Ц.Гарамжав: Үйлдвэржилтийн бодлогыг бодитой явуулбал, улс маань дорхноо хөгжих боломжтой

Монгол эмэгтэйчүүд шударга, тэсвэр хатуужилтай, хийж бүтээхийн төлөө зүтгэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж буй хүн бол Ц.Гарамжав. Тэрбээр уул уурхайн салбарт 1990 оноос хөл тавин геологи хайгуул болон үйлдвэрлэл эрхэлж, энэ бүхнийхээ үр шимийг улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсан геологич эмэгтэй билээ. Түүнчлэн Ц.Гарамжав уул уурхайн нөхөн сэргээлтийг жишиг болгож, орчин үеийн технологи бүхий томоохон бүтээн байгуулалтууд хийж, олон зуун ажлын байр бий болгосон үндэсний үйлдвэрлэгч юм. Мөн 33 жилийн тэртээ “Монполимет” компанийг үүсгэн байгуулж, 1000 гаруй ажилтантай, улсын төсөвт олон тэрбумын татвар төвлөрүүлдэг, Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгж бүхий группийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч эмэгтэй. Тэрбээр амьдралын хатуу хөтүүг амсаж, бизнесийн ширүүн өрсөлдөөнийг туулан гарч, хамт олныхоо удирдагч, найз нь болж, сайн сайхан нийгмийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийж яваа монгол эмэгтэй, ээж хүн. Авлига, хүнд сурталд автагдсан, дарангуйлал ноёрхсон, зөвхөн өөрсдийн сүлжээний бизнесээ дэмжиж, өрөөл бусдыг нь боомилдог, шударга бус нийгмийн золиосонд өртөж, бизнесээ хаалгаж, хохирчсон ч тэмцэж, урагшлах, үнэнээр явахыг үлгэрлэн харуулсаар яваа Монголын хүчирхэг эмэгтэйтэй бид ийн ярилцсан юм.
-Таны уул уурхайн салбарт хөл тавьсан түүхээс ярилцлагаа эхлэе?
-Би уул уурхайн инженер, геологич мэргэжилтэй. Хоёр нийгэм солигдох он жилүүдэд бизнесийн гараагаа эхлүүлж байлаа. Монголын анхдагч компаниуд, иргэд эдийн засгаа босгохын төлөө эрвийх, дэрвийхээрээ зүтгэсэн үе.
Засгийн газраас уул уурхайн салбараа эхлээд хөгжүүлснээр эдийн засгаа өөд нь татна гэж үзэж, олон хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Бид ч тэдгээр хөтөлбөрт хамрагдаж, геологи хайгуул хийх ажил руу сэтгэл шулуудан орж байлаа. “Монполимет” компани 1992 онд геологи, хайгуул, судалгаа, ашиглалт олборлолт, барилга байгууламж барих зорилготойгоор албан ёсоор байгуулагдсан. Улсын үйлдвэрийн газраас анхны ажил маань эхэлж, Заамарт жижигхэн талбай түрээслэн ажиллаж байлаа. Дараа нь Тосонгийн ордын лиценз манай компанид хуулийн хүрээнд шилжиж ирснээр мэргэжлийн бөгөөд хариуцлагатай уул уурхай эрхлэх эхлэл тавигдсан. Бэрхшээл сорилт олон байсан ч бид хариуцлагатай уул уурхайгаас аж үйлдвэрийн салбар руу шилжсэн нь хөгжлийн зөв загварын анхны сайн жишээ болсон. Монгол хүн, монгол инженерүүд хүнд үйлдвэрүүд барьж байгуулж чаддаг гэдгийг харуулсан 33 жил байлаа.
-“Монполимет” байгаль орчны бодлого, нөхөн сэргээлтийн үлгэр жишээг Монголд бий болгож, газрын доорх баялгийг олборлохоос гадна нөхөн сэргээж болно гэдгийг харуулсан компани.
