Чөтгөртэй наймаалцахуй

Mongolian Economy
2023-09-14 12:46:44
Ангилал: Дэлхий 2023 онд

Хүсээгүй буулт хийх шаардлагатай эрчим хүчний шинэ систем гарч ирнэ хэмээн Патрик Фулис таамаглалаа

Эрчим хүчний хямрал 2022 онд Европт, дэлхийн ихэнх улсад таагүй байдал үүсгэж, инфляцыг хөөрөгдөж, эдийн засгийн удаашралыг бодитой болгов. 2023 онд газрын тос, хийн тогтворгүй зах зээлтэй тэмцэж, илүү хямд, цэвэр, аюулгүй эрчим хүчний систем бий болгох хүчин чармайлтаа нэмнэ. Саудын Арабтай 1945 онд Франклин Д.Рузвельтын байгуулсан эвслээс эхлээд ОХУ-тай байгуулсан Европын гэрээ гээд олон чөтгөрийн хэлцэл ХХ зуунд хийгдсэн. 2023 онд ихэнх улс чөтгөртэй хоёр шинэ гэрээ байгуулна. Богино хугацаанд тэд аюулгүй байдлын төлөө байгаль орчныг бохирдуулагч малтмал түлшинд хөрөнгө оруулна. Харин урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг түргэтгэх зорилгоор төрийн оролцоотой бодлого хэрэгжүүлнэ.

Украин руу Орос довтолсноос болж гайтай хямрал үүссэн. 2022 оны есдүгээр сард баян орнуудын есөн хувийн инфляцын гуравны нэг нь эрчим хүчнээс шалтгаалсан байв. Владимир Путин Европыг чиглэсэн хийн нийлүүлэлтээ хааснаар аж ахуйн нэгж, иргэдийн хэрэглээ өмнөх жилээс 10 хувиар буурч, аж үйлдвэрийн салбар нь уналтад орох аюул нүүрлэв. Европ шингэрүүлсэн байгалийн хийг (ШБХ) далайгаар импортолж эхэлснээр үнэ нь огцом өсөж, улмаар Пакистан зэрэг орнууд хэрэглээгээ танахаас өөр аргагүй болсон. Түүхий нефтийн үнэ өндөр хэвээр, олборлолтоо нэмэгдүүлэх Жо Байдены уриалгыг OPEC үл тоов. Нүүрсний эрэлт түүхэн дээд цэгтээ хүрлээ.

Арваннэгдүгээр сард үйлдвэрийн таналт, дулаан цаг агаараас шалтгаалж Европт байгалийн хийн үнэ буурсан. Гэвч олон улсын эрчим хүчний зах зээл 2023 онд халуунтай хэвээр байна. Хийн нөөцөө дуустал ашиглах замаар Европ хавартай золгоно. Гэвч Европын байгалийн хийн 36 хувийг ОХУ нийлүүлдэг бөгөөд ШБХ-г 2022 оны эцсээр ихээхэн импортолсон ч энэ нь тус хувийн ердөө гуравны нэг л болсон юм. Хэрэв Хятадын эдийн засаг 2023 онд сэргэвэл дэлхийн зах зээлд бүр цохилт өгнө. Эрчим хүчний илүү сайн системийг бүтээх мөч ирнэ.

Эрчим хүчний илүү сайн систем бий болох цаг иржээ

Хэрхэн ингэх вэ? 1973 оны газрын тосны шокны дараа Аляска дахь шинэ эх үүсвэр, цөмийн эрчим хүчинд ихээхэн хөрөнгө оруулсан. Энэ удаад адилхан шок болж байгаа ч хөрөнгө оруулалт өссөнгүй. 2023 онд дэлхийн хамгийн том 500 эрчим хүчний компанийн хөрөнгө оруулалт цар тахлын өмнөх үеэс есөн хувиар илүү байх төлөвтэй. Геополитик, ногоон шилжилтийн тодорхой бус байдал компаниудыг хүлээлтэд оруулжээ.

Ардчилсан болон автократ гэсэн эрчим хүчний нөлөөллийн хоёр туйл бүхий зохицуулалтын зарчим одооноос үйлчилнэ. Европын эрчим хүчний гол нийлүүлэгч Америк болох нь эргэлзээтэй ба тус улс хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдээ хямд үнээр дэмжих зорилгоор экспортоо хязгаарлана. Хятад Барууны хоригоос үл хамааран Орос, Иранд тал засаж байгаа ч тэднээс хараат байхаас болгоомжилдог.

Ногоон шилжилт нь хөрөнгө оруулалтын орчинд тодорхойгүй байдлыг бий болгож байна. “Ногоон устөрөгч” зэрэг шинэ технологид нийцүүлж хөгжүүлэхгүй бол улам чанга болсон ялгарлын дүрмээс шалтгаалж байгалийн хийн шинэ төслүүд зогсонги байдалд орж магадгүй. Сэргээгдэх эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалт маш бага хэвээр. 2022 онд олон оронд нэвтрүүлсэн үнийн хязгаар, генераторын гэнэтийн орлогын татвар зэрэг нь хөрөнгө оруулалтыг нэмэх хөшүүрэг болохгүй.

Том асуудал, том Засгийн газар

Нийлүүлэлтийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Засгийн газрууд 2023 онд эрчим хүчний зах зээлд улам их оролцоно. Хийн төслийн хувьд Засгийн газрууд урт хугацааны улам олон гэрээний эрсдэлийг батлан дааж эхэлнэ. Европын улсууд Алжир, Катар зэрэг улстай хийн нийлүүлэлтийн хамтрал байгуулахыг хичээнэ. Сэргээгдэх эрчим хүчний төрийн удирдлагатай (татаастай) төслүүд нэмэгдэнэ. Энэ нь олон төслийг урагшлуулах боловч ажлын байр нэмэх, эх орондоо үйлдвэрлэх зэрэг тухайн салбарын бодлогод захирагдах шаардлагыг үүсгэнэ.

Чөтгөртэй хийх тохиролцооны адилаар эрчим хүчний шинэ хэлцлүүдийн аюул аяндаа илэрнэ. Малтмал түлшний хэлцлүүдийг төрөөс дэмжсэнээр бохирдуулагч үйлдвэрүүдийн шинэ үе үүсэх боловч тэдгээр үйлдвэрийг 5-10 жилийн дараа өндөр зардал гарган хаана. Харин илүү үндсэрхэг, протекционист философийг сонговол ирэх 10 жилд дэлхийн хэмжээнд 50 их наяд долларын өртгөөр бүтээх цэвэр эрчим хүчний бүтээн босголт үр өгөөж багатай болно.

ПАТРИК ФУЛИС, Бизнесийн албаны эрхлэгч, The Economist

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy