Ш.Нэргүй:Тансаглалаас хором ч атугай холдох нь таашаал болж хувирсан
Ковид-19 цар тахал аялал жуулчлалд ямар ул мөр үлдээж, юуг өөрчилж буй талаар салбартаа манлайлагч “Нью жуулчин турс” ХХК-ийн захирал Ш.Нэргүйтэй “Монголиан экономи” сэтгүүл ярилцлаа. Ш.Нэргүй захирлын яриаг нэмэлт хачиргүйгээр тоймлон хүргэе.
Аялал жуулчлал Ковидоос өмнөх түвшинд хүрэхэд 3-4 жил зарцуулна
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон Олон улсын агаарын тээврийн холбооны мэдээллээр аялал жуулчлал Ковид-19-өөс өмнөх үеийн түвшиндээ хүрэхэд 3-4 жил зарцуулна гэж үзэж байна. Монгол Улсын хувьд вакцин гарсны дараа хилээ нээнэ гэдгийг Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдсэн. ДЭМБ-ын мэдээллээр улс орнуудад бүтээж байгаа вакцины баталгаажих хугацаа ирэх оны зургадугаар сарын 30. Хамгийн өөдрөг төсөөллөөр анхны вакцин долдугаар сарын 1-нд гарна гэж тооцвол манай улсын хил ирэх жилийн гуравдугаар улиралд нээгдэнэ гэж ойлгож байгаа. Харамсалтай нь, АНУ болон Европын гол орнууд аяллын бүтээгдэхүүнээ 1-2 жилийн өмнө зарладаг. Бидэнтэй хамтран ажилладаг өрнөдийн компаниуд Монголын аяллын бүтээгдэхүүнийг одоохондоо зарж эхлээгүй, хүлээлтийн горимд байна. Тиймээс 2021 онд дээрх орнуудаас жуулчин ирэх магадлал бага, хэрэв ирвэл тооны хувьд цөөхөн байна гэсэн таамгийг мэргэжлийн байгууллага гаргасан. Аялалаа 6-4 сарын өмнөөс зарладаг Азийн орнуудаас ч жуулчин ирэх найдвар бараг алга.
Нааштай таамаглал гэвэл хил нээгдсэн тохиолдолд ирэх жил өвлийн аялал жуулчлал явж магадгүй. Тиймээс 2022 оны зургадугаар сар хүртэл манай аялал жуулчлалын салбар сэргэхгүй нь. Сэргэсэн ч жуулчдын тоо 2019 оны түвшинд хүрэх магадлал багатай.
Дэлхий нийтээрээ аялал жуулчлал царцсан учраас үүнд дасан зохицохын тулд бусад улс орон иргэдээ дотооддоо аялах уриалга гаргаж, тээврийн зардлыг нь хөнгөлөх, бусад үйлчилгээг хямдруулах зэргээр валютын гадагш урсгалыг багасгах арга хэмжээ авч байна.
Цоо шинэ эрин үе
Цар тахлын нөлөөгөөр манай салбарт дижиталчлал эрчимжиж байна. Дижиталчлал хүмүүст аяллаа өөрсдөө зохион байгуулах боломж олгосноор зарим талаар аяллын үнэ хямдарч байна. Масс зохион байгуулалттай аяллууд багасахын зэрэгцээ улс орнууд дотоодын аяллаа идэвхжүүлэх үүднээс зардал талд дэмжлэг үзүүлж эхэлсэн учраас гадагшаа чиглэсэн аяллын урсгал багасна гэж ойлгож болно. Бид энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэхийн тулд нам жим энэ үеийг ашиглаад аяллын бүтэцдээ өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага урган гарлаа.
Дижитал сурталчилгаа, сошиал болон дижитал маркетинг гэж юуг хэлэх, хүний нөөцөө хэрхэн бэлтгэх, суралцах, олон улсын түвшинд хүрэх зэрэг нь нарийн ажил юм. Үүнээс өөр гарах гарцгүй тул бид судалгаа хийгээд ажиллаж байгаа.
Ковидоос өмнө Монгол Улсад масс жуулчин ирдэг байсан бол одоо хумигдах шинжтэй болж байгаа тул төрөлжүүлсэн, цөөн хүнд хандсан, чанартай аяллын бүтээгдэхүүн гаргах нь үр дүнтэй. Энэ хандлага бол манай салбарт гарч буй Ковидын ул мөр.
Масс жуулчлал нь үнэ хямд боловч нэг бодлын эрх чөлөөгүй. Хэчнээн гоё сайхан арга хэмжээ байсан ч аяллын хөтөлбөрт ороогүй л бол үзэж сонирхох боломжгүй, тогтоосон чиглэл, хугацаагаараа л явдаг. Тиймээс цөөн хүнтэй, тусгай сонирхлын аялал хөгжүүлэх нь ирээдүйтэй тул арга барилаа өөрчлөх хэрэгтэй.
Аялал цуцлах бодлого ч гэсэн уян хатан болж байна. Энэ жил аяллын компаниуд 2019 онд зарласан аяллууддаа аль болох буулт хийж байна.
Аяллынхаа төлбөрийг битгий эргүүлж аваач, оронд нь нэмэлт үйлчилгээ санал болгоё гэх зэргээр ажиллаж байна. Тиймээс бид ч гэсэн КОВИД-19-ийн дараа ийм сэтгэхүйгээр зах зээлд хандахгүй бол хэцүү. Өнөөдрийн байдлаар Монголын аялал жуулчлалын үнэ дэлхийн хамгийн өртөг өндөртэй 10 аялалд ордог. Тиймээс бид Хятадтай өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Өмнөд хөрш хувийн хэвшлийн үр дүнд суурилсан урамшууллын системтэй учраас аялал нь манайхаас 1-2 дахин хямд. Харин АНУ зэрэг том орнуудад аяллуудаа бараг нэг жилийн өмнөөс зарладаг. Хэрэв аяллын үнийг нэг жилийн дотор нэмэх шаардлага гарвал таван хувиас хэтрэхгүй гэсэн хуультай. Мөн үнэ нэмэх шалтгаанаа маш тодорхой бичдэг. Түүнээс биш манайх шиг дуртай нь дураараа нэмдэггүй. Манайд үйлчилгээ нь унаад, үнэ нь хөөрөөд байдаг.
Тойруу замаар ирж буй том хөрөнгө оруулалт
Манай салбарын хамгийн том капитал бол хүний нөөц. Харамсалтай нь, коронагаас болж боловсон хүчний дутагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байна. Компаниуд хүнээ хадгалж чадахгүй болж байна шүү дээ. Төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг авахгүй бол үнэхээр ямар ч арга алга.
Хүний нөөц хомсдосноор Монголын аялал жуулчлал олон арван жилээр ухарч байна гэсэн үг. Боловсон хүчнээ сургахад олон жилийн хөдөлмөр зарцуулдаг. Гадаад зах зээл дээр Монголын тухай ойлголтыг бий болгож, жуулчин татна, тэдэнд үйлчилгээ үзүүлнэ гэдэг багийн систем учраас задарвал эргээд бий болоход цаг хугацаа шаарддаг.
Манай компанийн хувьд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд нэг ч орон тоо цомхотгоогүй. Цалингийн 60 хувийг олгож, чөлөө өгсөн. Харин долдугаар сараас ажиллуулж, дотоод аялал, хүний нөөц, ирэх жилийн аяллын бүтээгдэхүүн, дижитал маркетингаа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Цалингаас гадна ажилчдынхаа зарсан аялал болгоноос урамшуулал олгож байгаа. Энэ цаг хугацааг ашиглаад хандлагаа өөрчлөх, бүтээгдэхүүний чанараа сайжруулах, өмнө нь барьж авч чаддаггүй байсан ажлуудаа гүйцээхээр хичээж байгаа. Дээрээс нь ажилчдаа үндсэн ажлаас гадуур мөнгө олох боломжийг нь нээлттэй болгосон. Ширхэг тамхи ч атугай зараад энэ боломжийг ашигла гэж хэлж байгаа. Ажилчдын маань хандлага, идэвх сайжирч байгаа нь тойруу замаар ирж буй том хөрөнгө оруулалт шүү.
Эх оронч хүмүүжлийн эхлэл
Энэ жил монголчууд маань дотооддоо үнэхээр сайн явцгаалаа. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд би үүнийг аялал биш зугаалга гэж нэрлээд байгаа юм. Миний хувийн дүгнэлтээр монголчууд аялахаасаа илүү зугаалдаг. Зугаалга гэдэг нь тийшээ, ийшээ очоод үзчих юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгддөг бол аяллын хамгийн чухал мөн чанар нь танин мэдэхүй байдаг. Энэхүү танин мэдэхүйн ач холбогдлыг дагаад яваандаа аялал нь амьдралын мэдлэг цуглуулах, хүсэл зорилго болж хувирдаг. Зорилгынхоо төлөө хүмүүс мөнгөө хуримтлуулдаг. Энэ жил угсаатны талаар, ирэх жил үлэг гүрвэл, түүний дараа малчин ахуйгаар мэдлэгээ тэлнэ гэж зорьдог болчихдог.
Олон улсын туршлагаас харахад аялаад байгаа хүмүүс баян биш. Хүсэл зорилгодоо хөтлөгдөөд мөнгө хуримтлуулдаг. Таашаал авч, танин мэдэхүй, баяр хөөр, инээд хуримтлуулдаг тул аялал нь шинэ орчин, шинэ мэдрэмж төрүүлдэг.
Ингээд харвал хүмүүс тогтмол аялдаг болсноор баяр баясгалан, амьдрал ахуй, бүтээмж нь сайжирна. Сэргэлэн болвол сэтгэх ур чадвар нэмэгдэнэ. Аялал ийм хэмжээнд хөгжихөд мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоо чухал байгаа юм.
Дотоодын аялал бол нэг өдөр хөгжүүлчихдэг зүйл биш. Цаг хугацаа шаарддаг. Маркетинг, сурталчилгаа нь ч нүсэр ажилтай. Зохион байгуулалтын хэлбэр, аялагчийн эрх ба үүрэг, аялуулж байгаа компани эрсдэлээ тодорхойлох, түүнийг удирдах арга зүй гэх мэт олон асуудал байдаг учраас иргэддээ аяллын тухай ойлголт, боловсролтой болгоход тал талаасаа анхаарах хэрэгтэй.
Аяллын танин мэдэхүйн ая холбогдлын цаана эх оронч хүмүүжил төлөвшиж байдаг. Үглээд, ном уншиж өгөөд эх оронч хүмүүжил төлөвшүүлнэ гэдэг эргэлзээтэй. Харин түүх дурсгалтай, утга учиртай газар орон, байгалийн тогтоцыг биеэр нь мэдрүүлэх замаар эх орноо гэсэн сэтгэлтэй болгох арга нь аялал жуулчлал гэж би үздэг.
Чи магадгүй Хар хоринд хэдэн ч удаа очиж, дэргэдэх чулууг нь хэчнээн ч харсан байж болно. Гэвч тэрхүү чулууны үнэ цэнийг тайбарлаагүй тул ач холбогдлыг нь ойлгохгүй, мэдэхгүй. Харин аяллын тайлбарлагчтай явбал чулууны үнэ цэнэ бол түүхийн үнэ цэнэ, дэлхийн үнэ цэнэ гэдгийг ойлгох юм. Үүгээр дамжуулж залуу үеэ хүмүүжүүлэх нь чухал.
Тансаглалаас хором ч атугай холдох нь таашаал болж хувирсан
Аяллын шинэ чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд орон нутгийнхны үүрэг оролцоо маш өндөр болчихлоо. Дэлхий дахин төвлөрөл, суурин амьдрал, тансаглалаас залхаж, аяллын хэв маягт минимализм орж ирж байна. Төвлөрөл, тансаглалаас хором ч атугай холдоно гэдэг таашаал, бүр нарийн ярьвал диваажинд буй мэт мэдрэмж төрүүлдэг болсон. Энэ нь Монголын нүүдлийн соёл иргэншил, унаган байгалийн үнэ цэн улам нэмэгдэж байна гэсэн үг. Үүнийгээ л чулуу болгох хэрэгтэй.
Гэтэл одоо хөшөө, байшин барьснаар хоцрогдож буй загвар руу ухрах гээд байна шүү дээ. Миний харж буйгаар байгаль орчноо хамгаалж, зан заншлаа сэргээж жуулчдад үзүүлж харуулснаар нутгийн иргэд орлоготой, байгалиа хамгаалах сэтгэхүй нь дээшилж, ЖДҮ хөгжиж, ажилгүйдэл буурна. Үүнд л манай аялал жуулчлалын үнэ цэн оршиж байгаа. Ингэж харж бодлогоо төлөвлөх ёстой.
Брэндийн бодлого ба иж бүрэн төлөвлөлт
Хатуухан хэлэхэд манай аялал жуулчлалын салбар өнөөдрийг хүртэл ямар нэг бодлогогүй, тоглолтын дүрэмгүй явж ирсэн. Тиймээс амсхийх энэ цаг хугацаагаа ашиглаад бие биенээ сонсож, аялал жуулчлалын төлөвлөлт ба бүтээгдэхүүн гэж юу болох талаар нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдэг нь энд тэнд барьсан хөшөө, байшин биш юм. Тэр бол нэг л элемент нь.
Жуулчид ирэхэд бүгдээрээ нэгдмэл үйлчилгээ үзүүлж, халаасыг нь “хоослох”-ыг л аялал жуулчлалын бодлого гээд байгаа юм. Харин үүнийг хэрэгжүүлэх иж бүрэн төлөвлөлтийг бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Иж бүрэн төлөвлөлт хийхгүйгээр аялал жуулчлал хөгжихгүй.
“Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг үг аялал жуулчлалд яг тохирдог. Хувийн хэвшлийнхнийхээ үгийг сонсож, долоо хэмжиж нэг огтлохгүй бол бодлого хэрэгжихгүй. Брэнд бүтээгдэхүүнтэй болно гэдэг аялал жуулчлалын төлөвлөлт бий болж байна гэсэн үг. Бүх оролцогчдын оролцоог бүрэн дүүрэн хангасан үйлчилгээний нэгдэл байж гэмээнэ сая аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж нэрлэж болдог. Тээврийн үйлчилгээгээр хангах байгууллага, тайлбарлагч, хөдөөд үйлчлэх бааз, малчин, орон нутгийн соёл, түүхийг төлөөлөх байгууллагын оролцогчид хамтран ажиллаж үйлчилгээний иж бүрдэл болохыг л хэлдэг. Одоогоор эдгээрийн аль нэг нь байхгүй учраас л аяллын бүтээгдэхүүн хөгжихгүй гацчихаад байгаа юм. Үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын сүлжээний хэмжээнд бүгд нийлсэн тоглолтын дүрэмтэй, зарчимтай байх ёстой. Салбарыг ийм том утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй байна.
Жишээ нь, монгол архийг брэнд болгохын тулд уламжлалт технологиороо нэрж, цагаан идээгээр үйлдвэрлэдэг, химийн нэмэлт элементгүй гэж сурталчлах хэрэгтэй. Монгол архи үйлдвэрлэх орчин бүрдүүлж, төр нь дэмжиж сурталчлаад, компаниуд жуулчдаа аваачиж үзүүлдэг байвал аяндаа брэнд болно.
Түүнээс биш энэ бүхнийг ганцхан компани хийж чадахгүй. Орлого нь ч бүрдэхгүй, сурталчилгаанд ч хүчрэхгүй. Өнгөрсөн жил бид гаднын мэргэжилтнүүдээр Монголын аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн бий болгох судалгаа захиалж хийлгэсэн. Бүх компанийн цахим хуудас руу орж үзэхэд “Nomad” буюу “Нүүдлийн”, “Чингис” гэсэн үг байгаа нь Монголын топ бүтээгдэхүүн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэтэл яг бодитоор буюу Монголд ирсэн жуулчин “Нүүдлийн”, “Чингис” гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх гэхээр байдаггүй. Уг нь олон зүйл рүү үсчихгүйгээр цөөхөн боловч ирсэн зочин болгон үздэг бүтээгдэхүүн л нэгдэж байгаад гаргах хэрэгтэй байгаа юм. Харин гадаад сурталчилгаагаа хувь хүмүүсээр дамжуулж хийлгэсэн нь үр дүнтэй гэж зөвлөсөн. The Hu хамтлаг, Хакүхо М.Даваажаргал, дуурийн А.Амартүвшин нарын дэлхийд Монголын нэрийг өндөрт өргөн явж буй залуучуудаар дамжуулж хийхгүй бол Монголыг таниулах бүтээгдэхүүн хаана, юу байгааг гаднынхан мэдэхэд хэцүү байна. Үнэндээ манай малчин ийм байдаг, нүүдэлчин амьдрал гоё гэдэг сурталчилгаа явахаа больсон.
Үүнээс гадна залуу үеийнхэн аялал жуулчлалыг урагшлуулахад маш их нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан.
Бүтээн байгуулалтаа тайлбарлах түүх хэрэгтэй
Жуулчдад бүх үйлчилгээг нэг дор үзүүлдэг нэгдсэн аялал жуулчлалын цогцолбор бус ганцхан байшин барьчихаад жуулчин ирнэ гээд суувал хайран мөнгө, цаг хугацаа. Жуулчидтай яг тулж харилцдаг хувийн хэвшлийн бид хамгийн гол нь иж бүрэн төлөвлөлтийг л хүсээд байгаа юм. Бүтээгдэхүүн, бүтээн байгуулалт хоёр тусдаа. Бүтээн байгуулалт бол бүтээгдэхүүний нэг л хэсэг нь.
Жуулчинд нислэгийн тийз захиалж өгөөд, ирэнгүүт нь тосож авч зочид буудалд буулгаж, ресторанд оруулаад, маргааш нь хөдөө явуулчихаж хэн ч чадна. Хамгийн гол нь яаж бүтээгдэхүүний цул нэгдэл бий болгож, цаашлаад тухайн бүтээгдэхүүн нь олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг нь чухал.
Хэрлэнгийн хөдөө арлыг бүтээгдэхүүн болгох гэж байгаа бол тэр санаагаа хөгжүүлээд, энэ нам гүм үед гадаад сурталчилгаандаа ч ашиглаж, олон улсын зах зээл дээр туршилтын журмаар гаргаж яагаад болохгүй гэж.
Жуулчид юуг, хэр зэрэг илүү сонирхож байгааг тандах хэрэгтэй. Хөдөө аралд босож байгаа хөшөөнөөс гадна тэнд жинхэнэ баатар эрсийн морины шоу хийж болно. Гэтэл тэр нь европчуудад таалагдах ч, азиудад таалагдахгүй байж магадгүй.
Тиймээс энэ бүх судалгааг хийж байж л аялалын бүтээгдэхүүн болох иж бүрэн үйлчилгээ, бүтээн байгуулалтаа хэрхэн хийхээ шийдэх хэрэгтэй. Түүхэн аялал жуулчлал бол Монголд огт хөгжөөгүй чиглэл. Тэгэхээр сонирхох хүн хэчнээн байх бол? Яаж сонирхолтой болгох юм? Чингис гэдэг нэрийг дэлхий нийтээрээ мэддэг хэдий ч манай чингис мундаг, дэлхийн дугаар нэг хүн гээд байвал гаднын жуулчид ирэхгүй л байх.
Түүхийн сэдэвтэй бүтээн байгуулалтаар хүн дуудах гэж байгаа бол тайлбарлах түүх бас хэрэгтэй шүү дээ.
