Эмэгтэйчүүд яагаад Японы далд капитал болох тухай

Mongolian Economy
2023-11-02 14:19:30
Ангилал: Дэлхий 2023 онд

Японы эдийн засгийн ирээдүй эмэгтэйчүүдээс хамаарна гэж Хүйсийн тэгш байдал хариуцсан сайд асан Мори Масако өгүүлэв.

Төрөлт буурч байгааг өөрчлөх, хүйсийн тэгш байдлыг дэмжих аргуудын талаар Япон олон жил ярьж буй ч багахан ахиц гаргав. Яагаад? Төрөлтийн хувь болон хүйсийн тэгш байдал нь хоорондоо хамааралтай асуудал гэдгийг бид дутуу ойлгож байгаатай холбоотой гэж би үздэг. Гэтэл Засгийн газар үүнийг хоёр тусдаа асуудал гэж үзсээр ирэв.

Ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь төрөлт буурахад нөлөөлдөг гэх итгэл үнэмшил Японд байдаг. Гэхдээ жендэрийн тэгш оролцоог дэмжих болон төрөлтийг нэмэгдүүлэх гэсэн хоёр асуудал нь харилцан зөрчилдөхгүй юм.

Global Gender Gap Index-т Япон улс 146 орноос 116-р байрт бичигддэг. Тус индексийн дөрвөн хэмжүүрээр авч үзвэл улс төр, эдийн засгийн оролцоо тал дээр Япон хамгийн бага оноо авчээ. Жендэрийн тэгш байдлын хувьд бид бусад улсаас хол хоцорч байна. Харин эрүүл мэнд, боловсролын үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авчээ. Манай улсын хүний амын тал хувь нь эрүүл, өндөр боловсролтой, өндөр чадавхтай, ажиллахад бэлэн эмэгтэйчүүд ажээ. Боловсролыг авч үзвэл Япон эмэгтэйчүүдийн 78.2 хувь дээд сургуульд элсэж буй нь OECD гишүүн улсуудын дунд гуравт орох үзүүлэлт юм.

Хүйсийн ялгаа бага баян улсуудад төрөлтийн коэффицент өндөр байгаа нь жендэрийн тэгш бус байдал болон хүн амын тоо буурах нь хоорондоо холбоотойг харуулж байна. Эл холбоо хамаарлыг ойлгох нь аль аль асуудлыг шийдэх түлхүүр юм. Эмэгтэйчүүдийг чадавхжуулах болон төрөлтийг хариуцсан нэг сайд байх ёстой гэж би үздэг. Ингэснээр эдгээр асуудлын хоорондох синержиг дэмжиж, аль алийг нь үр дүнтэй болгож чадна. Хэрэв эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин, ажиллах цаг эрчүүдийнхтэй ижил болж нэмэгдвэл Японы ДНБ 15 хувиар өснө гэж Goldman Sachs банк тооцжээ.

Эмэгтэйчүүдийг чадавхжуулахын тулд Японы Засгийн газар багагүй амжилт гаргасан. Тухайлбал, ажлын байранд эмэгтэйчүүдийг дэмжих хуулийн дагуу мэдээллээ ил болгохыг 2016 оноос шаардаж эхэлсэн бөгөөд эмэгтэй ажилчдын тоог нэмэгдүүлж (сүүлийн 10 жилд 3.4 саяар нэмэгдсэн), эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн хувийг М хэлбэртэй муруй болгож чадлаа (25-44 насны эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт өдгөө 80 хувь болсон). Засгийн газар өдөр өнжүүлэх төвүүдийн багтаамжийг гурван сая болгон нэмэгдүүлж, цалинтай ээжид олгодог хөнгөлөлтүүдийг сайжруулж, цалинтай аавын системийг илүү уян хатан болгон шинэчлэв.

Тус шийдвэр цалингийн ялгааг багасгахад нөлөөлнө.

Эдгээр хүчин чармайлт нь ажиллангаа хүүхдээ өсгөх илүү таатай орчныг бий болгосон юм. Хүүхдээ асрах, ажлаа хийх тэнцвэрийг олох нь илүү хялбар болсон учраас улам олон эмэгтэй ажлаа хийнгээ төрөх болов. Эхнэр нь коллеж төгссөн хосуудын хүүхдийн тоо сүүлийн 19 жилд анх удаа өсөж, 2021 онд 1.74 болсон.

Олон япончууд илүү өнөр өтгөн болохыг хүсэж байна. Гэрлэсэн хосуудын 80-аас дээш хувь нь хоёроос олон хүүхэдтэй болохыг хүсдэгийг нэг судалгаа харуулсан. Дараагийн алхам бол эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах юм. Эмэгтэйчүүд хүүхэдтэй болохын зэрэгцээ ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих орчныг бүрдүүлэх ёстой.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих нь миний гишүүнээр нь ажиллаж буй Кишида Фүмиогийн Засгийн газрын “шинэ капитализм” хөтөлбөрийн гол цөм юм. 2022 оны долдугаар сараас эхлэн 300-аас олон ажилтантай компаниуд эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн ялгааны талаарх мэдээллээ ил болгохыг Засгийн газар шаардаж буй. Японы компаниуд нэр хүндээ унагахаас эмээдэг учир эл алхам цалингийн ялгааг багасгах үр дүнтэй.

Японы эдийн засгийн ирээдүй эмэгтэйчүүдээс хамаардаг гэдэгт би итгэдэг. Тийм учраас би 2022 онд “Эмэгтэйчүүд ба Эдийн засаг” судалгааны бүлгийг байгуулсан. Ерөнхий сайдын тусгай зөвлөхийн хувиар ажиллаж буй туршлагадаа тулгуурлан би өөрийн мэдлэгийг тус бүлэгт зориулах юм.

Эмэгтэйчүүд бол Японы “далд капитал” мөн. Эмэгтэйчүүдийн амжилтад саад болдог бүхнийг арилгаж, тэднийг нөөц боломжоо бүрэн нээхэд туслах ёстой. Ингэх нь эмэгтэйчүүдэд ээлтэй бөгөөд төрөлтийн хэмжээг өсгөж, хүн амзүйн сорилтуудаа даван туулахад нь Японд туслах юм.

Mongolian Economy