Шоу үргэлжлэх ёстой 

Mongolian Economy
2021-07-26 16:41:38
Ангилал: Нийгэм

Гоцлол дуучны хоолой өвдөх, хөшиг нээгдэхийн өмнө балетчин шагайгаа булгалах, эсвэл ажлын дундуур техникийн саатал гарах зэрэг жижиг асуудал гарахад “шоу үргэлжлэх ёстой” гэж бид хэлдэг. Харин Ковид-19 бол сүүлийн хэдэн арванд тайзны урлагт тохиосон хамгийн том гай болоод зогсохгүй салбарын ирээдүйд заналхийлж байна. Ингээд “Шоу үргэлжлэх ёстой юу? Үргэлжилж чадах уу?” гэсэн асуулт гарч ирэв. “Тийм, тийм, бас дахин тийм!” гэж би итгэлтэй хариулна. 

Соёл урлагийн салбарынхан бид санхүүгээ өөрсдөө зохицуулсаар ирсэн билээ. Төрөөс соёл, урлагт хөрөнгө оруулсан нэг фунт стерлинг бүрийг бид тав болгон эдийн засагтаа нэмэрлэж, зочид буудал, аялал жуулчлал зэрэг бусад салбарыг дэмжсээр ирсэн. Их Британид соёл урлагийн салбар 350 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Гэхдээ хэмжихэд хэцүү учраас орхигддог учраас ихэнхдээ мартагддаг оюун санаа, соёл, сэтгэл санааны илүү гүн гүнзгий шалтгаан бий. 

Тусгаарлалт, ганцаардлын энэ цагт олон хүнд итгэл найдвар төрүүлж буй зүйл бол яахын аргагүй урлаг мөн гэдгийг бид харлаа.

Энэ хугацаанд кино, радио, хөгжим, жүжиг хүмүүсийн сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлсөн. Гэхдээ найруулагч Сэм Мендесийн хэлснээр “Шилдэг жүжигчин, продюсер, зохиолч, найруулагчдыг бойжуулсан урлагийн салбар мөхөж байхад видео стриминг үйлчилгээний компаниуд хөл хориог далимдуулан бидний авъяасыг ашиглаж сая сая доллар олох нь хоржоонтой биш гэж үү”. Юу холбож өгч буйгаас үл хамааран нэг дор цуглаад үүх түүх хэлэлцэж, бие биенээ ойлгох нь бидний цусанд шингэсэн төрөлхийн хэрэгцээ бөгөөд бүхий л соёлд байдаг үзэгдэл билээ. 

Би хөл хорио тогтоосон өдрөөс л онлайнаар балетын үнэгүй хичээл зааж эхэлсэн. Гал тогооноосоо заасан хичээл минь 10 долоо хоногийн хугацаанд дөрвөн сая хүнд хүрнэ гэдгийг яахин мэдэх билээ. Өдөр бүр хамтдаа балетаар хичээллэх нь мэргэжлийн бүжигчдээс авахуулаад анхлан суралцагч хүртэл олон хүнд тайвшрал, тогтвортой байдлыг мэдрэхэд нь туслаж, өглөө босох шалтгаан нь болсоор иржээ.

Английн үндэсний балетын театр лхагва гараг бүр архивын бичлэгээсээ хуваалцахад олон нийт мөн л урамтай хүлээж авсан бөгөөд дэлхий даяар нийт нэг сая хүнд хүрсэн билээ. Жирийн үед нэг улиралд хэдэн ч тоглолт хийсэн ийм олон мөн ялгаатай үзэгчдэд хүрч чадахгүй байсан. Янз бүрийн гарал үүсэл, ёс заншилтай хүмүүс урлагаар дамжуулан дижитал орчинд холбогдож, гэрээсээ балет үзэнгээ хэсэг зуур ч болов бодит байдлаас ангижран баяр хөөр мэдэрч байв. 

Цаашид яах ёстой вэ? Английн Үндэсний балетын театр ажилтнуудынхаа 85 хувийг халсны дараа бид аажмаар янз бүрийн студид цуглаж, уран бүтээлээ хийж эхэлсэн. Санхүүгийн хувьд ямар ч ашиггүй боловч сэтгэл санаа, уран бүтээлийн хувьд чухал учраас тэр. Бид онлайн платформ үүсгээд, таван шинэ бүтээл эхлүүлж, кино найруулагч болон зургийн баг хөлсөлсөн бөгөөд хөгжимчид маань ч ажилдаа эргэн орлоо. Үр дүнд нь онлайнаар үзэх боломжтой бүтэн хөтөлбөрийг бид бүтээсэн. 

Цөөн тооны үзэгчтэй тоглолт хийхийг зөвшөөрснөөр бид хэд хэдэн тоглолт хийхээ зарласны дараа бүх тасалбар хэдхэн цагийн дотор дууслаа. Үүнээс мөн л ашиг олохгүй. 

Дижитал орчинд таашаал, тайтгарал мэдэрч болох ч амьд тоглолт бол хүүрнэхүйн ид шидийг мэдрэхийн тулд цугладаг онцгой үйл явдал бөгөөд бидний амьд явах шалтгааны үндэс суурь юм. 

Их Британийн Засгийн газрын онцгой байдлын багц манайх шиг олон байгууллагыг 2021 он хүртэл аюулаас аварсан. Гэхдээ цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө 2021 оноос цааш ч үргэлжилнэ. Бид дахин шинэ тоглолт хийж, үндсэн болон гэрээт ажилтнуудаа ажилд нь оруулж, аялан тоглолтоо хийж, эрсдэл хүлээх чадвартай болох хэрэгтэй. Үүний тулд цар тахлын шинэ давалгаа дэгдэж, тоглолтоо цуцлахад хүрвэл Засгийн газраас үзүүлэх дэмжлэг, баталгаа бидэнд хэрэгтэй байна. Мөн авьяас чадвараа бүрмөсөн алдахгүйн тулд салбарын онцлогт нийцүүлсэн ажлын байрыг хадгалах тогтолцоо шаардлагатай. 

Урлагийн байгууллагуудад харьцангуй их татаас олгодог Европт энэ нөлөө тийм ч хүчтэй, урт хугацаанд үргэлжлэхгүй болов уу. Америкт төрөөс маш бага, эсвэл огт санхүүжилт авдаггүй ч гайхалтай, тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан урлагийн байгууллага, балетын компаниуд устаж үгүй болох бодит эрсдэлтэй тулаад байна.

Хэрэгцээ, шаардлага нь инновацыг түргэсгэдэг бөгөөд балетын урлаг өөртөө үнэлэлт дүгнэлт хийж, олон талаар шинэчлэгдэх хэрэгтэй байгааг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ компаниуд энэ цаг үеийг даван туулж, шинэ ирээдүйг бүтээх сэтгэлийн хаттай байж чадсан тохиолдолд л энэ бүхэн биеллээ олно.

 

“Дэлхий 2021” сэтгүүлээс

Английн Үндэсний балетын театрын уран сайхны удирдаач Тамара Рохо 

 

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу 94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
  • Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр

 

 

 

 

Mongolian Economy