Монголчууд их хаанаараа бахархдаг ч Чингисийг “мундаг” гэж магтсаны төлөө баярлаж алгаа ташдаг улс хэд байдаг нь бодох асуудал. Тиймээс аяллын бүтээгдэхүүн гэдэг нь маш их тооцоо судалгаатай, олон хүн оролцсон, хөдөлмөр шингэсэн зүйлийг хэлдэг.
Гүйцэтгэлд суурилсан үнийн систем
Жуулчдад үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйлчилгээний үнэ хоорондоо уялдаа холбоогүй байна. Жишээ нь, зочид буудлын зарлаж байгаа үнэ 120 ам.доллар. Үүн дээр жуулчны компаниуд тодорхой хувь нэмнэ, дараагийн дамжлага болох гадаад зах зээлтэй ажилладаг компаниуд бас нэмнэ. Уг нь зочин авчирдаг компаниуддаа үүнээс хөнгөлөлттэй буюу бөөний үнэ санал болгодог байвал аяллын нийт үнэ хямдрах нэг нөхцөл болдог.
Бусад улсад бөөний үнэ дунджаар 20 хувийн хямдралтай байдаг. Харамсалтай нь манайд бол тоглолтын дүрэм эсрэг. Энэ нь Монголын аяллыг улам л үнэтэй болгодог.
Улмаар 120 ам.долларын үйлчилгээ 150 ам.доллараар жуулчдад хүрч байна. Уг нь олон улсын жишгийн дагуу жуулчны компаниуд зочид буудал, бусад үйлчилгээний байгууллагын бөөний үнийг бариад аяллаа зарж, гүйцэтгэлдээ суурилсан хөнгөлөлт эдэлдэг системтэй болчихвол манай салбарт бие биенээ дэмжсэн нэгдсэн том тоглолтын дүрэм үйлчилж эхэлнэ.
Урамшуулалтай тогтолцоо
Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын туршлагыг харахад төр нь урамшууллын системээр дамжуулж хувийн хэвшлийнхний оролцоог хангадаг. Зарчим нь тун энгийн. Тухайлбал, Хятад гэхэд 20 мянган жуулчин авбал хэдэн юанийн хөнгөлөлт үзүүлэх нь тодорхой байдаг. Энэ хязгаарт нь хүрэхэд компаниуд дангаараа зүтгээд чадахгүй тул нэгдэж нийлээд хөнгөлөлтөө эдэлдэг. Үндсэндээ нэг том толгой компанийн дор зангидагдаж, хамтдаа оролцож байж ашиг хүртдэг. Түүнээс биш нэг нэгээрээ оролцоод ашигтай явна гэвэл хэцүү.
Монгол дээр жишээ авъя. Хар хорины аялалын гурван компани байлаа гэхэд жуулчнаа цуглуулаад үйлчилгээ үзүүлдэг таван компанидаа хуваарилж өгнө. Энэ тохиолдолд сурталчилгаа хийх зовлонг жижиг компаниуд үүрэхгүй, бүтээгдэхүүн үйлчилгээгээ л үзүүлнэ гэсэн. Эсрэгээрээ нэг том концепцийг тур операторуудаар дамжуулж зарах нь илүү ашигтай.
Мэдээж эргээд хөнгөлөлт урамшууллаа авахын тулд тайлан мэдээгээ үнэн зөв өгнө, үүгээр дамжуулж улс үр дүнг нь хянахын зэрэгцээ бодит мэдээлэлд тулгуурласан бодлого, шийдвэр гаргана.
Онгоцны авиа компаниудын хувьд мөн ялгаагүй. Цоо шинэ чиглэлийн шууд нислэг бий болгож, түүгээр жуулчин авчирвал хөнгөлөлт урамшуулал өгнө. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол өвлийн цагт жуулчдын тоотой уялдуулан нислэгийн тийзээ хямдруулбал үр дүнтэй. Манай улс байнгын нислэгтээ найдаад суугаад байвал нэг сая жуулчин авч чадахгүй. Тиймээс зах зээлээ тэлэх боломж бололцоог ашиглах хэрэгтэй.