтийн талын хүчин зүйлс үүсгэж байгаа бус харин нийлүүлэлтийн талын гадаад хүчин зүйлс, тээвэр логистик, хил гаалийн асуудал үүсгэж байна. Иймээс үүнийг дан ганц мөнгөний бодлогоор шийдэх бололцоогүй. Манай улсын хэрэглээний сагсны талаас илүү хувийг импортын бараа, үйлчилгээ эзэлж байгаа. Гадаад улс орнуудад бараа, үйлчилгээний үнэ өсөж байгаа нь шууд импортлогдоно. Мөн импортын барааны үнэд мөнгөний ханш нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш бусад улсын валютын эсрэг сулрахын хэрээр импортын бараа, үйлчилгээний үнэ дотоодод өснө. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгах нөхцөл нь тухайн улсын эдийн засгийн суурь бүтцээс шалтгаалддаг.

Хэрвээ гадаад худалдаа алдагдалтай бол гадаад валютын дутагдал үүсэж, гадаад валютын ханш нь чангарна. Тиймээс бид валютын ханшаа тогтвортой байлгахын тулд аль болох өргөн хүрээнд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна. Гэтэл манай экспортын бүтэц, бүрэлдэхүүн ямар билээ гэдгийг хүн бүр мэднэ.

Төрөөс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн чиглэлд зөвхөн төлөвлөдөг бус, гүйцэтгэж хийдэг бодлогыг явуулах хэрэгтэй байна.

Манай улс экспортын хувьд гэхэд нэг төрлийн бүтээгдэхүүнээс, тухайлбал уул уурхай, эрдэс түүхий эдээс бүрддэг, бараг монополчсон нэг худалдан авагчтай, түүний бодлого, эдийн засгийн төлөв, арга хэмжээнээс хамааралтай байна.

Валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх өөр нэг зам нь гадаадаас валют зээлэх, эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах явдал юм. Гэвч гадаад улс орнууд инфляцаасаа шалтгаалан бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа нь гадаад валютын эх үүсвэр илүү өндөр өртөгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд илүү өндөр хүүтэй зээл авах, аль эсвэл илүү өндөр өгөөж хүссэн хөрөнгө оруулалт татах асуудалтай тулгарч байна.  

Мөнгөний ханш өдрөөс өдөрт унаж байгаа энэ цаг үед жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж та зөвлөх вэ?

-Бэлэн мөнгөний урсгал гүйлгээнүүдээ аль болох багасгаж, ирээдүйд илүү өгөөжтэй байх санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтад байршуулах нь зүйтэй болов уу.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg