Эдийн засгийн ойрын төлөв эмзэг бөгөөд тэнцвэргүй байна

Дэнсмаа
2022-09-21 16:44:19
Ангилал: Бизнес

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Эдийн засгийн төлөвийн шинэчилсэн тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг тайланд дурдсанаар Монголын эдийн засгийн нам түвшний аажим өсөлт 2022 онд хадгалагдах боловч инфляц болон урсгал дансны алдагдал өмнөх төсөөллөөс давж өсөх төлөвтэй байгаа аж. Харин гадаад орчны эрсдэл буурч, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудын асуудлууд шийдвэрлэгдэнэ гэсэн эерэг хүлээлтэд үндэслэх юм бол эдийн засгийн өсөлт ирэх онд нэмэгдэх боломжтой гэж үзжээ.  

Шинэчилсэн тайланд 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөлөл 2.3 хувь байсныг бууруулж 1.7, ирэх оны төсөөлөл 5.6 хувь байсныг мөн бууруулж 4.9 хувь болгосон байна.

Энэ нь хилийн боомтууд дахь хязгаарлалтууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар хүлээлтээс илүү удаан хугацаанд үргэлжилсэн, өндөр инфляцийн улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа, зээлийн эрсдэл, зардал нэмэгдсэнээр зээлийн олдоц муудах хандлагатай болсон, мөнгөний бодлогын төлөв үргэлжлэн чангарч байгаа зэрэг хүчин зүйлсээс голчлон шалтгаалжээ.

БНХАУ-тай хиллэдэг боомтуудад хязгаарлалт илүү удаан үргэлжилснээс гадна ОХУ-Украины дайны нөхцөл байдал ужгирч байгаа нь гадаад худалдаа тасалдах, зайлшгүй чухал импортын барааны нийлүүлэлт буурах, импортын үнэ, түүгээр дамжиж дотоодын үнийн түвшин эрс нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар бий болгож, аж үйлдвэрлэлийн салбар болон бизнесийн хүлээлтийг сулруулаад байна. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээврийн салбарт агшилтууд үргэлжилж, аж үйлдвэрлэлийн салбарын сэргэх хугацаа мөн хойшилсон гэж тус банк дүгнэжээ.    

“Эдийн засагт сэргэлтийн анхны шинж тэмдэг бий болж байгаа хэдий ч ойрын төлөв нь эмзэг бөгөөд тэнцвэргүй байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “Инфляц өндөр түвшинд хадгалагдаж, урсгал дансны алдагдал огцом өсөж байгаа нь богино хугацаанд макро эдийн засгийн тэнцвэрийг хангах бодлогын сорилт, шаардлагыг бий болгож байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн бүтцийн дунд хугацааны шинэчлэлийг орхигдуулж болохгүй юм” гэж онцлон тэмдэглэв.

Мөн АХБ-наас Монгол Улсын Засгийн газар 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн талаар мэдэгдэв. Уг зээл нь ургамлын тосноос эхлээд шатахуун, цемент зэрэг бүтээгдэхүүний импортын албан татварыг хөнгөлж, чөлөөлсөн манай улсын төсөвт дэмжлэг болно гэж үзэж байгаа юм. 

БНХАУ-ын өсөлтийн таамгийг бууруулав

Төв банкуудын мөнгөний хатуу бодлого, ОХУ-Украины дайны нөхцөл байдал, КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй БНХАУ дахь удаа дараалсан хөл хорио зэрэг сорилтуудыг харгалзан үзээд Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй эдийн засгуудын өсөлтын төсөөллөө АХБ бууруулсан байна. Тус банкнаас энэ оны дөрөвдүгээр сард гаргасан төсөөллөөр бүс нутгийн эдийн засаг 2022 онд 5,2 хувиар тэлэхээр байсан бол өнөөдөр танилцуулсан шинэчилсэн тайланд 4.3 хувиар өсөх төлөвтэй хэмээн тооцжээ. Ирэх оны өсөлтийн таамаглалыг мөн 5.3 хувь байсаныг  4.9 хувь болгон бууруулснаас гадна бүс нутгийн инфляцийн төсөөллөө нэмэгдүүлжээ. Тодруулбал, Азийн орнуудын энэ оны инфляцийн төсөөллөө 3.7-аас 4.5 хувь , ирэх жилийнхийг 3.1 хувиас 4.0 хувь болгон тус тус нэмэгдүүлсэн байна

