Чимазе Ониеву: Монгол Улс дэлхийн шилдэг ноолуур үйлдвэрлэгчдийн нэг

B Shurenchimeg
2023-02-27 16:30:41

Шотландын “Johnstons of Elgin” компанийн худалдан авалт, техникийн асуудал хариуцсан захирал Чимазе Ониевутай Монголын ноолуурын салбарын экспортын боломжийн талаар ярилцлаа.

Тус компанийг А.Жонстон 1797 онд Ньюмилл Элгинд байгуулсан бөгөөд өдгөө Их Британийн хамгийн том тансаг зэрэглэлийн ноолууран болон ноосон хувцас үйлдвэрлэгч болоод байна. Тэд БНХАУ, Монгол, Австрали зэрэг улсаас ноолуур худалдаж авдаг юм.    

-Танай компани Монголын ноолуурын салбартай анх хэрхэн холобгдож байв? Монгол малчдаас ноолуур худалдан авдаг нийлүүлэлтийн сүлжээний талаар танилцуулна уу?

-Манай компани сүүлийн арав гаруй жил буюу намайг ажилд орохоос нэлээд өмнө Монголоос ноолуур худалдаж авч байсан тул яг одоо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Нийлүүлэлтийн гинжин хэлхээний тухайд бид Улаанбаатар дахь анхан шатны боловсруулалтын үйлдвэрүүдээс шууд худалдан авалт хийсээр ирсэн. Бид тэдгээр үйлдвэрээс угаасан, самнасан ноолуур, харин тэд ноолуурын эвслүүдээс түүхий ноолуур худалдаж авдаг юм.

Гэхдээ сүүлийн жилүүдэд бид нийлүүлэлтийн гинжин хэлхээнд илүүтэй оролцох болж, малчдын хоршоод, малчидтай уулзалт хийж байна. Бидний үйл ажиллагаа, худалдан авалт малчдын амьдрал болон тухайн орон нутагт хэрхэн нөлөөлж байгаа, ноолуур үйлдвэрлэхэд малчдад тулгарч байгаа сорилтуудыг ойлгоход эдгээр арга хэмжээ ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.   

-Танай компани Монголоос хэр хэмжээний ноолуур импортолдог вэ? Энэхүү хэмжээг цаашид нэмэгдүүлэхийн тулд Монголын бодлого боловсруулагчид, компаниуд юу хийх ёстой гэж бодож байна вэ? 

-Монголоос яг хэчнээн тонн ноолуур худалдан авч буй талаар би тодорхой тоо хэлж мэдэхгүй байна, уучлаарай. Харин Монголын ноолуур нийлүүлэгчид бол манай худалдааны чухал түншүүдийн нэг гэдгийг хэлж чадна. Ямартай ч бид жилд Монголоос олон мянган килограм ноолуур худалдаж авдгийг мэднэ. Ирээдүйд эрэлт өсөх тусам бид энэ салбарыг дэмжиж ажилласаар байх бөгөөд тогтвортой үйлдвэрлэл бүхий Монголын сайн чанарын ноолуурт анхаарлаа улам их хандуулна.

Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (ТННЭ) нь Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж, гэрчилгээжсэн ноолуурыг олон улсын зах зээлд нийлүүлснээр Монгол Улс энэ тал дээр бусад ноолуур үйлдвэрлэгч Улсаас гүйцэж түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Монголын малчид, хоршоод тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлсэн нь олон улсад Монголын ноолуурыг сонирхох явдлыг ихээхэн нэмэгдүүлж байна.    

Ноолуур үйлдвэрлэл нь Монголын байгаль орчинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж буйг бид мэднэ. Үүнийг ойлгож, бэлчээрийн менежмент, мал амьтны амьдрах таатай орчныг хангах, биологийн олон янз байдалтай холбоотой шинжлэх ухааны сайн туршлагыг хэрэгжүүлэх нь Монголын ноолуурын салбарын тогтвортой хөгжилд ихээхэн чухал гэж боддог.  

Тухайлбал, аймаг сумдын бэлчээрийн даацыг ямааны тоотой харьцуулсан судалгааг ТННЭ хийсэн. Энэ бол газар ашиглалтын тогтвортой туршлагыг хэрэгжүүлснээр бэлчээрийн өөрчлөлтийг тодорхойлох, бэлчээрийг сайжруулахад туслах чухал хэмжүүр болно.

Бид цаашдаа тогтвортой үзэл баримтлалын хангаж буй орон нутгаас илүү их ноолуур худалдан авна гэж ойлгож болно. Үүнийг хэрхэн тооцоолж, тодорхойлох нь тун амаргүй боловч хаанаас, хэнээс худалдан авах чиглэлд бидний баримтлах цаашдын бодлоготой салшгүй чухал хэсэг юм. Мэдээжийн хэрэг чанар асар чухал, тогтвортой байдлын хөшүүрэг бол чанартай шууд холбоотой.

Ноолуурын үнэ мэдээж чухал үүрэгтэй. Монголчууд угаасан ноолуураа гадаадын худалдан авагчдад зарж буйтай харьцуулвал дотооддоо ноолуураа самнаж боловсруулаад экспортолбол нэг кг-д ногдох үнэ цэн нэмэгдэх ач холбогдолтой.

