Ч.Ганхуяг: “Монгол шуудан” ХК-ийн орлого хувьчлалаас хойш 50 хувь нэмэгдсэн

B. Misheel
2020-02-12 17:05:54
Ангилал: Тодруулга

“Монгол шуудан” ХК-ийг ашиггүй ажиллуулж байгаад 2015 онд хувьчилж авах гэж байсныг зогсоосон бөгөөд хувьчлал бүтэлгүйтсэнээс хойш тус компани өндөр ашигтай ажиллаж буй хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудсандаа бичсэн билээ. Үүнийг няцааж “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг мэдээлэл хийв.

“Монгол шуудан” ХК-ийг 2016 оны нэгдүгээр сард Монголын Хөрөнгийн Биржээр хувьчлахад “Ард Санхүүгийн нэгдэл” оролцож, 17.4 хувийг нь худалдан авсан агаад 2019 оны арваннэгдүгээр сард хувьцааны 13.6 хувийг нэмж авснаар нийт 31 хувийг эзэмших болсон аж. 2016 оны IPO-оос босгосон 6.2 тэрбум төгрөгийг “Монгол шуудан” ХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, техникийн шинэчлэл хийхэд зарцуулж буйг Ч.Ганхуяг энэ үеэр мэдэгдэв.

Өмнө нь улсын төсвөөс татаас авдаг байсан тус компани хувьчлагдсан эхний жилдээ нэг тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан төдийгүй 2017 онд анх удаа ногдол ашиг тараажээ. Улмаар хувьчлагдсанаас хойш “Монгол шуудан” ХК-ийн орлого 50, борлуулалт 65.3 хувиар тус тус нэмэгдсэн байна. Компанийн орлого энэ хугацаанд тэрбум төгрөгөөс буурч байгаагүй бөгөөд 2019 онд 1.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

“Монгол шуудан” ХК Улаанбаатар хотод 38 салбартай боловч гурав нь тус компаний эзэмшлийнх, бусад нь түрээсийн журмаар ажилладаг аж. IPО-оор босгосон хөрөнгөөр хоёр шинэ салбар нээж, нийслэлд нийт таван салбартай үйл ажиллагаагаа явуулж буй. Өнгөрсөн онд тус компани хүргэлтийн үйлчилгээгээ өргөжүүлэн дотоодын компаниудад гадаадын зах зээлд гарах боломж олгожээ. Мөн ОХУ, БНХАУ-тай транзит тээврийн гурвалсан гэрээ байгуулснаар 1.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, “Eurogiro”-ийн гишүүнээр элсэж, орон нутгийн 10 салбарт ХУР цахим үйлчилгээний нэгдсэн төвийг бий болгосон байна. Үүнээс гадна тус компанийн зах зээлийн үнэлгээ нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 6.6 хувиар өсөж, 60 тэрбум төгрөгт хүрээд байна.

Иймд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг хувийн хэвшил, татвар төлөгчид болон сонгогчдын эрхэнд халдаж, баримт нотолгоогүй энэ мэт мэдэгдэл хийхгүй байхыг Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг шаардсан юм.

B. Misheel