“Шинэ, залуу үнэлгээчид” интерншип хөтөлбөр зарлалаа
Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг “YOUTHinc”, Монголын үнэлгээний холбоо, залуу үнэлгээчдийг дэмждэг EvalYouth Global Network-ийн Монгол дахь салбар EvalYouth Mongolia Chapter-ын залуус хамтран ажиллах санамж бичиг 2023 оны хоёрдугаар сарын 15-нд байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол залуу мэргэжилтнүүд, шинэ, залуу үнэлгээчид НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)-ын 4, 5, 8, 10, 17-д хувь нэмэр оруулах, залуучуудын зохистой хөдөлмөр, залуу үнэлгээчдийг дэмжиx зорилгоор үнэлгээний чиглэлийн “Шинэ, залуу үнэлгээчид” – Young and Emerging Evaluators (YEEs) Интерншип хөтөлбөрийг хамтран зохион байгуулах гэж байна.
“Шинэ, залуу үнэлгээчид” (YEEs) Интерншип хөтөлбөрийн зорилго нь 18-34 насны залууст үнэлгээний талаарх мэдлэг, ур чадварыг олгож, ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадвар, чадамжийг практик дадлага хийлгэх замаар ирээдүйн ажлын байранд бэлтгэх, улмаар залуусын зохистой хөдөлмөрийг нэмэгдүүлж, шинэ, залуу үнэлгээчдийг дэмжиж хөгжүүлэх зорилготой аж.
Энэ хөтөлбөрөөр дамжуулан өөрийгөө нээж, хувь хүний болон үнэлгээний салбарын карьер хөгжилд суралцах, Монголын болон олон улсын туршлагатай мэргэжилтнүүдтэй холбогдож хүрээгээ тэлэх, үнэ цэнтэй бодит туршлага хуримтлуулж хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд хамтдаа хөгжих боломжийг олгох юм.
YEEs Интерншип Хөтөлбөр 2023 оны гурван сарын 1-ны өдрөөс эхлэн зарлагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг https://www.youthinc.mn/internship линкээс авч, хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.