“Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” чуулав
Монгол Улсын эдийн засаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нуруун дээр явдаг гэхэд хэлсдэхгүй. Гэвч тэдэн рүү чиглэсэн төрийн бодлого, хууль эрх зүйн орчин төдийлөн сайн биш байгаа нь нууц биш. Жижиг, дунд бизнес эрхлэгчид өөрсдийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах гэж олон даваа гүвээг туулсаар ирсэн. Тэднийг нэг дээвэр дор нэгтгэж, дэмжин, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх зорилгоор 10 жилийн өмнө Баялаг бүтээгдийг дэмжих холбоо байгуулагджээ. Энэ холбоо өнөөдөр 10 жилийнхээ ойн хүрээнд
“Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” форумыг МҮХАҮТ-д зохион байгууллаа. Тус форумд Монгол Улсын газар бүрээс 300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэгчид болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд оролцлоо.
Тус форумд яригдсан сэдэв бол Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, Үндэсний брэнд түүнийг хөгжүүлсэн түүх, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн боломжууд төрийн бодлоготой уялдах нь, ЖДҮ эрхлэгчдийн бодит амьдрал, амжилт сорилт ба экспортын боломж зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” форумыг нээж Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний тэргүүн Ч.Даваабаяр “2015 онд баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөрийг Масс агентлагтай хамтраад дөрвөн зүг найман зовхис руу эхлүүлж байсан. Тухайн үедээ маш их асуудалтай тулгарсан. Ингээд баялаг бүтээгч нартайгаа хуралдаад холбоо байгуулах нь зөв юм байна гэж шийдээд 2015 оны зургадугаар сар холбоогоо байгуулаад, анхдугаар их хурлаа хийсний дараа Монгол Улсаа дахиад бүтэн тойрсон. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд Монгол Улсыг хоёр бүтэн тойрч 400 гаруй баялаг бүтээгчдийг сурталчилж, 1000 гаруй баялаг бүтээгчийг холбоондоо элсүүлсэн. Нийгмийн захиалга, ард түмний хүсэлтээр бий болсон энэ холбоо өнөөдөр 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл улс орны стратегийн маш чухал салбар байдаг. Энэ салбарыг дэмжсэн бодлого, санхүүгийн дэмжлэг, төрийн худалдан авалт зэрэг маш их дэмжлэгүүд бий. Гэхдээ өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нар энэ боломжийг төдийлөн авч чаддаггүй. Мэдээлэлд ойр байдаг, барьцаа хөрөнгө сайтай хүмүүс энэ бүх боломжуудыг ашигладаг. Харин энэ боломжийг хүртэж чадаагүй бизнес эрхлэгч нар нэгдээд, нэгдсэнээс хойш мэдээлэлд ойр байж эдгээр боломжуудыг хүртдэг болсон.
Бид эхний 10 жилдээ тодорхой хэмжээний ажлуудыг хийсэн байна. Харин дараагийн 10 жилдээ Монголын жижиг дунд үйлдвэрийн холбоо гэж нэрээ өөрчлөөд “чинээлэг дундаж давхаргатай монголын төлөө” гэсэн маш том концевцоор үйл ажиллагаагаа тодорхойлно” гэсэн юм.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч БЛхагважав “Сүүлийн 30 жил уналтанд орж дахин унаж, боссон хүмүүс энд сууж байна. Сүүлийн 10 жил эдийн засгийн хувьд хүнд жилүүд байсан. Цар тахал, дайн гээд л олон сорилттой жилүүдийг туулж байна. Төгрөгийн ханш хоёр дахин унасан. Ийм нөхцөлд манай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ажиллаж, хөгжлийн төлөө тэмүүлж байна. Жижиг дунд үйлдвэрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын нь чухал. Бас төрөөс шалгаалахгүйгээр санхүүгийн корпорацийн хэмжээнд бие даасан зээлийн сантай болох хэрэгтэй” гэсэн юм.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан илтгэлдээ “Өнөөдөр баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар хамтарч нэгдээд дуу хоолойгоо төр засагт хүргэдэг, үр дүнд хүрдэг болсон байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 онд байгуулагдаж байсан. Байгуулагдсан цагаасаа хойш 1.1 их наяд төгрөгийн 9300 иргэн, аж ахуйн нэгжид зээл хэлбэрээр олгосон байна. Үүний 2 мянга орчим нь шинээр үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгуулсан газрууд байгаа. Харин 6 мянга гаруй нь үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Нийт 45 мянган ажлын байр хадгалж, 50 мянган ажлын байрыг шинээр бий болгосон. Жилдээ 40-50 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, нийгмийн даатгалаар төвлөрүүлж байна” хэмээв.
УИХ-ын гишүүн, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны дарга М.Бадамсүрэн “Санхүүжилт буюу хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр дутагдалтай байгаа. Үүнийг зохицуулах зохицуулалтыг нэмж тусгана. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан буюу ХНХЯ-ны харьяанд байдаг сан өрхийн бизнесийг дэмждэг. 10-20 сая төгрөгийн зээл олгодог. Үүнийг хүний насны мөчлөгөөр үзэх юм бол цэцэрлэгийн хүүхэдтэй зүйрлэж болно. Одоо байгаа ЖДҮДС-г бичил бизнесийг дэмжих сан болгоод ахисан түвшний бизнесүүдийг дэмжихэд зориулсан тусдаа корпорац байгуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан 2020-2025 онд хэд, хэдэн эх үүсвэрээс зээл авчээ. Тухайлбал, “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 737 төсөл 93.9 тэрбум, “Цагаан алт”-аас 74 төсөл 6.65 тэрбум, “Тэрбум мод”-оос 19 төсөл 2 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ийнхүү зээл олголт жижиг, дунддаа очиж байгаа ч бүр жижиг өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд очихдоо тааруу гэдгийг хөдөө орон нутгийн зарим төлөөлөл онцолж байсан. Тиймээс зээл хүрэх ёстой эзэндээ очих, үр дүнтэй байхын тулд салбарын хууль шинэчлэгдэх ёстой гэдгийг форумд оролцогчид онцолж байв.