-Бид уул уурхайн олборлолт, ашиглалтыг амжилттай явуулахын зэрэгцээ хүрээлэн буй орчиндоо маш элэгсэг хандаж, хамтдаа хөгжих бодлого хэрэгжүүлсэн. “Монполимет” Тэргүүний нөхөн сэргээгч, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч компаниар 23 удаа шалгараад байна. Ер нь бид ганц, хоёр жил нөхөн сэргээлт хийгээд орхидоггүй, олон жилийн хугацаанд тасралтгүй үргэлжлүүлж, байгаль орчныг анх байснаас нь илүү сайхан болгож, орон нутгийн иргэд амьдрахад таатай, мал амьтанд хүртээмжтэй байлгахад анхаарч ирсэн. Бид үйл ажиллагаа явуулсан талбайнхаа 90 хувьд техникийн, 60 хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийсэн. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт хамгийн их сэтгэл зовоосон асуудал боллоо. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэгээр уул уурхай нэрлэгддэг. Харин хариуцлагатай уул уурхай нь эсрэгээрээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулдаг юм. Тухайлбал, биологийн нөхөн сэргээлтийн хүрээнд манай хамт олон найман төгөл бүхий 460 мянган модыг амжилттай тарьж ургуулсан. Бэлчээрийн талбай бий болгох зорилгоор 300 гаруй га талбайд малын идэмжит шим тэжээл бүхий олон наст ургамал тариаллаа. 15-20 жил ургасан мод жилд 18-20 кг тоосжилтийг шүүж, 120-250 кг хүчилтөрөгч ялгаруулдаг гэсэн судалгаа байдаг. Ингээд үзвэл тарьж, ургуулсан модод маань жилд 40 гаруй кг хүчилтөрөгч ялгаруулж, амьд бүхнийг тэтгэж, 10 сая гаруй кг тоосжилт шүүж, тухайн бүс нутгийг газрын доройтолд нэрвэгдэхээс сэргийлэн цөлжилтийг сааруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Мөн хүний гараар бүтсэн 16 га талбай бүхий хиймэл нуур байгуулж, 2011 онд Монгол Улсын цэвэр усны тооллогоор бүртгэлд авсан. Нийт найман төрлийн загас, олон төрлийн шувуу ирж нутагшдаг “гэр” нь болжээ. Мөн жил бүр ирдэг хун шувуудтай. Энэ сайхан амьтдыг хүнд хэлэхээс эмээдэг юм. Уул уурхайн олборлолтын талбайд хун шувууд ирээд буцдаг гэхээр үнэмшихэд бэрх. Тэдгээр хун байгаль эхийг сайхан болгож, нөхөн сэргээхийн төлөө олон арван жил зүтгэж ирсэн чин сэтгэлийг минь ойлгодог байх гэж би боддог. Монгол Улсад 2025 онд ган гачиг тохиож байна. Өвс тэжээл ч ховор. Энэ үед манай нөхөн сэргээлт хийсэн талбайд 6000 орчим мал бэлчиж байна. Уул уурхайн үйлдвэрлэл явуулсан талбайд нөхөн сэргээлт хийснээр иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, мал амьтны ундаалах, нутагших газар бий болжээ. Олон зуун мод, олон наст ургамлууд бүхий манай талбайг хүмүүс хараад “Энд олборлолт хийгээгүй юм биш үү” гэдэг. Хүн ардаасаа ийм л үг сонсох нь бидэнд урам зориг өгдөг. Нөгөө талдаа мэргэжлийн хүмүүсийн зарчим байх ёстой. Олборлолтын талбайд жижиг нүх ухсан ч түүнийгээ нөхөн сэргээх талаар багш нар маань оюутнууд бидэнд онцгойлон заадаг байсан. Багш нарынхаа энэ үгийг би үргэлж санаж ажилладаг даа.
Уурхайн олборлолт явуулсан талбайг олборлолт хийгээгүй юм шиг нөхөн сэргээж болно гэдгийг манай компани харуулж, сайн жишиг тогтоосон
Заамрын уурхайнууд манайхаас үлгэрлэл авч, нөхөн сэргээлт хийж, үр тарьдаг болсон. Нөхөн сэргээлт хийдэггүй уурхай ч олон бий. Энэ бол ёс суртахуунгүй үйлдэл юм. Уул уурхайн салбарт хийх зүйл их байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд анхаарах зүйл нь хариуцлагатай, мэргэжлийн, ур чадвартай компаниудад ашиглалт, олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулах эрх олгох нь зүйтэй байна.
