Ч.Ганхуяг: Эв хамтын тогтолцоо бол сүйрлийн тойрог

Mongolian Economy
2020-10-30 11:26:17

Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо болохгүй болсныг бид 2004 оноос хөндөж, судалж, ярьж эхэлсэн. “Хас” банк 2002 онд хүүхдэд зориулсан урт хугацаат “Ирээдүйн саятан”, 2004 онд таван жилийн хугацаатай “Насны нүнжиг” хадгаламжийн бүтээгдэхүүн гаргасан нь хувийн тэтгэврийн анхны бүтээгдэхүүнийг банкны салбараар дамжуулан зах зээлд нэвтрүүлэх оролдлого байв. 2007 онд “Хас” банкны ажилтнуудын хувийн тэтгэврийн санг байгуулж, “Монголын тэтгэврийн нэгдсэн данс” буюу MTНД компани үйл ажиллагааг нь хариуцаж эхэлсэн. МТНД компани ажилтнуудынхаа урт хугацаат хуримтлалыг банкинд хадгалахгүй, хөрөнгийн зах зээлээс хувьцаа авч, хөрөнгө оруулж тэтгэврийн санг сонгодог утгаар нь ажиллуулсан. Тэрхүү компани өнөөдөр “Ард лайф” ХХК болсон бөгөөд тэтгэврийн реформд зориулж тус компанид 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Иргэд одоо л тэтгэврийн реформ чухал гэдгийг ойлгож, хөдөлгөөн өрнүүлж, УИХ Ажлын хэсэг байгууллаа. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл маш олон зүйлийн зангилааг тайлна. Би Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа тэтгэврийн тогтолцоог шинэчилж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорисон. Гэвч чадаагүй, боломж олгогдоогүй. Тухайн үед баялгийн сангийн асуудлыг хөндөж тавьж байлаа. Норвегийн баялгийн сан бол тэтгэврийн сан, Темасек бол ирээдүйд сингапурчуудын сайн сайхан амьдралыг тэтгэх сан.

Хүмүүс өнөөгийн банкны зээлийн хүү өндөр байгааг шүүмжилдэг. Нэг жилийн хугацаатай, өндөр хүүтэй хадгаламжийн хүүгээр санхүүждэг учраас зээлийн хүү өндөр байх нь аргагүй. Гэтэл хөрөнгийн зах зээлийн өдрийн арилжааны эргэлтийг банкныхтай харьцуулахад “Нарантуул” захын нэг лангууны өдрийн орлоготой дүйхээр бага байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа шалтгаан нь тэтгэврийн сантай холбоотой.

Миний олон жил ярьж, зүтгэж, хөөцөлдөж байгаа ажил бол төрийн тэтгэврийн сан бий болгох явдал. Төрийн тэтгэврийн сан хөрөнгө оруулалт хийдэг байх ёстой. Тухайлбал, “Түмэн шувуут” компани өндөгний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, тахианы мах, тэжээлийг Монголдоо үйлдвэрлэхийн тулд банкны өндөр хүүтэй зээл авбал дампуурна. Банкны зээлийн хүү өндөр байгаа нь цаанаа шалтгаантай, механик аргаар хязгаарлах боломжгүй. Тиймээс бизнесүүдийн мөнгө босгодог газар нь хөрөнгийн зах зээл юм. IPO гаргах замаар хэрэгцээтэй санхүүжилтээ босгож, үйлдвэрлэлээ өргөжүүлдэг жишээг сүүлийн нэг жилд харлаа. “Монос хүнс”, “Түмэн шувуут”, “Монгол базальт” компани хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгөөрөө технологио шинэчилж, хүчин чадал, ажлын байр нэмэгдүүлж, шинэ бүтээгдэхүүн бий болгож, орлого, ашиг нь сайжирч улмаар улсад төлсөн татвар нь нэмэгдсэн. Ийм тойргоор үр өгөөж нь гарч байна. Эдгээр үйлдвэр гадагш урсах байсан асар их валютыг хэмнэж байгаа. Гэхдээ тэтгэврийн сангийн мөнгөтэй харьцуулахад эдгээр компанийн босгосон санхүүжилт маш бага.

