Корона вирусын айдас маскны импортыг 28.2 дахин өсгөв
Шинэ төрлийн корона вирус дэгдэж, хөл хорио тогтоосон нэгдүгээр сард манай гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Гадаад худалдааны бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар саарсан бөгөөд задалж харвал экспорт 24.4, импорт 6.1 хувиар агшжээ. Харин 2019 оны нэгдүгээр сард гадаад худалдаа 103 сая ам.долларын ашигтай гарч байсан юм.
Нэгдүгээр сарын 31-нд баталсан Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор БНХАУ-тай хиллэдэг 13 боомтоос Даян, Байтаг, Бургастай, Сүмбэр, Хавирга гэсэн авто замын таван боомтыг түр хаасан бол Шивээ хүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Замын-Үүд боомт дээр авто тээвэр болон жолооч нарыг зохих журмын дагуу шалгаж, улсын хилээр нэвтрүүлж буй.
Экспортын 95 орчим хувийг эзэлдэг БНХАУ-ын гаргадаг долоон төрлийн эрдсийн бүтээгдэхүүнээс зэс, молибдений баяжмал, жонш зэрэг түүхий эдийн экспорт саарсныг Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн мэдээллээ. Хэдийгээр нэгдүгээр сард нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 34 сая ам.доллараар илүү байсан ч хоёрдугаар сар гарснаас хойш илт саараад байгааг тэрбээр онцоллоо. Мөн газрын тосны экспорт өнгөрсөн оны нэгдүгээр сараас 246 орчим мянган баррель буюу 10.1 сая ам.доллараар багасчээ. Энэ оны төсөвт уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг төвлөрүүлж, үүний 2.7 их наядыг нүүрс, зэсээс олохоор төлөвлөсөн.
Долоо хоногт 1.94 сая ширхэг амны хаалт импортолжээ
Монголчууд хоёрдугаар сарын эхний долоо хоногт амны хаалт 1.944 сая ширхэгийг импортолсон нь өмнөх сарынхаас 28.2 дахин их, 2019 оны нийт дүнгийн 81 хувьтай тэнцэж байна. Амны хаалтыг 15 аж ахуйн нэгж, найман иргэн дийлэнхийг нь БНХАУ, БНСУ болон Туркээс татаж, нийт 63.6 мянган ам.доллар зарцуулжээ. Эмнэлэг, эмч нарын хэрэглээний амны хаалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу ЭМЯ-аас тусгай зөвшөөрлийн дагуу оруулж ирж байгаа бол энгийн маскны импортод ямар нэг хязгаарлалт тавиагүй байна.
Харин өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хувьд шинэ төрлийн корона вирусээс гадна Хүнань мужаас гаралтай H5N1, Шинжаан мужаас гаралтай H5N6 шувууны томууны вирус давхар дэгдсэнтэй холбоотойгоор өмнөд хөршөөс гахай, тахианы мах, тэжээл, өндөгийг өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүний ангилалд оруулан, импортлохыг бүр мөсөн хориглосон. Амьтны гаралтай бүтээгдэхүүний импорт нэгдүгээр сард 4.1 хувиар буурсан бол ургамал, амьтны гаралтай өөх тосны худалдан авалт 17.1 мянган ам.доллараар багассан байна. Гаалийн статистикаас харвал манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 15 хувийг л өмнөд хөршөөс авдаг. Тиймээс хилийн хоригтой холбоотойгоор хүнсний хомсдолд орох эрсдэл харьцангуй бага юм.
Гэхдээ хориг удаан хугацаагаар үргэлжилбэл машин тоног, төхөөрөмж, шил цемент зэрэг барилгын материал, тавилга, хуванцар бүтээгдэхүүний импортод сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Харин тээврийн хэрэгслийн импорт 17.7 хувиар буурсан нь авто машины импортын дийлэнх нь хувь хүмүүсээр дамждагтай холбоотой. Гаалийн ерөнхий газар нэгдүгээр сард 222.4 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15.7 хувиар багассан үзүүлэлт юм.