-Танай компанийн үнэ цэн юу вэ?
-Дэлхий нийт ногоон хөгжилд анхаарч байгаа энэ цаг үед уул уурхайн компани хариуцлагатай байж болно гэдгийг харуулсан нь бидний үнэ цэн. Мөн татвараа төлж, олон зуун инженер техникийн ажилтан бэлдэж байна. Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг бол шинэ технологи, шинэ мэдлэг. Оросуудын хийдэг байсан драгийн үйлдвэрлэлийг монголчууд эзэмшиж, хийж чадсан. Тэдгээр инженер дараа нь цементийн үйлдвэр удирдаж, одоо сэргээгдэх эрчим хүчний төсөл рүү орж байна. Үйлдвэрлэлийг дагаад хамгийн түрүүнд мэргэжлийн хүний нөөц бэлтгэгддэг юм. Үндэсний сэхээтэн, мэдлэг боловсролын охь болсон олон залуусыг бэлдсэндээ сэтгэл хангалуун байдаг.
-Монгол Улс үйлдвэржиж байж хөгжинө гэж ярьсаар байна. Төрөөс аж үйлдвэрийн салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар та ямар санал хэлэх вэ?
-Хүн ам зүйг хөгжүүлэх нь тулгамдсан асуудал боллоо. Хүн ам зүйг хөгжүүлэх бодлого бол ерөөсөө үйлдвэржилтийн бодлого юм. Үйлдвэрээ дагаад дэд бүтэц, эрчим хүч, зам, төмөр зам, тээвэр хөгжинө. Улсынхаа өнцөг булан бүрт үйлдвэр байгуулж, залуусыг ажиллуулах хэрэгтэй байна. Залуусыг завтай байлгаад байна. Залуус явна, амжилт ч бий болгоно, тиймээс аль болох олон үйлдвэр баримаар байна. Ингэвэл гадаад дахь монголчууд эх орондоо ирнэ. Үйлдвэржилтийг бодитой явуулбал, улс маань дорхноо босоод ирэх боломжтой. Манай улс ардчилсан нийгэмд орсноос хойш хүнд үйлдвэр ерөөсөө бариагүй. Харин “Монполимет” компани орчин үеийн, байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий Монцемент үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулсан. Нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг асар их хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж байж барьсан.
Монцементийн 10 жилийн ой энэ жил тохиож байна. 2015 онд Монгол Улсын цементийн хэрэгцээ 500 мянган тонн байсан бол өнөөдөр хоёр сая гаруй тоннд хүрээд байна. Манайхаас гадна 2-3 үйлдвэр баригдаж, дотоодын хэрэгцээг үндэсний үйлдвэрүүд бүрэн хангаж байна. Энэ бол онц сайн гэж дүн тавихаар амжилт, Монгол Улсын эдийн засагт бидний оруулсан томоохон хувь нэмэр юм. Бид валютын урсгалыг дотооддоо авч үлдэж, мөн стратегийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж чаддаг боллоо. Үйлдвэр дагаад олон мянган ажлын байр, ханган нийлүүлэгч, харилцагчид бий болж, тухайн бүс нутаг амилдгийн жишээг “Монполимет” групп харуулсан. Монцемент үйлдвэр Дорноговь аймгийн Өргөн суманд байдаг. Дэд бүтцийн дутагдалтай, алслагдмал газарт 53.2 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 3.2 км төмөр зам, усан сан зэрэг дэд бүтцийг бид барьсан. Цемент үйлдвэрлэх процессоос үүсдэг хаягдал халуун хийнээс эрчим хүч гаргаж авдаг шинэ технологийг Монголдоо анх удаа нэвтрүүллээ. Өргөн сумын айл өрхүүд ахуйн усны маш том асуудалтай байсныг 11.2 км шугам хоолой татан шийдвэрлэсэн. Уг нь улсын хийх ёстой ажил юм. Үйлдвэрлэл дагаад хөгжил ингэж ирдэг. Тиймээс би аймаг, дүүрэг сум бүрт үйлдвэр баримаар байна гээд байнга яриад буйн учир энэ юм.
