Ч.Цэнгэл: Ази, Номхон Далай, Африкийн улсуудад технологио нийлүүлнэ
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 527 банк бус санхүүгийн байгууллага давхардсан тоогоор 4.7 сая хүнд зээлийн үйлчилгээ үзүүлж байгаагийн 92.8 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна. Онлайн зээлийн үйлчилгээний хүртээмж ийн өссөн нь технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд олноор нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Энэ оны эхний зургаан сарын байдлаар чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувьд долоон хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.7 пунктээр буурчээ. Товчхондоо, хэрэглэгчдийн санхүүгийн боловсрол тодорхой хэмжээгээр дээшилснийг дээрх тоо мэдээллээс харж болохоор байна. Технологийн компаниуд санхүүгийн зах зээлийн том тоглогч болсон нь нууц биш. Үүлэн тооцоолол, хиймэл оюун, блокчэйн зэрэг технологид суурилсан финтекийн компаниуд улмаар зээлийн үйлчилгээнээс гадна хөрөнгө оруулалтын сан, даатгалын үйлчилгээнүүд гэх мэт бүтээгдэхүүнийг хөгжүүлж, бусад улс оронд технологио нийлүүлж эхлээд байна.
Манай улсад туршигдсан зээлийн үйлчилгээний технологийг олон улсад нийлүүлэх боломж, эрхзүйн зохицуулалтын талаар АНД Глобал компанийн Хуулийн асуудал хариуцсан захирал Ч.Цэнгэлтэй ярилцлаа.
-Финтек компаниудын зээлийн олголтын дундаж хэмжээ ямар хэмжээнд байна вэ? Энэ нь үйл ажиллагааны зардалд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Финтек компаниудын давуу тал нь технологийн шийдэл ашиглан өөрсдийн хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг орон зай, цаг хугацаа, хүн хүчний хязгаарлалтгүй хүргэж чаддагт оршдог.
Финтек компани нь олон салбар, нэгжтэй байх шаардлагагүй учир түрээсийн зардал бага, хэрэглэгчтэй биечлэн уулзаж санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шаардлагагүй учир хүн хүчний, цаг хугацааны зардал мөн бага.
Нэгж зээлийн хэмжээ нь үйл ажиллагааны зардалд нөлөөлөх нэг л хүчин зүйл. Харин эх үүсвэрийн зардал нь финтек компаниудын зардлыг ихэсгэж байгаа хамгийн том хүчин зүйл. Зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 275.8 мянган төгрөг байна.
Финтек компаниудын нэгж зээлийн хэмжээг бага, өндөр гэж харьцуулах нь харьцангуй ойлголт байх. Жишээ нь, финтек компаниуд машины зээл гаргаж байгаа бөгөөд ийм зээлийн хэмжээг бага гэж тооцож болохгүй байх.
– Иргэдийн зээлийн менежментийн боловсрол дээшилж байна уу?
– Хэрэглэгчийн зээлийн менежментийн боловсролыг сайн, муу гэж үнэлэхээс илүүтэй олон жилийн туршид бидэнтэй хамт байгаа хэрэглэгчдийнхээ санхүүгийн шаардлага, хэрэгцээ, нөхцөл байдлыг ойлгон, зээлийн эргэн төлөлтийн асуудлыг нь уян хатнаар шийдвэрлэхэд бид илүү төвлөрч ажилладаг.
-Гадаадын улсуудад өөрсдийн технологийг нийлүүлэх ямар боломж байна вэ? Манай улсад туршигдсан технологийн давуу тал юу вэ?
-Манай улсад финтек салбарын өрсөлдөөн өндөр. Олон том компани өөрийн финтек бизнесийг эхлүүлэн хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна. Өндөр өрсөлдөөн дунд чанартай, найдвартай технологийн шийдэлтэй байж тэсэж үлдэнэ. Манай технологи өндөр өрсөлдөөн дунд таван жил тасралтгүй, найдвартай ажилласан.
Ази, Номхон Далай, Африкийн улсуудад үйл ажиллагаа явуулдаг санхүү, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад бид технологио нийлүүлэн ажиллаж байна. Үүний тулд технологийн борлуулалтын суваг, сүлжээ үүсгэх нь эхний ажил. Бид өөрсдийн стратегийн хөрөнгө оруулагч болох Япон төвтэй, олон улсын корпорацууд болох Marubeni, SBI Holdings-той хамтран Монголоос технологийн шийдлийг Ази, Номхон Далай, Африкийн улсуудад нийлүүлэх дэд бүтцийг сүүлийн хоёр жилийн хугацаанд бий болголоо. Бидэнтэй хамтран ажилладаг Монголын технологийн компаниудын шийдлийг хамтран экспортлохоор хэд хэдэн төсөл эхлүүлэн ажиллаж байна. Мөн цаашид олон Монгол компанитай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
-Үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэхэд ямар эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна вэ?
-Инновац шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх замаар нийгэмд буй тодорхой асуудлыг шийдэх нь бидний эрхэм зорилго. Өмнө нь байгаагүй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ учир Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтад хамаарахгүй, зохицуулалтаас гадуур байх боломжтой байдаг. Ийм учраас бид аливаа шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэхээс өмнө Монгол Улсын төрийн зохицуулах байгууллагуудтай зөвлөлдөн, үл ойлголцол үүсгэхгүй ажиллахыг хичээдэг. Азийн бусад улстай харьцуулахад манай төрийн зохицуулах байгууллагууд технологийн салбарынханд нээлттэй, уян хатан ханддаг. Бидэнд боломж их байна гэж ойлгож болно