Шинэ үеийн Хятадууд буюу Нэрээ хичээгчид

Дэнсмаа
2022-09-28 14:34:08
Ангилал: Нийгэм

 “Монгол Хятадын Найрамдлын 7 хоног”-ийн хүрээнд зарласан “Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр” сэдэвт шилдэг нийтлэлийн уралдаанд  тусгай байрт шалгарсан “Mongolian Economy” сэтгүүлийн сэтгүүлч Б.Дэнсмаагийн нийтлэлийг сонирхуулж байна. 

 

БНХАУ-ын худалдаа аж үйлдвэрийн салбарын чуулганыг сурвалжлахаар миний бие анх удаа урд хөршөө зорив. Их гүрний өндөр хөгжлөөс илүү сонирхол татаж, гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл бол хятад хүний амь наснаасаа илүү нэр төрөө эрхэмлэх үзэл байв. Олон улсын элч төлөөлөгчид цугласан уг чуулганы үеэр хятад хүмүүсийн улсынхаа, салбарынхаа, хятад хүний нэр нүүрийг өндөрт өргөн бэхжүүлэх дотоод чин хүсэл нь нүдэнд харагдаж байлаа.

Чуулганы үеэр хэлмэрч хийсэн Өвөр монгол залуу биднийг өдөр, оройн хоолонд урих болгондоо “Морилон саатна уу!”, “Хэр тааруухан дайллаа” гэх зэргийн хэв журам болсон үгийг давтан хэлж байв. Жижүүрийн гэмээр энэ үгсийг заавал хэлэх ямар шаардлага байдаг талаар намайг асуухад “зочин урих, дайлах, цайлах нь бүхэлдээ нэр нүүрийн хэрэг бөгөөд хэнийг урих, эс урих, урилга авсан хүн хэрхэн хариуцлагатайгаар хүлээн авах, цаашлаад ажлын болоод амьдралын бүхий л хариуцлага, уламжлалт болоод шинэ амьдралын хэв маяг нь бүгд нэр нүүр лүгээ холбогдоно” гэдгийг залхууралгүй тайлбарлаж өгөв.

 Гурав хоног үргэлжилсэн томилолт минь дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэлийн цөм болон хөгжиж байгаа Хятадын үсрэнгүй хөгжилд тус улсын түүх, соёлын уламжлал, хятад хүний оюун санааны ертөнцийн мөн чанар, сэтгэлгээний хэв маяг ихээхэн нөлөө үзүүлснийг ойлгуулсан билээ. Хожим эргэж очих бүрдээ Хятад хүний урилга заллага, уулзалт, зөвлөгөөнд цаг баримталж, хүндэтгэлтэйгээр хандахыг ихээхэн хичээх болсон билээ.

 Миний сайн таних сэхээтэн хүн цахим хаягтаа “Миний өвөөгийн жорлонгийн бохирыг цэвэрлэж өгдөг хятад надад нэрээ хичээж яваарай гэж захиж билээ. Одоо бодоход инээд хүрдэг” гэж бичсэн байв. Тэр хүний хэлэх гэсэн санаагаар бол жорлонгийн бохир цэвэрлэдэг хүн нэр нүүрийн тухай ярих ёсгүй юм байж. Харамсмаар бас гунигтай. Хөдөлмөр хэзээ ч хүнийг дорд үзэх шалтгаан болохгүйг ойлгоогүйн улмаас бид дэлхийн хөгжлөөс хоцрон үлдсэн биз. Бид хашаан доторхоо цэвэрлэж, ганц ширхэг мод тарьчихаж чадахгүй олон жил шороо манарсан гэр хороололдоо амьдарч байхад хятад хүн хөрс шороогүй цементэн дээр хүртэл “түмпэн” тавиад цэцэг тарьж байгаа шүү дээ.

Мөнхийн хөрш энэ улстай олон мянган км газраар хиллэдгийн хувьд хоол хүнснээс эхлээд, хувцас хэрэглэл, урлаг соёлын талаар маш их зүйлийг манай улс нутагшуулан авч үлдсэн атлаа хятад хүнийг хамгийн муу, муухайгаар сурталчлан ойлгуулж байсан үеийн үр дагавар одоо ч арилаагүйгээс тэр биз.

Урьд Хятад, Монгол хоёр орны хооронд шувуу нисэхээс өөр харилцаа холбоогүй байсан үе ч бий. Цаг үе өөр болж хоёр орны найрсаг хамтын ажиллагаа бэхжиж, урд хөршид ажиллах, сурах, наймаа арилжаа хийхээс эхлээд олон шалтгаанаар ирж, очиж байгаа монголчууд хятад хүний өглөө эрт босож, ажиллаж, хөдөлмөрлөж, өсгөж, ургуулж, хичээж, зүтгэж байгааг харахдаа монгол хүний нэр нүүрийг өнгөрсөн түүх, хоосон цэцэрхлээс илүү шударга хөдөлмөр, эерэг хандлага өргөнө гэдгийн ойлгон ухаарч байгаа гэж би итгэдэг.

