Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр зам долдугаар сард ашиглалтад орно

B Shurenchimeg
2023-02-02 17:35:45
Ангилал: Мэдээ

Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ их байгаа энэ үед шуурхай, хямд тээвэрлэхэд төмөр зам хамгийн чухал үүрэгтэй. Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү стратегийн өндөр ач холбогдолтой төмөр замуудын төслийн бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

Үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын холбоо дохиоллын хамгийн чухал системийг угсарч дууссан, одоо мал амьтнаас хамгаалах хашаа барих ажил хийгдэж байгаа аж. Мөн дэд бүтэцтэй зэхэлтийн депо болон зам засварын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байна. 

Эл төмөр замаар зүгшрүүлэх тээвэр хийж өнгөрсөн оны байдлаар нийт 729.5 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Үүний 121 мянган тонн нь сайжруулсан шахмал түлшний түүхий эд, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын 436 мянган тонн ачаа,  136,7 мянган тонн нүүрс экспортолсон байна.  Түүнчлэн 2023 онд зүгшрүүлэх тээвэрлэлт үргэлжилж нэгдүгээр сарын 30-ны байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 38.5 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн тээвэрлэлт хийжээ.

Харин энэ онд уг төмөр замаар таван сая тонн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2.8 сая тонн, Зүүнбаян-Ханги чиглэлд гурван сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг Монголын төмөр замын ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцоллоо. 

Энэ онд экспортын шинэ гарц болох Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой “концессийн зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 гаруй км, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300 орчим км төмөр замын төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж дууссан байна. Шивээхүрэн-Шинэжинст чиглэлд 300 км, Бичигт-Хөөт чиглэлд эхний 100 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын 15-20 орчим км боомтын төмөр замыг 2023 оны долоодугаар сард ашиглалтад оруулж 12-р сарыг дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан аж. 

Энэ хүрээнд Засгийн газрын 446-р тогтоолоор Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай хэлэлцээр хийж, нарийвчлан тохиролцох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д үүрэг болгожээ. 

Одоогоор “Монголын төмөр зам” ТӨХК энэ сард Хятадын талтай хэлэлцээ хийх бэлтгэл ажлыг хангаад байгааг гэдгийг П.Ганхүү захирал энэ үеэр онцолсон.  Мөн тэрбээр  “Хятадын талаас Шивээхүрэн боомт руу 800 метр, Бичигт рүү 3 км зам дутуу байгаа. Монголын талаас Бичигт рүү 7 км, Шивээхүрэн рүү 13 км төмөр зам дутуу байгааг барьж дуусгана” хэмээн ярилаа. 

Засгийн газрын тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д Зүүнбаян, Тавантолгой төмөр зам ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах эрхийг 2022 оны 11-р сарын 30-ны өдөр олгосон. Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг шуурхай зохион байгуулах онцгой үүрэг чиглэлтэй болсон. Тиймээс “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын талаар П.Ганхүү захирлаас тодруулсан юм. Уг төмөр замын хувьд БНХАУ-ын талтай хил холболтын цэгээ тохирчихсон, техник, эдийн засгийн үндэслэлийн зураг хийж байгаа. Зураг төсөл дээр хятадын талтай тохирох ажлыг яаравчлан, 2023 онд бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр төлөвлөжээ. 

“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тухайд БНХАУ-ын талтай хил холболтын цэгээ тохирчихсон, техник, эдийн засгийн үндэслэлийн зураг хийж байгаа. Зураг төсөл дээр хятадын талтай тохирох ажлыг яаравчлан, 2023 онд бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр төлөвлөжээ. 

 

 

 

 

 

B Shurenchimeg