Уул уурхайн олборлолтын талбайд хун шувууд ирээд буцдаг гэхээр үнэмшихэд бэрх. Байгаль эхийг нөхөн сэргээхийн төлөө олон жил зүтгэж ирсэн чин сэтгэлийг минь тэдгээр хун ойлгодог байх гэж би боддог
-Монцемент эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж буй томоохон үйлдвэр. Гэтэл төр засгаас асуудал үүсгэж, танай компанийг, таныг маш хүнд байдалд оруулсан.
-Бидэнд талархал байхгүй шүү дээ. Харин ч та нар дурандаа үйлдвэр барьсан, зээл хүүгээ төл гэдэг шаардлага тавьсан. Хохь нь гэсэн хандлага гаргасан шүү дээ. Дээр нь улстөржүүлж, Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан янз бүрийн гүтгэлэг дайралт зохион байгуулалттай явуулсан. Уг нь Хөгжлийн банкны урдаа барьж ярих ёстой, амжилттай цөөн төслийн нэг нь манайх. Бид авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж, үйлдвэрээ цаг хугацаанд нь ашиглалтад оруулсан. Хамгийн сайн төсөл гэж Хөгжлийн банк, УИХ, Засгийн газрын удаа дараагийн хэлэлцүүлэг, сонсголд дуу нэгтэй зарладаг атал Тагнуул, АТГ-аас манайхыг олонтаа шалгасан. Бүх тооцоо, тайланг шалгасан мөртлөө худлаа мэдээлэл цацаж байсан нь маш их гомдол төрүүлж байгаа. “Хариуцлагатай үндэсний компаниа дарамтлаад байгаа мөртлөө улс орноо хохироосон хүмүүсийг яагаад шалгадаггүй юм бэ” гэж олон хүн гайхаж асуудаг. Монгол Улс бизнес эрхлэгчдийнхээ нэр төрийг хамгаалдаггүй, шударгаар ажиллаж, бүтээн байгуулдаг компаниудаа дэмждэггүй. Эх орондоо хэрэгтэй үйлдвэр барихад төр нь үнэлэхгүйгээр барахгүй гэмт хэрэгтэн болгохоор урам хугарахаас өөрцгүй болдог доо.
-Монголын ард түмэн таныг маш их зүйлийг даван туулж буй хүн гэж харж байгаа. Төрийн байгууллагуудын олон шалгалт, хяналт, дарамтаас гадна та “хэцүү нэртэд” ороод гарсан. Энэ бүхнийг хэрхэн тэсвэрлэж, туулж байна вэ?
-Зөв замаар явж байгаа болохоор надад айх зүйл байхгүй. Энэ олон жилийн хугацаанд бизнес эрхлэхэд алдсан оносон зүйл байж болно оо. Харин баттай хэлэх зүйл бол би хулгай хийгээгүй, эх орноо тонон дээрэмдээгүй. Би хуулиас гажууд замаар яваагүй, харин ч улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн эмэгтэй бизнес эрхлэгч. Цаг хугацаа үнэн шударгын хамгийн том шүүгч гэдгийн том гэрч нь би болсон. Янз бүрийн худал гүтгэлгийг улс төрийн шалтгаанаар, гэр бүлийн маань асуудалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд зохион байгуулалттай явуулж ирсний учир шалтгаан өдөр ирэх тусам тодорхой болж, ард иргэд ч ойлгож байгаад талархдаг. Миний хувьд хүндрэл бэрхшээлтэй ч байсан зөв замаар урагшилж, урдах ажлаа төгс хийхийг л боддог. Энэ зан чанар маань өөр зүйлд сатаарах боломж гаргадаггүй учраас олон саад бэрхшээлийг даван туулахад тусалдаг болов уу.
-Монгол эмэгтэйчүүдийн улс орны хөгжилд гүйцэтгэх үүргийг та хэрхэн хардаг вэ?
-Монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь сайжирч байна. Эрэгтэйчүүд төр барьж, бизнесийн салбарын удирдах түвшинд ихэвчлэн эрэгтэйчүүд ажилладаг байсан нь өөрчлөгдөх боллоо. Цаашид эмэгтэйчүүд нийгэмд илүү байр суурь эзлэх шаардлагатай байна. Эмэгтэйчүүд шударга, эмэгтэй хүний төрөлх чанараар нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөө явдаг онцлогтой. Гэр бүлээ ч, эх орноо ч сайхан хөгжүүлье гэсэн бодолтой байдаг. Компанийн удирдагч эмэгтэйчүүд ч бизнесээ амжилттай явуулж, ажилтнууддаа анхаарч, цалингаа нэмэхийг хүсдэг. Дэлхий даяар эмэгтэй манлайлагчдын хэрэгцээ маш их болж байна. Улс орнууд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа эмэгтэй хүн томилох боллоо. Манайд ч ажил амьдралын туршлагатай эмэгтэйчүүд УИХ-д илүү олон сонгогдоосой. УИХ-ын эмэгтэй гишүүд маань үнэний төлөө дуугарч, нийгэмд шаардлагатай, хэлэх ёстой зүйлийг хэлж байгаа нь тун чухал. Эмэгтэйчүүдийн цаг үе ирж байна. Цаашид улам олон эмэгтэй төрд орж, улс орныхоо хөгжлийн төлөөх бодлогыг барилцаасай гэж хүсдэг. Тэгвэл манай улс тогтвортой хөгжинө, шударга нийгэм бий болж, төрийн дарамт, хээл хахууль багасаж, хүн ардын нуруу тэнийнэ. Монголчууд өнөөдөр өлссөндөө бухимдаагүй, шударга бус, ёс суртахуунгүй, хар бараан орчинд баригдсан учраас бухимдаж байна. Улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг ноцтой хохироосон гэмт хэргүүдийг таслан зогсоогоосой. Монгол Улсыг хэрсэн нам дагасан авлига, хээл хахууль, албан тушаалын дарангуйллыг зогсоохгүй бол бол улс орон маань хөгжихгүй. Үүнээс аж ахуйн нэгжүүд, ард иргэд шантарч байна.
Компанийн хөгжилд нийгмийн шударга харилцаа, зөв бодлого, хууль эрх зүйн орчин маш их нөлөөлдөг. Компаниудын хүсэж байгаа зүйл бол бизнесийн шударга орчин шүү дээ
-Бизнесийн орчныг хэрхэн сайжруулах талаар та санал бодлоо хуваалцана уу?
-Бизнесийн орчны тухайд хуулийн бодлогын орчныг сайжруулж, Үндсэн хуульд эдийн засгийн харилцааг зохицуулж өгөх хэрэгтэй. Тухайлбал, төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн заалт оруулах шаардлагатай. Бизнесийн салбарын хууль эрх зүйн орчныг таатай болгож, татвар, нийгмийн даатгалыг зохицуулж өгмөөр байна. Компанийн хөгжилд нийгмийн шударга харилцаа, зөв бодлого, хууль эрх зүйн орчин маш их нөлөөлдөг. Компаниудын хүсэж байгаа зүйл бол бизнесийн шударга орчин шүү дээ. Бодитой, амьдралд нийцсэн бодлогууд гаргавал хөгжиж, тэлэхэд бэлэн олон компани бий. Харин заримынх нь горьдлого тасраад гадаадад гарч байна. Мөн татварын бодлогыг бодит амьдралд нийцсэн, зохистой болгоё гэж уриалмаар байна. Зөв санаачилга гаргавал, аж ахуйн нэгжүүд, ард иргэд баярлан дэмжиж байгааг бид бэлхнээ харж байна.
-“Монполимет” группийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Байгальд ээлтэй технологи, тогтвортой хөгжлийн бодлого бол манай хамгийн чухал зорилго, төлөвлөлт. Монполиметчүүд цаашдаа дэлхийн хөгжил дэвшилтэй хамт өсөж өндийж, шинэ төслүүд хэрэгжүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт би зуун хувь итгэлтэй байна.
/Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч тусгай дугаараас 2025.08 сар/