Барууны оронд нэр хүнд бүхий сургууль төгссөн залуухан бүсгүй цахим хуудсандаа “Lеisha гэдэг хятад охинтой нэг өрөөнд амьдардаг байсан. Хятад хүн Европт сурна гэдэг чинь тэрбумтан л биш бол боломжгүй. Би цэвэр толгойгоороо энд ирсэн. Түүнийгээ батлан харуулж, хятад хүний нэр хүндийг өргөх ёстой гэж өдөр шөнөгүй хичээл хийж хажуугаар нь ажиллана. Хятад хүнийг би тэр охиноор л төсөөлдөг дөө” гэж бичсэнийг уншиж суухдаа өмнөх итгэл минь улам бэхжиж билээ.

Хятад хүний нэр хүндээ, шударга хөдөлмөр зүтгэлийг эрхэмлэх үзэл Хятадын засгийн газрын бодлогод тусгалаа олж, Дэн Шяопин удирдагчийнхаа эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогыг урт хугацаанд, тууштай, нэгдсэн удирдлагын дор гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа нь улс орнуудын анхаарлыг татаж байна.

2022 оны гуравдугаар сард “Хятад улс ядуурлыг бууруулсан 40 жил” тайлангаа олон нийтэд мэдээлж, Дэлхийн Банкнаас тогтоосон нэг хүний өдрийн 1,9 ам доллароос бага орлоготой Хятадын ядуу хүн амын тоо өнгөрсөн 40 жилийн хугацаанд 800 орчим саяар багасаж, энэ нь дэлхийн нийт ядуурлаас ангижирсан хүн амын 75 хувийг эзэлж буйг дуулгасан билээ. Ийнхүү Хятад улс дэлхий дээр хамгийн олон хүн амыг ядуурлаас салгаж, НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтыг бусдаас түрүүлэн биелүүлсэн улс болов.

 Хил залгаа оршдог, өдөр тутам харьцдаг хөрш орон маань ийнхүү үсрэнгүй хөгжилтэйн дээр ядууралгүй улс болсон нь бидэнд зутруухан амьдралтайгаа зууралдсаар байгаагийн дараах шалтгаануудыг илчлэн тавьж байна.

– Сэтгэхүйн хувьд Хятадад ядуу байвал өөрөөс нь шалтгаалсан гэж үздэг бол Монголд ядуурснаа өөрөөсөө боллоо гэж ойлгож байгаа хүн нэгээхэн ч байхгүй. Ядуурлын шалтгааныг төр засгийн бодлого, дарга цэрэг, эсвэл эцэг эх рүүгээ чихэж орхиод өөрсдөө санаа амар сууж байдаг.

– Хятадад “Ядуу гацаа”, “Ядуу тосгон” гэсэн нарийвчилсан ангилал хийж, ядуурлаас нь гаргах албадлага-урамшууллын хосолсон ажил одоо ч эрчимтэй хийж байна. Хэрэв зээ бид саяхан улсын цолтой бөхтэй болсон, 90 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэх мөнгөтэй атлаа модон жорлонтой сумыг “ядуу сум” хэмээн цоллох аваас орон нутгийн нэр хүндийг унагаж, иргэдийг нь шившиг болгосон хэрэг болно биз.

– Хятадад бүтээгээгүй, хөдөлмөрлөөгүй хүнд төрөөс нэг ч төгрөг өгөхгүй, халамжийн бодлогыг онцгой тусгай шаардлагаар (эрүүл мэндийн аргагүй байдал, эсвэл гавьяаны амралт гэх мэт) жинтэйхэн хүртээдэг бол Монголд халамжийн бодлогыг хавтгайруулж, бэлэнчлэх сэтгэлгээг гүн суулгасан.

Миний мэдэх Хятад орон өдрөөс өдөрт нээлттэй бодлого хэрэгжүүлж, улс төр нь тогтвортой, эдийн засаг нь эрч хүчтэй урагшилсаар “Хятадын мөрөөдөл”-ийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байна. Хятадад дорно, өрнийн соёл эесэн найрсаж, хятад хүний уламжлалт соёл сэтгэлгээ, түүний дотор нэр нүүрээ эрхэмлэдэг чанар нь олон зууны уламжлалаа хадгалахын зэрэгцээ, цагийн аясаар хувиран шинэчлэгдэж, сөрөг, муу тал нь улам бүр хумигдан багасаж, эерэг сайн тал нь өргөжин тэлсээр, шинэ шинэ агуулгаар баяжин, шинэ эрин үеийн шинэ хятад хүн бүрэлдэн буй болсоор байна.

Тиймээс бид сэтгэлгээ рүүгээ өнгийн харж “Нэр хугарахаар яс хугар” гэх ардын сайхан үгээ санаж сэрэх цаг болж. Нэр нүүртэй байна гэдэг нь хоосон бахархал, өөрт наалдахгүй тэмдэглэлт ой, тэмцээн уралдаанд хөөрч, модон жорлондоо бааж, модгүй халцгай гудмаараа шороонд дарагдаж алхахын нэр биш. Үүнийг ойлгон ухаардаг шинэ үеийн Монгол сэхээтнүүдийг бий болгож, шударга ёс, эв нэгдэл, хөдөлмөр зүтгэлийг урьтал болгодог заншлаа даяаршсан нийгэмтэй хослуулан төгөлдөржүүлэх нь нэн чухал байна.

 

 

 

Дэнсмаа