Ши Жиньпинийг эзэн хаанд өргөмжилнө

B Shurenchimeg
2022-09-28 10:44:28
Ангилал: Дэлхий 2022

Улс төрийн тогтолцооныхоо давуу талыг АНУ-д гайхуулах завшаан БНХАУ-д олдов

Дэвид Рэнни, Бээжин салбарын дарга, Chaguan тоймч, The Economist 

Хэрэв бүх зүйл Хятадын Коммунист намын төлөвлөснөөр болвол 2022 он АНУ-ыг шившиглэх судалгааны жишээ болж мэднэ. Хятадын удирдагчид чөлөөт сонгуульд дургүй ч санал асуулгад ихээхэн анхаардаг. АНУ-д арваннэгдүгээр сард болох завсрын сонгуульд Ардчилсан нам ялагдах нь тодорхой гэсэн мэдээг тэд харж буй. Улмаар засгийн газар нь хуваагдаж, мухарддаггүй юм гэхэд гацаа үүснэ. Хэрэв санал асуулга үнэнийг зөгнөсөн бол БНХАУ нэг намын удирдлагын ачаар дэг журамтай, хөгжин цэцэглэж байхад Америк маягийн ардчилал нь эмх замбараагүйдэл, бүтэлгүйтэл, уруудлыг авчирч байгаа тухай суртал ухуулгыг БНХАУ явуулах боломжтой болно. 

Харин эсрэгээр энэ он Бээжингийн хувьд гантиг багана, улаан хивс, гял цал гэрлийн бүрхүүлтэй Бүх Хятадын Ардын хурлын ордонд болох коммунист намын XX их хурал онцгой байр эзэлнэ. Намар болох тус их хурлаар Ши Жиньпин БНХАУ-ын дарга болсны 10 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ үеэр Ши Жиньпин цаашид хэдий хугацаанд төрийн тэргүүн байх нь тодорхой болно: тав, 10 жил, эсвэл хагас тэтгэвэрт гарч, хөшигний цаанаас удирдах (ийм магадлал харьцангуй бага) сонголт бий. Гайхалтай нь их хурлын дараа л Хятадын Улс төрийн товчооны байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг удирдах Ши Жиньпиний (эсвэл намыг удирдах гэнэтийн шинэ эрхмийн) цаашдын төлөвлөгөө тодорхой болно.

Хэрэв Ши Жиньпин таван жилийн дараа эрх мэдлээ хүлээлгэж өгөхөөр болбол түүнийг залгамжлах магадлалтай нэг юм уу, хоёр нэр дэвшигч олны өмнө гарч ирнэ. Одоогоор Ши Жиньпиний хүрээлэлд хангалттай туршлага, нас хослуулсан хүн алга. Тиймээс тэрбээр 2032 оны их хурал хүртэл төрийн тэргүүн хэвээр үлдэх шаардлагатай болж мэдэх бөгөөд тэр үед 79 настай болно. Хэрэв арваннэгдүгээр сард Ши Жиньпинийг хар хүрэмтэй, дөлгөөн царайтай хүмүүс дагалдан тайзнаа гарвал тэрбээр өөрийг нь орлох хүнийг хайж байгааг илтгэнэ: одоогийн боссыг залгамжилна гэхэд хэт хөгшин, хэт залуу эсвэл туршлагагүй олон жил үнэнчээр зүтгэж буй хөгшид эсвэл маш хурдтай тушаал ахигчид л 2027 онд түүнийг орлохоор байгаа.

Намын их хурал таван жил тутамд болдог. Орчин үед их хурлыг удирдлагууд эрх мэдлээ дараа үедээ албан ёсоор шилжүүлэх индэр болгон ашиглах болсон. Учир нь ийм дээд түвшний шийдвэрийг таван жилийн өмнөөс тодорхой болгодог уламжлалтай ч 2017 онд Ши Жиньпин залгамжлагчаа томилохоос татгалзсанаар эл ёсыг зөрчөөд байгаа. Ингэснээр Мао Зэдун таалал төгссөний дараа нэг хүнд хэт их эрх мэдэл өгөх, эсвэл хэт удаан эрх бариулахгүй гэсэн зөвшилцөл зөрчигдсөн…

 

 

 

 

Үргэлжлэлийг “Дэлхий 2022” сэтгүүлээс

“Дэлхий 2022” сэтгүүлийн үнэ 44,000₮
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7011-5477, 9409-2904 дугаараас авна уу.

 

B Shurenchimeg