Ирээдүйдээ итгэлтэй алхдаг болохын тулд энэ алхмыг одоо хийх хэрэгтэй

Тиймээс тэтгэврийн сангийн мөнгө бол улстөрчдийн халаасанд орж, авлигаар дамжин банкны нэг жилийн хугацаатай хадгаламжид байршдаг хөрөнгө биш. Харин манай улсад байгаа хамгийн урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр юм. Өөрөөр хэлбэл, 20, 30, 40 жилээр ч төсөл санхүүжүүлэх боломжтой мөнгө. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг зүйр үг бий. Бид жилдээ нэг их наяд гаруй төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлээр цуглуулж байна. Үүнийг зөв зохистой зарцуулах ёстой. Янз бүрийн намын дарга нар авч, найз нөхдөөрөө дамжуулан хувийн бизнесээ санхүүжүүлж, дампуурах гэж буй банкинд хийдэг явдлыг зогсоох ёстой.

Нөгөө талаар, тэтгэврийн сангийн татаас нэг их наяд хүрэх аюул ойрхон байна. Бидний төлж байгаа тэтгэврийн шимтгэл одоо тэтгэвэр авч буй ахмадуудад шууд очдог эв хамтын тогтолцоотой. Энэ нь сүйрлийн тойрог. Энэ чигээрээ явбал 20 жилийн дараа ажил эрхэлж байгаа хүмүүс тэтгэврийн сангаа дийлэхээ больж, тэтгэвэр авагчид нь гуйлгачин болно. Тэр цагт төсвөөс ямар ч хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээ хийгдэхгүй, зөвхөн хөгшчүүдээ тэжээдэг төсөв болох аюул бий. Тиймээс үүнийг одоо залруулаач ээ гэж байгаа юм. Үүний төлөө би 16 жил тууштай явж байна.

Тэтгэврийн реформын асуудал өнөөдөр нийгэмд гал мэт дүрэлзсэн хурц асуудал болж байгаа нь манай хамт олны ажлын үр дүн гарч байгаа хэрэг. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Жавхлан нарын эрүүл ухаанаар сэтгэдэг улстөрчид, залуучуудтай хамтарч тэтгэврийн шинэчлэл хийнэ. Үүний тулд нэрийн дансанд бичигдсэн 18 их наяд гаруй төгрөгийн өрийг яаралтай мөнгөжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд төрийн шахаатай, авлигад идэгдсэн, улстөрчдийн тоглоом болдог төрийн 100 аж ахуйн нэгжийг төрийн тэтгэврийн санд харъяалуулж, ногдол ашиг, хувьцаа, хувьчлалын орлогоор нь нэрийн дансны алдагдлыг нөхөж, тэтгэврийн сангийн хөрөнгийг өсгөх ёстой. Уг нь нэрийн дансанд цугласан хуримтлал өгөөж тооцдог байсан бол өдийд хэд дахин өсчихсөн, бид ирээдүйдээ итгэлтэй алхах байлаа. Үүний тулд энэ алхмыг одоо хийх хэрэгтэй. Энэ шийдэл төсөвт ямар нэг байдлаар дарамт үүсгэж, цоорхой гаргахгүй, гагцхүү улстөрчдийн эрх мэдлийг л  хумина.

Тэтгэврийн реформыг нэг нам парламентад 63 суудалтай, У.Хүрэлсүх гэдэг цавчиж чаддаг Ерөнхий сайдтай энэ цаг үед л хийвэл хийнэ. Чадахгүй бол хэзээ ч хийхгүй. Тиймээс эрх мэдэлтэй хүмүүс тохиролцоонд хүрч, биднээс зөвлөгөө аваад, эх орныхоо төлөө өөрийгөө золиослоод ч хамаагүй хийх ёстой. Үгүй бол түүх биднийг өршөөхгүй.

Нэмж хэлэхэд, Дэлхийн банк, НҮБ, ОУВС-ийн тусламжтай хөгжсөн улс байдаггүй. 40, 50 жил доноруудаар тэжээлгэсэн Африк хөгжөөгүй, Хятадыг гадны зээл тусламж авраагүй. Дотооддоо тэтгэврийн сан, баялгийн сангаа хөрөнгийн зах зээлтэйгээ холбож бизнесүүдээ дэмжиж байж л хөгжинө.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны нэгдүгээр сарын (№160) дугаараас

 

Mongolian Economy