Мөн нийлүүлэлтийн сүлжээг энгийн, богино болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дундын зуучлагч цөөн байх тусам малчдад шууд очих мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Мөн худалдагч талдаа ч илүү үнэ цэнийг бий болгодог. Энэ бүхэн Монголын ноолуурын борлуулалтын хэмжээнд ихээхэн нөлөөлнө.    

-Танай компани Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (ТННЭ) ТББ-тай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Манай компани тогтвортой ноолуур боловсруулах зорилготой Монгол, БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг тус ашгийн бус байгууллагын гишүүн юм. Ноолуурын салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах бидний хүсэл сонирхол нь ТННЭ-ийн үүсгэн байгуулагчдын нэг болоход нөлөөлсөн гэж болно.

ТННЭ бол мал амьтанд ээлтэй, бэлчээрийг зохистой ашиглах, малчдын амьжиргааг дэмжих талаарх зохистой дадал, хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлдэг. Бид эдгээр дадлыг дагаж мөрддөг малчдыг дэмжин тэднээс эхлэлтэй боловсруулах үйлдвэрээр угаагдаж самнагдсан баталгаажилт бүхий ноолуур худалдаж авдаг юм. Мөн салбарын түнш байгууллагын хувьд ноолуурын стандартыг боловсруулахад ТННЭ-д хувь нэмрээ оруулж, стандартуудад хамрагдаж буй тогтвортой хөгжлийн төрөл бүрийн чиглэлд үйлдвэрлэгч болон брэндийн саналаа тусган ажиллаж байна.  

-Johnston of Elgin компани Австрали, Афганистан, БНХАУ, Перу, Монголоос ноолуур худалдаж авдаг. Эдгээр улстай харьцуулвал Монгол ноолуурын ялгаа, давуу болон сул тал нь юу байна вэ?

-Монгол Улс дэлхийн  шилдэг ноолуур үйлдвэрлэгчдийн нэг юм. Монгол ноолуурын ширхэгийн урт нь өөрийн гэсэн өвөрмөц, бусдаас ялгарах шинж чанартай. Дэлхийн ноолуурын зах зээлд Монгол ноолуур хамгийн уртад тооцогддог. Үүгээр зогсохгүй зөвхөн танай улс маш олон төрлийн өнгөтэй ноолуурыг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Хүрэн, хар хүрэн, саарал, цагаан зэрэг өнгө түгээмэл болохоор их олон янзын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

Ноолуур үйлдвэрлэлийн хэмжээгээр Монгол Улс дэлхийд хоёрдугаар байрт ордог. Энэ нь том давуу тал бөгөөд Монгол Улсыг олон улсын ноолуурын зах зээлийн гол бэлтгэн нийлүүлэгч болгож тансаг барааны зах зээлд нөлөөлөгч болгож байгаа юм. Монгол ноолуурын үнэ цэнийг улам нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар, оролцогч талууд ихээхэн хүчин чармайлттай ажиллаж буй нь сайн хэрэг гэж үзэж байна.  

Угаасан бус зөвхөн самнасан ноолуур экспортлох шийдвэр нь зөв зүйтэй алхам бөгөөд танай улсад давуу талыг бий болгох болов уу. Өөрөөр хэлбэл, Монгол Улс анхан шатны боловсруулалт хийх хүчин чадлаа улам нэмэгдүүлснээр экспортолж буй ноолуурынхаа үнэ цэнийг нэмэх боломжтой юм. Ингэснээр танай улс илүү өндөр өгөөжтэй байж самнасан ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжтой болно.  

Монгол Улс ноолуур самнах технологио улам сайжруулах бүрэн боломжтой. Үүний үр дүнд хамгийн сайн чанарын ноолуур ашигладаг, тэр хэрээр ашиг ихтэй тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд илүү их түүхий эд нийлүүлж чадах юм.  

-Танай компанийн худалдан авалт нь Монгол малчдын амьжиргаа, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малын арчилгаа маллагаанд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа гэж үзэж болно. Johnstons of Elgin компани цаашид хоёр талын хамтын ажиллагааг ямархуу байдлаар төсөөлж байна вэ?     

-Хамтран ажилладаг хүмүүстэйгээ бид биечлэн уулзахыг эрхэмлэдэг. Тийм ч учраас манай компанийн төлөөлөл маш олон удаа Монголд очиж байсан.

Энэ нь Монголын орчин нөхцөлийг, оролцогч талуудад тулгарч буй сорилт, бэрхшээлийг илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг юм. Мөн ноолуурын үйлдвэрлэл болон экспортын хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой нарийн ширийн зүйлийг ойлгож авдаг. Сүүлийн хэдэн жилд ноолуур боловсруулах дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдэж байгаа нь бидэнд таатай санагдаж байна.

Мөн мал маллах арга ухааныг залуу үеийнхэн эцэг эхээс өвлөн авч үргэлжлүүлж, улам сайжруулж буй нь сайн хэрэг юм. Сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан “шинэ үеийн малчин” хөтөлбөрийг манай компани 2016 онд санаачлан ТННЭ-тай хамтран хэрэгжүүлж ирлээ.

Түүнчлэн ноолуур үйлдвэрлэлд тухайн аймаг, сумын оруулж буй хувь нэмрийн талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй болсноор сайн туршлагуудыг малчдын хоршоодод таниулах, ноолуур үйлдвэрлэлийн салбарын цаашдын хөгжлийн төлөө сайн дадлуудыг малчид улам их сонирхож хэрэгжүүлдэг болоход бид анхаарч байна.

 

 

 

 

 

B Shurenchimeg