Дэлхийн томоохон эдийн засгууд 2022 онд 1.9 хувь, 2023 онд 1.0-хувиар өснө гэж таамаглаж байгаа нь энэ оны эхээр тооцоолж байснаас бага байна. АНУ болон Евро бүсийн орнууд өндөр инфляцаас болж, мөнгөний бодлогоо эрс чангаруулснаар нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал үүсэж, эдийн засгийн эрэлтийг мөн бууруулж байна.

Манай худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн энэ оны өсөлтийг АХБ дөрөвдүгээр сард 5.0 хувь гэж тооцож байснаа 3.3 хувь болгон бууруулсан байна.

Ингэснээр Азийн хөгжиж буй орнууд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд БНХАУ-аас илүү хурдацтай өсөх анхны жил нь 2023 он болохоор байна. 

“Азийн хөгжлийн төлөв 2022” шинэчилсэн тайланд Цахим эриний бизнес эрхлэлт хэмээх тусгай сэдэвт бүлгийг багтаажээ. Энэ бүлэгт цахим бизнес эрхлэлт хэрхэн илүү их өсөлт, инновацыг авчирдаг болох, мөн Азийн орнуудын Засгийн газрууд цахим бизнес эрхлэгчдэд бизнес эрхлэх таатайорчныг хэрхэн бүрдүүлж болохыг судалсан байна.

ЦАХИМ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ 

АХБ-наас гаргасан шинэ индексээс харахад Азийн хөгжиж буй орнуудын 80 хувь нь бизнес эрхлэгчдэд чиглэсэн цахим орчин, тэдгээрийг дэмжих системийн тал дээр дэлхийд сүүл мушгиж байна.Энэхүү индекс нь соёл, институци, зах зээлийн нөхцөл байдал, дэд бүтэц, ажиллах хүчний нөөц, мэдлэг, санхүү болон сүлжээ зэрэг найман чиглэлээр цахимжилтын түвшнийг үнэлж, цахим бизнес эрхлэгчдэд зориулсан орчны чанарыг хэмжсэн байна. Цахим Бизнес Эрхлэлтийн Системийн Дэлхийн Индекст дурдсанаар Сингапур улсыг бизнес эрхлэгчдэд зориулсан цахим орчин, тэдгээрийг дэмжих системтэй дэлхийн шилдэг орноор тодруулсан байна. Уг индекст нийт 113 орныг жагсааснаас АНУ, Швед хоёр, гуравдугаар байрт оржээ. Гэвч хөгжиж буй Азийн 21 орны 17 нь уг жагсаалтын сүүлд бичигдсэн нь бүс нутаг нийтээрээ цахим бизнес эрхлэлтийг хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Цахимжилт нь Ази, Номхон далайн бүс нутгийн бизнесүүдэд үсрэнгүй хөгжих боломж авчрах ихээхэн ач холбогдолтой. Түүнчлэн инновацыг өдөөгч гол хүчин зүйлд тооцогддог

Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд цахим бизнес эрхлэлтийг хөгжүүлэхэд хангалттай хэмжээний дэмжлэг үзүүлэх соёл суугаагүй байгаа нь хамгийн том сул талуудын нэг болж байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг олон нийт төдийлөн үнэлдэггүй байна. 

Энэ байдлыг өөрчлөх нэг арга нь боловсролоор дамжуулан бизнес эрхлэлтийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах явдал бөгөөд “Цахим бизнес эрхлэлт нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засгийг дордуулахгүй байлгахад ихээхэн хувь нэмэр болсон төдийгүй цаашлаад цар тахлын дараах дэлхийн өсөлт, инновацын гол хөдөлгүүр хүч болж чадна” гэж үзэж буйгаа АХБ-ны Ерөнхий эдийн засагч Альберт Парк энэ үеэр танилцуулсан юм. 

 

Дэнсмаа